ОХУ-ын хос боломжит 10 оноог авлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

ОХУ-ын хос боломжит 10 оноог авлаа

ОХУ-ын хос боломжит 10 оноог авлаа

БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ.

Олимпийн наадмын спортын төрлүүд өчигдөр кёрлингийн холимог баг болон трамплин харайлтаар эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс каннэ ордонд уран гулгалтын багийн төрлийн тэмцээн эхэллээ. Энэ төрөлд Канад, БНХАУ, Франц, Израиль, Япон, Герман, АНУ зэрэг 10 орны баг өрсөлдөж байна. ОХУ-ын баг Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцож байгаа билээ.

Өнөө өглөө эрэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын богино үзүүлбэр болж, багийн эхний үзүүлэлт гарч ирлээ. Багийн үзүүлбэр өнөөдөр болон хоёрдугаар сарын 11, 12-ны өдөр болж, медальтнууд тодорно. 

2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Шома гүйцэтгэлээрээ 103.25 оноог авч хамгийн өндөр оноо болох 10 оноог багтаа авсан бол Израилын Алексей Вученко 88.49 оноогоор 9 оноог авлаа. Тэгвэл олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Канадын Патрик Чан 81.66 оноогоор 8 оноо авчээ. Олимпийн наадмыг зохион байгуулагч орны гулгагч Ча Жүн Хван гүйцэтгэлээрээ 77.70 оноог авснаар багийнхаа анхны 5 оноог авлаа.

Уран гулгалтын багийн төрлийн хосын богино үзүүлбэр үдээс өмнө болж, дүнгээ гаргалаа. Энэ төрөлд Оросын олимпийн багийн хос Евгений Тарасова, Владим Морозов нарын үзүүлбэр  80,92 оноог авснаар 10 оноог авч чадсан бол Канад, Германы хослол 9, 8 оноог багтаа нэмэрлэлээ. Тэгвэл Японы хослол 3, Израилийн 2 оноог авсан бол БНСУ-ын хослол 52.10 оноогоор сүүлийн 1 оноог авсан юм. 

Уран гулгалтын багийн төрөл хоёрдугаар сарын 11-д мөсний бүжиг болон эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрээр үргэлжилнэ. Шийдвэрлэх сүүлийн үзүүлбэр ирэх даваа гаригт буюу хоёрдугаар сарын 12-д эрэгтэй, эмэгтэй чөлөөт болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэрээр өндөрлөж, олимпийн наадмын медальтнууд тодрох юм.

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж