Тайваньд буй оюутнуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Тайваньд буй оюутнуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Тайваньд буй оюутнуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Тайванийн зүүн эргийн Хуалиан хотод мягмар гаригт /2018.02.06/ 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөөс хойш 24 цагийн дараа буюу лхагва гаригт /2018.02.07/ дахин 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлж байсан. 

Өнөөдрийн байдлаар, газар хөдлөлтийн хүч буурсан байдалтай ч газар чичирхийлэл мэдрэгдсээр байгаа аж. 

Газар хөдлөлтийн голомт болох Хуалиан хотын Цжучи их сургуульд зургаан монгол оюутан, Дунва их сургуульд 10 монгол оюутан тус тус суралцдаг. Гадаад харилцааны яамны зүгээс Цжучи их сургуулийн дөрвөн оюутныг өчигдөр өглөө /2018.02.08/ Тайпей рүү нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг өгсөн.

Харин  Дунва их сургуулийн арав гаруй оюутнууд газар хөдлөлтийн голомтын бүсэд байгаа талаар нийгмийн сүлжээгээр мэдэгдэж, ар гэрийнхэндээ дуулгаж, тусламж хүсч байсан талаар бид мэдээллэсэн билээ. 

Дээрх мэдээллийн дагуу Тайвань дахь төлөөлөгчийн газраас  өчигдөр орой 23 цагийн үед тэдгээр оюутнуудтай холбогдож, өнөөдөр өглөө 10 цагаас эхлэн Тайпей рүү нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар, долоон оюутан галт тэрэгээр Тайпей рүү нүүлгэн шилжүүлж байгаа аж. Галт тэрэгний тасалбар дууссан тул хоёр оюутанг 14 цагийн үед нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай Б.Амарзаяа охин хэлж байна. 

Мөн дөрвөн оюутан өөрийн хүсэлтээр үлдэхээр болсон гэнэ. Б.Амарзаяа охины хувьд газар хөдлөлт болсноос хойш тэдгээр дөрвөн оюутантай уулзаагүй  байгаа тул яагаад үлдэхээр болсон шалтгааныг нь мэдэхгүй байгаа гэв. 

Дээрх оюутнууд бакалаврын түвшинд суралцдаг, 1997-1999 оны хүүхдүүд байгаа аж.

Дашрамд мэдээллэхэд, Бид Б.Амарзаяа охинтой фейсбүүк хуудсаар нь холбогдож, Тайваньд байгаа оюутнуудын талаарх мэдээллийг авч байна. Гадаад харилцааны яамнаас өнөөдөр 16 цагт дээрх асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл хийхээр болсон. Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.

 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж