Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал өчигдөр дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Энэ хурлын талаар Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, Б.Галаарид нарын байр суурийг хүргэе.
Б.Галаарид: Үгээ хэлэх эрх чөлөөгөө оллоо |
| Э.Долгион: Өдөр тутмын сонингууд бие даана |
Өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17 –р их хурал хуралдаж, миний бие 2011 оноос хойш хашсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээх хүндэт албаа дараагийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт өглөө. Оны өмнө л ярилцлага өгөхдөө хэлж байсан ёсоороо тамгаа авч зулралгүйгээр газар дээр нь гардууллаа. Хадаг, мөнгөн аяга энэ тэр бэлдсэнгүй ээ. Харин 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 ам.метр офисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тавьж өглөө. МСНЭ-гээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ. МСНЭ-ийн Удирдах зөвлөл 2018.01.08-нд хуралдаж ээлжит их хурлаа 2018.02.08-нд хийхээр товлож, үүнийгээ нийтэд албан ёсоор зарлаж, их хурлын бэлтгэл зохион байгуулалтыг хангах асуудлыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч болон ажлын албанд даалгасан. Үүний дагуу өөрийн вэбсайтдаа “МСНЭ-ийн ээлжит XVII их хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 08-ны Пүрэв гарагт хуралдуулахаар МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаас товлосон болохыг үүгээр зарлан мэдэгдэж байна. МСНЭ-ийн гишүүд, гишүүн байгууллагууд 2018.01.20-ны дотор татварын болон бусад тооцоогоо барагдуулна уу! МСНЭ-ийн ажлын алба. 2018.01.09” http://cmj.mn/news/238–.html гэсэн зар манайх байршуулсан. Бусад сувгаар ч хэл хүргэж, зар тараасан. Удирдах зөвлөлийн дараагийн хурлаа 2018.01.22-нд хийж Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох асуудлыг хэлэлцээд
– нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдахаар болсон. Их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо:
Ажлын алба энэ шийдвэрийн дагуу маргааш нь албан ёсоор зараа гаргаж, Удирдах зөвлөлийн олонхийн саналын дагуу татвар төлөлтийн сүүлийн хугацааг2017.01.29-ний Даваа гариг болгосноо бас мэдэгдсэн. http://cmj.mn/news/241–xvii-.html 2018.02.06-ны өдөр Удирдах зөвлөл сүүлчийн хурлаа хийж, их хурлаа хэрхэн зохион байгуулах, мандат хуваарилах асуудал хэлэлцсэн. Миний зүгээс татвараа хариуцлагатай төлсөн, МСНЭ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг гишүүддээ эн тэргүүнд мандат олгоё гэсэн санал тавьсан. Хуралд оролцсон Удирдах зөвлөлийн 8 гишүүний нэг нь энэ саналыг дэмжиж, үлдсэн 7 нь санал нэгтэйгээр эсэргүүцсэн. Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж “Монголын сэтгүүлчдийн эрхийг татвараар хаан боогдуулж болохгүй” гэдэг үндэслэл гаргасныг бусад нь дэмжсэн. Ингэснээр татварыг бол мандат авах үедээ төлсөн ч болно, сэтгүүлчдийн оролцоог хангая гэж олонхоороо тогтсон. Гэхдээ их хурлын төлөөлөгчийг 10 сэтгүүлчээс 1 төлөөлөгч гэсэн зарчмаар сонгосон юм чинь татвараа төлсөн 10 сэтгүүлчээс 1-д нь мандат олгоно гэж тохирсон. Мөн мандат хуваарилах ажлыг мэргэжлийн төвүүд шийднэ, Ажлын алба техник ажлыг нь хийж гүйцэтгэнэ гэж олонхоороо шийдсэн. Ингэснээр телевизийн салбарын 70 мандатыг ямар телевиз, гишүүнд өгөх эрх УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь, радиогийн салбарын 30 мандатыг Радиогийн төвийн дарга Б.Баярсайхан, сонин сэтгүүлийн 50 мандатыг Сонин сэтгүүлийн төвийн дарга Д.Заяабат, сайтуудын 50 мандатыг Цахим мэдээллийн төвийн дарга Жаргалсайхан, сургалт судалгааны салбарын 20 мандатыг Сургалт судалгааны төвийн дарга Ж.Батбаатар, орон нутгийн хэвлэл мэдээллийн 55 мандатыг Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж, төвийн дарга Энхбаатар нар хариуцан хуваарилах болсон. Их хурлын төлөөлөгчдийн 9,8 хувь болох ахмад сэтгүүлчдийн 30 мандат хуваарилах үүрэг Ажлын албанд ногдсон. Өөрөөр хэлбэл, надад нэг ч мандат хуваарилах эрх байгаагүй. Оролцохыг хүсээ ч үгүй. Ахмад сэтгүүлч, МУСГЗ Галсангийн Жамъян гуайн захидал [https://www.facebook.com/profile.php?id=100008789648865] 2018.02.06 буюу МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлын өдөр МСНЭ-ийн ажлын албанд ирсэн. Ахмад хүний хүсэлтийг хүндэтгээд би ганцхан түүнд л урилга өгсөн. Энэ их хуралд миний шийдэж оруулсан ганц зочин бол Г.Жамъян гуай байв. Их хурлын төлөөлөгчдийн нэрс зарим төвүүдээс өгөх нэрс удааширснаас болж 2018.02.07-нд нэлээд оройтож тодорхой болсон бөгөөд ажлын алба бүгдэд нь бичилт хийж өгсөн байдаг. Хоёр өдрийн өмнө буюу 2018.02.06-ны Удирдах зөвлөлийн хурал дээр энэ дүрмийн төслийг алагаараа харж, араваараа тэмтэрч Их хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байсан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь, Д.Заяабат, Ц.Шаравдорж, Энхбаатар, М.Наранбаатар нар маань тэднийг даган хурал орхиход л энэ бол дүрмэндээ биш, шалтагтаа байгаа юм байна гэдгийг би ойлгосон. МСНЭ-ийн гишүүн байгууллагуудад зориулсан “Хэвлэл мэдээллийн салбараас олж буй хууль ёсны бизнесийн ашиг орлого, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бизнесийн үйл ажиллагаа, ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалуулах” гэдэг томъёоллоо би буруу гэж үзэхгүй. Хэвлэл мэдээлэл бол бизнес мөн гэдэг үнэний хаагуур нь гарах гээд байна аа? МСНЭ-ийн их хурал өглөө нь 232 төлөөлөгчтэйгээр эхэлсэн. Хэсэг нөхөд хурал орхисны дараа төлөөлөгчдөө тоолж үзэхэд танхимд мандаттай төлөөлөгч 188 үлдсэн, ирц хангалттай учраас хурлын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэн дүрмээ баталж, Ерөнхийлөгч, Бага хурал, Хяналтын зөвлөлөө баталсан. Ерөнхийлөгчид Х.Мандахбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Энхтуяа нар нэр дэвшин өрсөлдсөн. Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 181 хүн оролцсон. Өөрөөр хэлбэл ирц хангалттай байсан. Товчхондоо ийм л юм болж өнгөрлөө. МСНЭ бодвол албан ёсны мэдээгээ түгээх байлгүй. Түүнээс биш албан бус мэдээллүүд бол янз бүр л байна даа. Их хурлын төлөөлөгчдийн 9,8 хувь нь ахмадууд байхад 80 хувь нь хөгшчүүд цугласан байна гээд л их хурлын төлөөлөгч нь өөрөө жиргээд сууж байгаа үед албан бус мэдээлэл, мушгин гуйвуулсан мэдээлэлд итгэх нь өөрийгөө л хуурсан хэрэг болно. Ийнхүү миний бие МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгчихөөд 2008.02.08-ны үдшийн зөөлөн зөөлөн буух цасан хялмаан дор хэдэнтээ гүнзгий амьсгаа аваад амраг хань, алаг үрсдээ очихоор хөлсний тэргэнд гар өргөн суух үед “За ингээд би гэдэг хүн сэтгүүлчийнхээ хувьд үгээ чөлөөтэй хэлэх эрхтэй боллоо” гэсэн баярт бодол сэтгэл эзэмдэв. Яагаад гэвэл МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд хэлэх хэлэхгүй үг, хийх хийхгүй үйл гэсэн хориг хязгаар нь эгэл сэтгүүлчээс хавьгүй их билээ. |
| Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд өчигдөр /2018.02.08/ болж өндөрлөлөө. Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон ба үүнээс 180 гишүүн санал хураалтад оролцов. Нийт санал өгсөн гишүүдийн 177 саналыг хүчинтэйд тооцож Х.Мандахбаярыг олонхын саналаар ерөнхийлөгчөөр сонгосон. Хурлын үеэр өдөр тутмын сонины холбооны зарим гишүүд хурлыг орхин гарч эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2018.02.09/ хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр өдөр тутмын сонины холбооны тэргүүн Э.Долгион дараах тайлбарыг өгөв. Тэрбээр “Өчигдөр өдөр тутмын сонины холбооныхон МСНЭ-ийн их хурлыг орхин гарсан. Юуны өмнө ахмад сэтгүүлчдээсээ хурлыг орхин гарсан явдалд уучлал хүсье. Гэхдээ ингэхээс өөр арга байгаагүй. Хурлыг орхин гарсан шалтгаан нь хурал яагаад хаалттай явагдсан юм. Энэ хуралд бүх л сэтгүүлчид оролцох ёстой. Хоёрдугаарт бид нарт дүрмийн төслийг уншиж танилцах хугацаа өгөөгүй. ТББ-ийн тухай хуульд зааснаар ямар нэгэн дүрмийн өөрчлөлтийг батлуулахын тулд хамгийн багадаа тав хоногийн өмнө танилцуулж, түгээсэн байх ёстой. Төлөөлөгчид өчигдөр хуралдаа ирээд дүрмийн төсөлтэй танилцсан. Огт уншаагүй дүрмийн төслийг гурван цаг хүрэхгүй хугацаанд баталсан нь хуумгай явдал боллоо гэж дүгнэж байна. Бид нарт яаран сандран байж дүрмийн төсөл батлахыг шаардсан учраас хурлыг орхин гарсан. Бид МСНЭ-ийн ерөнхийлөгчийн санал хураалт эхлээгүй байхад хурлыг хаясан. Нийт дөрвөн нэр дэвшигч байсан. Түүнээс нь гурав нь хурлаа орхисон. Сэтгүүлчдийн төв байгууллагыг зарим хүмүүс аль нэг намын харьяанд аваачих гээд байна. Биднийг хашиж улс төрийн харьяанд оруулж байгаа нь шударга бус. Батлагдсан дүрэм нь хуудуутай дүрэм болсон. МСНЭ дүрэм гэдэг бол сэтгүүлчдийн үндсэн хууль юм. Уг дүрэмд ашиг сонирхлын маш олон зөрчилтэй зүйл байсан. Тэрийг яагаад хэн ч сөхөхгүй байгаа юм. Иймд өдөр тутмын сонины холбоо хуралдаж, цаашид өдөр тутмын бүх сонинууд МСНЭ-ээс бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахаар болсон гэдгээ дуулгамаар байна” гэж мэдээллээ.
|