Э.Долгион: Өдөр тумын сонингууд бие даана

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Э.Долгион: Өдөр тумын сонингууд бие даана

Э.Долгион: Өдөр тумын сонингууд бие даана

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд өчигдөр /2018.02.08/ болж өндөрлөлөө. Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон ба үүнээс 180 гишүүн санал хураалтад оролцов. Нийт санал өгсөн гишүүдийн 177 саналыг хүчинтэйд тооцож Х.Мандахбаярыг олонхын саналаар ерөнхийлөгчөөр сонгосон.


Хурлын үеэр өдөр тутмын сонины холбооны зарим гишүүд хурлыг орхин гарч эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2018.02.09/ хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр өдөр тутмын сонины холбооны  тэргүүн Э.Долгион дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр “Өчигдөр өдөр тутмын сонины холбооныхон МСНЭ-ийн их хурлыг орхин гарсан. Юуны өмнө ахмад сэтгүүлчдээсээ хурлыг орхин гарсан явдалд уучлал хүсье. Гэхдээ ингэхээс өөр арга байгаагүй. Хурлыг орхин гарсан шалтгаан нь хурал яагаад хаалттай явагдсан юм. Энэ хуралд бүх л сэтгүүлчид оролцох ёстой. Хоёрдугаарт бид нарт дүрмийн төслийг уншиж танилцах хугацаа өгөөгүй.

ТББ-ийн тухай хуульд зааснаар ямар нэгэн дүрмийн өөрчлөлтийг батлуулахын тулд хамгийн багадаа тав хоногийн өмнө танилцуулж, түгээсэн байх ёстой. Төлөөлөгчид өчигдөр хуралдаа ирээд дүрмийн төсөлтэй танилцсан.  Огт уншаагүй дүрмийн төслийг гурван цаг хүрэхгүй хугацаанд баталсан нь хуумгай явдал боллоо гэж дүгнэж байна. Бид нарт яаран сандран байж дүрмийн төсөл батлахыг шаардсан учраас хурлыг орхин гарсан. Бид МСНЭ-ийн ерөнхийлөгчийн санал хураалт эхлээгүй байхад хурлыг хаясан. Нийт дөрвөн нэр дэвшигч байсан. Түүнээс нь гурав нь хурлаа орхисон.

Сэтгүүлчдийн төв байгууллагыг зарим хүмүүс аль нэг намын харьяанд  аваачих гээд байна. Биднийг хашиж улс төрийн харьяанд оруулж байгаа нь шударга бус. Батлагдсан дүрэм нь хуудуутай дүрэм болсон. МСНЭ дүрэм гэдэг бол сэтгүүлчдийн үндсэн хууль юм. Уг дүрэмд ашиг сонирхлын маш олон зөрчилтэй зүйл байсан. Тэрийг яагаад хэн ч сөхөхгүй байгаа юм. Иймд өдөр тутмын сонины холбоо хуралдаж, цаашид өдөр тутмын бүх сонинууд МСНЭ-ээс бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахаар болсон гэдгээ дуулгамаар байна” гэж мэдээллээ.

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж