Орлогыг яаж нотлоод байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

Орлогыг яаж нотлоод байна вэ?

Орлогыг яаж нотлоод байна вэ?

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст гишгэх газар ч олдохооргүй шахам хүмүүс холхилдоно. Бүгд л бие биенээсээ татварын хөнгөлөлттэй холбоотойгоор бүрдүүлэх материал асууна.  

Хаалга үүд, хана туурган дээр нь татварын хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт байгаа ч зарим нэг нь ойлгомжгүй. Татварынхнаас асууя гэхэд хариулт өгөх завтай ч хүн алга. Арга нь барагдсан нэг нь ар гэрийнхэн рүүгээ утсаар ярьж болохгүй бүтэхгүй байгаагаа дуулгана.

Таньдаг татварын байцаагчтай ч болоосой. Шовгорыг нь өгөөд бушуухан энэ ажлаа бүтээчих юмсан гэх хүн ч таарна. Ажлаа бүтээж чадахгүй байгаа хүмүүсийн олонх нь орлогоо нотолж чадахгүйгээс бичиг баримт нь шаардлага хангахгүй болж, буцаагдах аж. Минийх ч бусдынхаас дээрдэх юмгүй.

Урьдчилгаа төлбөрөө ах дүү нараасаа цуглуулж ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан нь эсрэгээрээ татварын орлогоо нуусан болж, буруудав.  Юуных нь гурван сая төгрөг буцаан авах. Уг нь улсад төлсөн татвараа бодохоор дээрх хөнгөлөлтийг эдэлчихмээр санагдах. Гэтэл тавьж байгаа шаардлагыг нь хангадаггүй. Хугацаа тулаад байдаг. Хэрэв энэ сарын 15-аас өмнө бичиг баримтуудаа бүрдүүлж өгөхгүй бол  татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй. Дараа жилийг дахиад хүлээхээс аргагүй.  Ер нь бол дараа жил дахиад ирсэн ч өнөөх л орлогоо нотолж чаддаггүй зовлонтой тулна.

Татварынхны буруу ч гэж юу байх билээ, Татварын хуульдаа дээрх шалгуурыг тавьсан болохоор шаардлагаа тавьж л таарна. Гол нь энэ шаардлагаас болж, өнөөдөр олон иргэн татварын хөнгөлөлт эдэлж чадахгүй хохирч явааг хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид мэддэг болов уу.

Ингэхэд худалдан авсан байрныхаа урьдчилгааг яаж бүрдүүлснийгээ нотол гэдэг шаардлагаа хүчингүй болговол яасан юм бэ?. Хулгай, дээрэм хийж л байрны урьдчилгаа “босгохгүй” нь ойлгомжтой.

Монголд өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 90 гаруй хувь нь 1.5 сая төгрөгөөс доош орлоготой. Бараг 60 гаруй хувь нь дунджаар 700 мянган төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий. Ийм орлоготой иргэд ипотекийн найман хувийн зээлд хамрагдахын тулд эцэг, эх, хамаатан садан, ажлын газрынхныхаасаа дэмжлэг авахаас өөр арга байдаггүй. Тал, талаас нь эрвийн дэрвийхээрээ дэмжиж, тусалсны хүчинд 20 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагддаг. Хэрэв цаг хугацаандаа зээлээ төлж чадахгүй бол байрыг нь банк хурааж авна. Гэтэл сар бүрийн орлогоосоо татвараа төлөөд, зээлээ төлөөд явж байгаа иргэдээс “Байрны урьдчилгаа төлбөрөө нотол. Нотлохгүй бол татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй” гэж цензурдэх нь үнэндээ шударга бус байна.

Орлогоо яаж нотлох бэ гэхээр зарсан, махалсан малаа тоо толгойтой, зүстэй нь мэдүүлнэ гэх.  Энэ шалгуураас болж, өнөөдөр хэчнээн иргэн татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй болж, хохирч яваа бол. Үнэндээ бол тэд гурван сая төгрөг байтугай орлогыг л улсад оруулсан.

Гэтэл Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдсан нь гурван сая төгрөг байтугай хөнгөлөлт эдэлсэн. Жингийн туухай дээр тавибал дэндүү шударга бус хуваарилалт нь шог болчихоод байна.

Дээр нь бүрдүүлэх бичиг баримт нь маш олон.  

1. Хүсэлт/Тусгагдах зүйлс: Татварын албанд болон Төрийн санд хандах, Овог нэр, ажлын газар, хуулийн заалт, харилцагч банк, хувийн дансны дугаар, гэрийн хаяг, утас, гарын үсэг, огноог оруулж бичих/

2. Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажсан /

3. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт /Ам бүл хэд, оршин суугаа хаяг/

4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нотариатаар баталгаажсан /

5. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажсан /

6. Зээлийн гэрээний хуулбар ба зээл авсан этгээдээс мөнгө шилжүүлсэн баримт
/Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээний хуулбар, зээл олгосон этгээдээс орон сууцны төлбөрийг төлсөн мөнгөний баримт/

7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагын албан ёсны лавлагаа тодорхойлолт

8. Захиалгын болон Худалдах, худалдан авах гэрээ
/Орон сууцны барилгыг захиалан, худалдан авахад байгуулсан гэрээний хуулбар/

9. Байранд төлсөн мөнгөний баримт
/Хувь хүн єєрийн орлогоор орон сууцны барилга худалдан авсан бол тєлбєр тєлсєн хүчин тєгєлдєр баримтууд/

10. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
/Татвар тєлєгч хувь хүний өмчилж байсан орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн үл хєдлєх хєрєнгє худалдан борлуулсны 2%-ийн албан татвар тєлсєн баримт эсхүл түүний хуулбар /

11. ТатварТөлөгчийн ОрлогоТатварын Бүртгэлийн дэвтэр

12. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
/Тодорхойлолтод овог нэр , ажилласан хугацаа , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх/

13. Орлого нотлох бусад баримт

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд хамгийн багадаа гурван өдөр ажлаасаа чөлөө авна. Өглөө эртлэн босож, дүүргийнхээ Татварын газарт очиж, тэр их оочер дараалалд зогсоно. Зөрчилтэй зүйлүүд олон гарна. Тэр бүрийд буцна. Бүтдэг нь ховор.

Ёстой хошин шог дээр гарсан шиг ‘Хэн нотлох юм бэ’ гэсэн хошин явдал тэнд утгаараа өрнөж байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж