Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн хамгийн том компани “Корейн Эйр”-ийн өв залгамжлагч Чо Хён –А 2014 онд самарны дуулианаас болж, компанийн дэд захирлын албан тушаалаасаа халагдаад зогссонгүй шоронд хоригдсон. Бизнес ангиллын нислэгээр зорчиж явсан дэд захирал Чо Хён –А самар авчирч өгсөн онгоцны үйлчлэгчийг аяганд хийж өгсөнгүй хэмээн “сэлэм эргүүлж”, онгоцноос хөөж буулгасан нь олон улсын нислэгийн түүхэнд хамгийн шуугиан тарьсан хэрэг болсон юм.
Гэтэл өнгөрсөн сарын 13-нд Пёнчаны олимпийн галт бамбарыг Сөүл хотод авчрахад энэ хэрэг дахин сөхөгдсөн юм.
Өвлийн олимпийн наадмыг Өмнөд Солонгост анх удаа зохион явуулахад жинтэй үүрэг гүйцэтгэсэн Ханжин группийн ерөнхийлөгч Чо Ян Хо олимпийн галт бамбарыг аялуулахад түүний охин Чо Хён –А дагалдан явжээ.
Гэвч олон улсад телевизээр шууд дамжуулан үзүүлсэн энэ үйл явдалд Чо Хён-Аг оролцуулсан нь хэр зохистой эсэхэд олон хүн эргэлзсэн билээ.
Харин компанийн дэд захиралд самар аягалж өгөөгүйгээс болж онгоцноос хөөгдөж буусан онгоцны үйлчлэгч Пак Чан Жинд дээрх явдлаас хойш уйлах ч хэцүү болсон гэнэ.
Пак Чан Жин хэдийгээр ажлаасаа халагдчихалгүй үлдсэн ч гэлээ бизнес ангиллаас энгийн ангилал руу зэрэглэл буурч, суултуур угааж шийтгүүлэх болжээ.
Тэрбээр “Би ажилдаа дуртай, жирийн л үйлчлэгч байсан. Гэтэл санамсаргүй болсон энэ хэргээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн” гэжээ.
Өмнөд Солонгосын нийгэмд гүн шингэсэн өв залгамжлах соёлын нөлөөгөөр тус улсад баян хоосны ялгаа улам нэмэгдэж байгааг судлаачид анхааруулж байгаа юм. Дээрх самарны дуулиан бол БНСУ-ын улс дотор улс байгуулсан баян компанийн өв залгамжлагч нарын дураараа дургих байдал хэрээс хэтэрсний сүүлийн үеийн тод жишээ болсон юм.
Солонгосын нийгмийн дундаж давхаргын иргэд энэхүү соёлын хохирогч болсон олон тохиолдол бий бөгөөд иргэд жирийн иргэдэд үйлчилдэг хууль баячуудад үйлчлэхгүй байгаа талаар гомдоллох болжээ.
Хамгийн сүүлийн жишээ бол авлигын хэргээр таван жилийн хорих ял авсан Самсунг корпорацийн өв залгамжлагч Ли Жэ Ён өнгөрсөн даваа гаригт шоронгоос суллагдсан явдал юм. Давж заалдах шатны шүүх түүний ялыг 2.5 жилийн тэнсэн харгалзах ял болгож өөрчилж юм.
Самсунг корпораци олимпийн наадмын албан ёсны ивээн тэтгэгч, гол түнш учраас Ли Жэ Ён өнөөдөр Пёнчаны олимпийн наадмын нээлтэд оролцох ажээ.
Өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан Өмнөд Солонгосын засгийн газар нийгэм, эдийн засаг дахь баян хоосны ялгааг арилгаж, Кореан Эйр болон Самсунг шиг томоохон компаниудын эрх мэдлийг хязгаарлахаа амласан билээ.
Гэвч улс дотор улс байгуулсан том компаниудын өв залгамжлагчидтай холбоотой хэргүүд Өмнөд Солонгосын нийгэмд гүн гүнзгий шингэсэн өв залгамжлах соёлыг өөрчлөх амаргүй гэдгийг харуулж байгаа юм хэмээн судлаачид хэлж байна.
“Энэ асуудал бол ерөнхийлөгч өөрчлөгдсөнөөр алга болчих зүйл биш гэдгийг “Самсунг”, “Кореан Эйр”-ийн саяхны жишээ харууллаа. Ийм нийгмийг бүхэлд нь өөрчлөхөд их цаг хугацаа шаардлагатай” хэмээн Хонгик их сургуулийн профессор ярьжээ.
“Кореан Эйр”-ийн удирдлагууд хохирогчийг “хорхойтой шүдэндээ зуусан нь”
2014 оны арванхоёрдугаар сарын 5-нд энэ явдал болоход Пак Чан Жин “Кореан Эйр” компанид олон жил ажилласан туршлагатай ажилтан болсон байжээ. Тэр өдөр Пакийн үйлчлэх ёстой VIP зорчигч нь компанийн дэд захирал Чо Хён –А байжээ. Үйлчлэгч бизнес ангиллын зорчигчид ердийнхөөр хуванцар савтай самар аваачиж өгчээ. Харин Чо Хён –А самар тавган дээр авчирч өгсөнгүй хэмээн цамнаж гарчээ. самраас харшилтай зорчигчдын харшлыг хөдөлгөж болзошгүй гэдэг үүднээс самрыг таваглаж биш, савтай өгөх тухай дотоод журам гарсныг Чо Хён –А мэдээгүй байжээ.
Энэ үед “Кореан Эйр”-ийн онгоц Нью Йорк хотын Кеннедийн олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байжээ. Чо Хён –А бизнес ангиллын үйлчлэгч Пак Чан Жин болон Ким Ду –Хи нарыг өмнөө сөхрүүлэн уучлал гуйлгуулаад зогссонгүй онгоцноос хөөж буулгасан байна. Пак түүнд хавхлага хаагдсан, онгоц хөөрөх гэж буйг тайлбарлах гэж оролдсон боловч тэр больсонгүй.
Онгоцыг нисэх буудлын терминал руу буцахыг тушаасан юм.
Самар таваглаж өгөөгүйгээс болсон энэхүү дуулиан Өмнөд Солонгост тарахад иргэд бухимдаж, эгдүүцсэн нь тоймгүй олон байв. “ Кореан Эйр”-ийн захирал Чо Ян-Хо охиноо “тэнэг” хэмээн дуудаж, ажлаас нь халсан юм. Гэвч энэ хэрэг үүгээр дууссангүй. Чо Хён-Ад нислэгийн аюулгүй байдалд саад учруулсан хэргээр нэг жилийн хорих ял оноосон. Гэвч баян компанийн өв залгамжлагч гурван сарын дараа суллагдсан юм.
Харин “Кореан Эйр” компанид 21 жил ажилласан Пакийн хувьд цаашид дуртай ажлаа хийх нь там шиг санагдах болсон гэнэ. Пак бизнес ангиллын зорчигчдод үйлчлэхээ больсон бөгөөд дарга, удирдлагын дарамт, шахалт түүнийг байж суух аргагүй болгосон учраас 18 сарын эмнэлгийн чөлөө авчээ. Тэрбээр одоо гүн депрессийн байдалтай сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Гэвч Пак ажилдаа үнэхээр дуртай учраас ажилдаа буцаж орохыг хүсчээ. Өмнөд Солонгосын нэгэн жижиг арал дээр төрж өссөн Пакийн эцэг нь далайчин байсан бөгөөд түүнд очсон улс орноос ил захидал илгээдэг байжээ. Энэ нь Пакийг шинэ газар оронд очих сонирхлыг төрүүлсэн юм. Пак их сургуулийн оюутан байхаасаа “Кореан Эйр”-т ажилласан байна. Ээж нь түүгээр үргэлж бахархдаг ажээ. Харин дээрх самарны дуулианаас болж түүний гэр бүл хүмүүсийн хэл амны бай болсон гэнэ.
Жил гаруйн дараа ажилдаа орсны дараа Пакаас мэргэшлийн шалгалт дахин өгөхийг шаарджээ. Түүнийг гадаад хэлний шалгалтад албаар унагааж байсан ч тэр бууж өгөөгүй гэнэ.
Пак одоо өөрийг нь шударга бусаар албан тушаал бууруулсан, хамт олныг нь өөрийнх нь эсрэг турхирсан хэмээн “Кореан Эйр”-ийн эсрэг гомдол гаргахаар төлөвлөж байгаа юм.
Пак өөрийгөө шүүх дээр ялалт байгуулна гэдэгтээ итгэлгүй байгаа ч “Миний эсрэг баян, хүчтэй том компани байгаа боловч өөрийнхөө эрхийг хамгаалахын төлөө тэмцэх болно” гэжээ.