УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчид хангалтгүй ажилласан гэж дүгнэв.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:
Агаарын бохирдлын асуудлаар УИХ-аас тогтоол гаргасан. Цаг тухайд нь шийдэх үүргийг УИХ-аас өгсөн. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тогтоолыг зөрчиж байна. Цэвэр агаарын тухай хуулийг намрын чуулганаар амжиж батлах үүрэг өгсөн ч хийсэнгүй. Дараа нь олон татвар нэмээд, эргэж буцсан шийдвэр гаргасан. Буцаасан татвараас үүдэд төсөвт тодотгол хийх ёстой байсан ч хийгээгүй. Тиймээс ээлжит бус чуулган зарлах байх гэж харж байна. Өнгөрсөн хоёр жилд томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал хүлээгдэж байна. ОУВС Сангийн яамтай уулзахдаа нэг үнэн зүйл хэлсэн байна. Эдийн засгийн өсөлт та бүхний гавъяа биш. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэдгийг сануулсан байна.
УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгаа сэргээх бодлого Засгийн газарт дутагдалтай байна. Ялангуяа УИХ-аас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн. Нөгөө л хэдэн хуулиа баталснаас өөр зүйл хийсэнгүй. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн шалтгаан нь манай экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотой. 2017 онд нүүрсний үнэ 81 хувь, цайрын баяжмал 34 хувь, төмрийн хүдэр 23, түүхий нефть 18, алтны үнэ 15 хувь, зэсийн баяжмал 8 хувиар тус тус өссөнтэй холбоотой.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
-Төрийн байгууллага төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар хяналт хийгээд явна. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн байна. Энэ үйлдлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давсан орлогоос авсан гэж тус газраас тайлбарласан. Төсөв хүнд байна гэж эрх баригч намынхан ярьдаг. Гэтэл 2017 онд 374,1 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт хийсэн байна. Үүний нэг жишээ нь 360 сая төгрөгөөр авто машин худалдан авсан явдал юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарцуулах ёстой мөнгөөр хууль зүйн сайд машин авсан нь хууль бус үйлдэл юм. Ц.Нямдорж сайд машин аваад өг гэж хэлээгүй байх. Энэ бол ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхдийн хийсэн үйлдэл юм. Цаашид 374 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалтыг олон нийтэд ил болгоно.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:
-2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9 хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан.