Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Намрын дараалал

Наймдугаар сарын 12. Үдийн 13 цаг. Улсын бүртгэлийн газрын арын талбайд хүн их. Тус газар машин замын хажууд байрладаг болохоор тийшээ зорих хүмүүс багагүй түгжрэл үүсгэж байлаа. Энэ их хүмүүсийн зарим нь иргэний үнэмлэхээ хүчингүй болгох гэж, зарим нь гадаад паспортоо авах гэж ийшээ цувж, дараалал үүсгэж байгаа нь энэ. Нэгэнт наймдугаар сар дундаа орсон болохоор наймаачдын сезон эхэлж буй нь тодорхой. Үүнийг дагаад гадаад паспортоо сунгуулах гэсэн хүмүүс чамгүй.

Намрын улирал ч эхэлж хөдөөнөөс хот руу шилжих хүмүүс ихэсч буй болохоор хаягаа шилжүүлэх гэсэн хүмүүс дарааллыг нэлээн урт болгожээ. Иргэний үнэмлэхийг шинээр авах, хаягаа шилжүүлэхэд оршин суугаа харьяа дүүрэг, хорооныхоо Засаг даргын Тамгийн газарт очих ёстой ч хөдөөнөөс ирээд байгаа хүмүүсийн хувьд шууд улсын бүртгэлийн газар ирж урт дараалал үүсгэдэг тогтолцоо үйлчлээд нэгэнт уджээ. “Жилийн жилд л ийм байдаг шүү дээ. Ер нь зөвхөн намар ч биш хавар, өвөл, намар байнга л ийм урт дараалалтай байдаг юм. Иргэний бүртгэлийн газар цөөхөн хүнтэй байхыг би л санахгүй юм байна” гэж тэнд дугаарлаж байсан Т.Баторших хэлж байсан юм. Түүний хувьд гадаад паспортын хугацаагаа сунгуулах гэж байгаа нь энэ. Гадаад паспортыг сунгуулахад 35 мянган төгрөг байдаг ажээ. Дугаарлаж байгаа зарим хүмүүс өглөө эрт ирээд зогссон ч зорьсон ажлаа бүтээгээгүй байгаа гэх. Харин зарим нэг хүмүүс нь тэнд зогсч буй зарим нэгнээс арай хожуу ирсэн боловч ажлаа бүтээгээд гарч оджээ. Энэ шалтгаанаас болоод тэнд дугаарлаж байгаа ихэнх хүмүүсийн уур нь хүрч байгаа нь илт. Харин үйлчилгээнд ажиллаж байгаа Улсын бүртгэлийн газрын ажилчид “Та нар хүлээцтэй бай. Бид та нарт өнөөдөртөө багтааж үйлчилж чадна” гэж бухимдалыг дарах арга хэмжээг авч байлаа. “Энд байгаа хүмүүс өөрсдөө хүлээцгүй дараалалдаа зогсч байгаа хүмүүсийг дугаар дайрлаа гээд загнаад байдаг. Хөдөөнөөс хотод ирж байгаа хүмүүсийн хаягийг солих юм уу, шинээр иргэний үнэмлэх олгох асуудал маш их байдаг. Яг үнэндээ энэ асуудлыг шийдэхгүй бол эдгээр хүмүүс ачаалал ихэсгэж байдаг юм шүү дээ” гэж Улсын бүртгэлийн газрын нэгэн ажилтан хэлж байсан юм. Ажилчид нь үйлчлүүлэгчдэд, үйлчлүүлэгчид нь ажилчиддаа буруу өгсөөр хэдэн жилийг ардаа орхижээ. Энэ талаар удирдах албан тушаалтнаас нь тодруулах гэсэн боловч амралт нь дуусаагүй эсвэл ажилдаа ирээгүй гэсэн шалтгаанаар тодруулга авч чадаагүй юм.

Улсын бүртгэлийн газрын ажилчдын хэлж буйгаар намрын цагт ачаалал нэлээд ихэсдэг ажээ. Учир нь хотод ирж шилжин суурьшигчид нэмэгдэж, наймаанд явах гэсэн хүмүүс ч давхар нэмэгддэг болохоор ачааллыг нэмэгдүүлдэг гэх. Гэвч ачаалал их байсан ч тодорхой арга хэмжээг холбогдох байгууллагаас нь авахгүй байсаар ажилчид нь ч, үйлчлүүлэгчид нь ч энэ байдалд дасчээ. Энэхүү байдлыг засвал ажилчид болон үйлчлүүлэгчид нь ашигтай байдал үүсэх боломжтой юм.

Яг энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг Английн байгууллага. Утсаар болон цахим шуудангаар хэрэглэгчдээс хүсэлтийг нь авч тухайн хүнд хэдэн цагаас ирэхийг нь хэлж өгдөг ажээ. Бүх зүйл нь цахим систем рүү шилжсэн учир тэнд хэдэн арван минут дугаарлах хэрэг огт байдаггүй гэх. Яг ийм систем рүү шилжээд бараг 15 гаруй жилийг үдэж байгаа ажээ. Япон улсад ч гэсэн цахим систем рүү шилжсэн учир дугаарлах хэрэг огт байдаггүй аж. Тухайн хэрэглэгчид гадаад паспорт болон иргэний үнэмлэх авах цагийг нь долоо хоногийн өмнө илгээдэг орчин үеийн тогтолцоотой юм байна.

Харин манай оронд энэхүү хоцрогдсон тогтолцоог хэрэглээд нэгэнт дасчээ. Гэвч ажилчид болон үйлчлүүлэгчид нь бүгд энэ тогтолцоог солих хүсэлтэй байсан нь ажиглагдсан юм. Хөгжилтэй орнуудад энэхүү хоцрогдсон тогтолцоог 15 гаруй жилийн өмнөөс мартсан байхад харин манайд мэдээллийн гэх тодотголтой XXI зуунд ч энэ тогтолцоог мартаж чадахгүй л байна.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж