Н.Энхбаяр намын даргаар улиран сонгогдох уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр намын даргаар улиран сонгогдох уу?

Н.Энхбаяр намын даргаар улиран сонгогдох уу?

МАХН-ын II чуулган өнөөдөр /2018.02.09/ Корпорэйт зочид буудалд үргэлжилж байна. Чуулганыг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавьж, БНМУ-ын дээд үндсэн хуулийн төсөл боловсруулсан талаараа болон МАХН ирэх дөрвөн жил ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Мөн өнөөдрийн хурлаар МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох юм байна. Түүнчлэн МАХН-ын II их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгохоор төлөвлөжээ. Долоон жилийн дараа болж буй их чуулганд  аймаг, сум, дүүрэг, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар МАХН-ын 1044 төлөөлөгч намын удирдлагад хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт олон нийтийн дунд бий. Түүнчлэн намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарт өнгөрсөн сонгуулиудад ялагдсан хариуцлагыг хүлээлээлгэж, шинэ удирдлагууд томилох болов уу гэсэн яриа гарч байсан. Тэгвэл МАХН-ын даргад Н.Энхбаярыг улираан сонгохоор төлөвлөж байгаа талаар МАХН-ын гишүүд онцолж байна.


МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

-МАХН бол ард түмний нам. Энэ утгаараа ард түмэн юу хүсч байгаа, сайхан амьдрал бий болгохын тулд бид юу хийх вэ гэдэг дүрмээ шинэчлэн батлах чухал хурал юм. Бид хамтын ардчиллыг үзэл баримтлалынхаа чухал баримт болгож байгаа нь онцлог.  МАХН-ын дүрэмд хариуцлагатай, ард түмэндээ үйлчлэх өөрчлөлтүүд оруулж байгаа. Улс төрийн хүрээнд улам хүчтэй, хариуцлагатай байж ард түмнийхээ төлөө үйлчилнэ. Хариуцлагагүй зарим нэг хүмүүс, өөрийнхөө намын эсрэг сурталчилгаа хийгээд явж байгаа хүмүүст хариуцлагатай байхаар тусгасан. Бидэнд итгэсэн гишүүд, ард түмэндээ хариуцлагатай, үр дүнтэйгээр үйлчлэхийн төлөө хийж байна. Миний хувьд МАХН-ын давуу тал бол хүчтэй лидер. Тиймээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин намын даргад нэр дэвшүүлнэ.


МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж:

-Чуулганаар хэлэлцэх нэг чухал асуудал бол Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл. Энэ төслөө сонгогдон ирсэн төлөөлөгчдөөр хэлэлцүүлнэ. Түүнээс гадна МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Аливаа их чуулганы дараа бүтэц, зохион байгуулалт хэлэлцдэг. Тэр журмаараа МАХН-ын даргаар ардчилсан журмаар нэр дэвшиж, дэвшүүлэх эрхтэй. 2011 оноос МАХН маш хүнд хэцүү цаг үеийн туулсан. МАХН-ыг улс төрийн тавцангаас зайлуулах явцад намын дарга Н.Энхбаяр намаа удирдаж ирсэн. Өнөөдөр МАХН-ын даргад өрсөлдөх, хамгийн боломжтой хувилбар бол Н.Энхбаяр гэж бодож байна.


-МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлж, их хурлаа хийснээс хойш долоон жилийн дараа бид II чуулганаа хуралдуулж байна. Долоон жилийн хугацаа бидэнд их түүх бүтээж, тэмцэл өрнүүлсэн, ханилж яваа найз нөхдөө таньсан, тэмцлийн шуургатай жилүүд байлаа. Өнгөрсөн хугацаанд бид намынхаа  чуулганыг зохион байгуулах боломж олгоогүй. Их хурлаар намын дарга бүтцийн асуудал ярих ч гол зүйл нь хөгжлийн зөв гарц юм. Нам цаашид юу хүрэх, ямар чиглэлээр ажиллах, алсын хараа юу байх гэдгээ тодорхойлохын тулд ард түмний саналыг тусгасан  Монгол Улсын дээд үндсэн хууль төслөө боловсруулсан. Намын даргад хэн байх вэ гэдэг санал асуулгыг их чуулганы өмнө намын анхан шатны байгууллагын гишүүдийн дунд явуулж нэгтгэсэн. Тэр саналыг үндэслэж 100 хувийн саналаар Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж