Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Дайчид нутаг буцлаа

“Khaan Quest-2011”олон улсын энхийг сахиулах ажиллагааны хам­тар­­сан хээрийн сургалт, дадлага өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. “Таван толгой” дахь зэвсэгт хүчний сургалтын төвд 13 хоног үргэлжилсэн энхийг дэмжих ажиллагааны  хаал­тын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-ын Эл­чин сайд Жонатан Эдлтон болон бусад төлөөлөгчид оролцсон юм.  Хаалтын ажиллагааны үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Манай улс энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулилтыг өөрийн оронд зохион байгуулж байгаадаа сэтгэл хангалуун байна. Бид дэлхийн энхийг дэмжих ажиллагаанд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцож байгаагийн илрэл нь  “Khaan Quest-2011” олон улсын энхийг дэмжих хээрийн сур­гуулилт юм. Дэлхийн дахинд энх тайвныг хүсч эрмэлзэж дуу хоолой, сэтгэл санаагаа нэгтгэж чадсан нийт цэрэг дайчдад амжилт хүсье” гэж баярласнаа илэрхийлсэн. Хаалтын ажиллагааны үеэр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бүх салааны захирагч, ажиглагчаар оролцсон ор­нуудын төлөөлөгчдөд шагнал, дурсгалын зүйлс гардуулсан юм. Үүний дараа зочид төлөөлөгчид энхийг сахиулагчдийн сургуулилтын байртай танилцаж, хаалтын зөв­лө­гөө­нийг зохион байгуулснаар энэ удаагийн  “Khaan Quest-2011” энхийг дэмжих ажиллагаа өндөрлөв.

НҮБ-ын энхийг дэмжих ажил­­­лагаанд оролцох байнгын тогтол­цоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэ сургуулилт 2003 оноос Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан суруулилтаар эхэл­сэн түүхтэй. Үүнээс хойш 2006 онд олон улсын сургуулилт болж өргөжин Ази, Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажил­ла­гаа­ны чиглэлээр хэрэгждэг таван том арга хэмжээний нэг болсон байна. Энхийг дэмжих ажиллагаа нь жил бүр хөгжиж буй улс орнуудад зохион байгуулагдах учиртай. Харин манай улсын хувьд сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн оронд зохион байгуулж чадсан нь манай улсын цэрэг дайчдад төдийгүй улс оронд чухал ач холбогдолтой болжээ. Энэ жилийн энхийг сахиулах ажиллагаанд  Монгол, АНУ, Австрали, БНСУ, Камбож, Канад, ХБНГУ, БНЭУ, Индонез, Япон, Сингапур зэрэг ул­сууд оролцогчоор, ОХУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, БНСВУ зэрэг улсууд ажиглагчаар, нийт 16 орны  1100 орчим цэрэг дайчид оролцсон юм. Тэд 13 хоногийн турш энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл болгон дайн байлдааны халуун цэгт өртсөн ард иргэдэд хоол хүнс, эм тариа зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх,  шархадсан хүмүүст эмнэлгийн анх­ны тусламж үзүүлэх зэрэг олон  даалгаврыг бодит мэт биелүүлж, хар­ил­­цан туршлага солилцжээ.

Жил бүр энхийг дэмжих ажил­ла­гааны хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Энэ жил хүмүүн­лэгийн тусламжаар Хан-Уул дүүр­гийн  IX хорооны “Аяут” өрхийн эмнэлгийн өргөтгөлийг барьж,  АНУ, Монгол, Канадын эмч нар тус хороо­ны иргэдэд зургаан хоногийн турш эмнэлгийн үнэгүй үзлэг оношлогоог хийж гүйцэтгэсэн.

Сургалт, дадлагын хүрээнд НҮБ-ын штабын офицерийн дам­жаа, эмнэлгийн бэлэн байдлын сургууль, хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа, тактикийн хээрийн сургууль, команд штабын сургууль, сургалтын цэгт зэвсэг хураах, НҮБ-ын шалган нэвтрүүлэх, ажиглах, бүслэн нэгжих ажиллагааны, яв­ган эргүүлийн, цувааны онолын, эмнэлгийн анхан шатны, цувааны хамгаалалтын цэг, Командын байр гэсэн цэгүүдэд сургуулилт хий­сэн.  Энэхүү сургалт, дадлага нь олон улсын хамтын ажиллагааг өргө­­­жүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааг нэмэгдүүлэх, бүс нутгийн сургалтын төв байгуулах нөхц­лийг бүрдүүлэхэд чухал ач холбог­долтой гэдгийг оролцогчид хэлж байсан. Ингэснээр НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэг­дүү­лэх, Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэхэд боди­­той хувь нэмэр оруулж чаддаг гэд­­гийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав онцлон дурьдаж байлаа. Зөвхөн бэлтэл сур­гуулилтаас гадна амралтын хө­төл­бөр ч  байсан бөгөөд улс орнуудын нэрэмжит соёлын өдрүүд өрнөж,  урлаг спортын тэмцээнд хүч сам­баагаа сорьж, Монгол Улсын нийс­лэл­тэй танилцснаар амралтын хөтөл­бөр өндөрлөсөн.

Нэг өдрийг хэвлэл  мэдээллийн салбарынхан бослого, үймээний дунд эвийн гэрээ байгуулж, эмнэлэг хүнс­­ний тусламж үзүүлэн энхийг сахиулсан арга хэмжээ ч болсон.  Мөн  энэ үеэр  АНУ-аас найман хүний бүрэлдхүүнтэй хэвлэл мэдээл­лийн баг ирсэн бөгөөд эдгээр сэт­гүүл­чид цэргийн сэтгүүлч дайны үед ямар нөхцөл байдлаар ажилладаг талаар уулзалт зохион байгуулсан. Ийнхүү 12 хоногийн турш өөрсдийн сурсан мэдсэнээ бусдад танилцуулж, харилцан туршлага солилцож, дад­лага, сургуулилтаа хамтран хийсэн 16 орны 1100 цэрэг дайчид эх орны зүг хөлгийн жолоо залсан юм.  Харь холоос биднийг зорьж мэд­дэгээ бусдад түгээж , мэдлэгээ дээш­лүү­лэ­хээр ирсэн залуус  их зүйл сурч, мэдлэг чадвараа дээшлүүлсэн,  энх цагийн энхийг дэмжих ажиллагаа амжилт­тай өндөрлснийг оролцогчид нэгэн дуугаар хэлж байлаа.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж