Монгол Улс өвлийн олимпод

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Монгол Улс өвлийн олимпод

Монгол Улс өвлийн олимпод

Монголд орчин цагийн биеийн тамир, спортын хөдөлгөөн 1930-аад онд Ардын биеийн тамирын удирдах зөвлөл байгуулагдснаар эхэлжээ. Улмаар 1956 оны 2 сарын 26-нд Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ) байгуулагдаж, анхны даргаар нь тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны дарга Э.Дарьсүрэн томилогдож байжээ.

Э.Дарьсүрэн Монгол Улсын олон улсын олимпизмийн хөдөлгөөнд нэгдэн ороход идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Монгол Улсад Олимпийн хороо байгуулагдсны 3 жилийн дараа буюу 1959 онд ОУОХ-ны гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн. Тус өргөдлийг уулын спортын ОУХМ, спортын гавъяат багш Р.Зоригт бичиж байсан бөгөөд Монголын саналыг 1962 оны зургадугаар сарын 5-нд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо хуралдсан чуулганаар хэлэлцэн дэмжсэн байдаг. Ингэснээр Монгол Улс олимпизмийн их гэр бүлд нэгдэн орсон юм.

1962 онд ОУОХ-нд элсэн орсноос хойш Зуны 13 олимп, Өвлийн 13 олимпийн наадамд оролцоод байна.

Хамгийн анх удаа 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн IX наадамд оролцсноор Монголын олимпийн түүх эхэлсэн юм. Инсбрукийн өвлийн олимпоос найман сарын дараа буюу 1964 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн Токиогийн зуны олимпийн наадамд 2 дахь удаагаа Монголын баг тамирчид оролцсон.

Монгол Улс түүхэндээ анх удаагаа буюу 1964 оны Инсбрукийн өвлийн IX наадамд эрэгтэй 10, эмэгтэй 3, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Энэ бол Монгол улсын өвлийн олимпийн наадамд оролцсон хамгийн өргөн бүрэлдэхүүн байсан юм. Гүйлтийн тэшүүрийн төрөлд Ц.Лхамжав (МУГТ), Л.Цэнд (МУГТ), Л.Дашням (МУГТ) нар оролцсон бол Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Т.Лхамсүрэн нар биатлоны төрөлд, Б.Дамдинжав, Б.Дашгай нар мөн Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй нар гүйлтийн цанын эрэгтэй төрөлд, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов нар гүйлтийн цанын эмэгтэй төрөлд оролцсон байдаг.

Монголын тамирчдаас өвлийн олимпийн наадамд хамгийн өндөр амжилтыг Инсбуркийн өвлийн олимпийн гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд өрсөлдсөн Ц.Лхамжав үзүүлж байжээ. Нийт 13 улсын 28 тамирчнаас 20-р байранд орж, ардаа Герман, АНУ, Канад, Нидерланд болон Польшийн тамирчдыг орхиж байсан. Энэ амжилт бол одоогоор Монголын өвлийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.

Инсбрук-1964 өвлийн олимпийн IX наадам

  • Гүйлтийн цана: Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов
  • Биатлон: Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан
  • Гүйлтийн тэшүүр: Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав

Гренобль-1968 өвлийн олимпийн X наадам

  • Гүйлтийн цана: Л.Дашдэмбэрэл, Г.Батмөнх
  • Биатлон: Б.Дамдинжав, Б.Дашгай
  • Тэшүүр: Л.Цэнд, Л.Дашням, Б.Жалбаа

Саппоро-1972 өвлийн олимпийн XI наадам

  • Гүйлтийн цана: Д.Нарантунгалаг, Н.Сандагдорж
  • Тэшүүр: Л.Цэнд, Л.Дашням

Лэйк-Плэсид-1980 өвлийн олимпийн XIII наадам

  • Гүйлтийн цана: Л.Дорж
  • Тэшүүр: Д.Цэнддоо, Т.Нямдаваа

Сараево-1984 өвлийн олимпийн XIV наадам

  • Гүйлтийн цана: Л.Дорж, П.Батсүх, Д.Ганхуяг, В.Рэнцэнхорол

Калгари-1988 өвлийн олимпийн XV наадам

  • Гүйлтийн цана: Д.Энхээ, З.Ганбат, Д.Баттулга

Альбервилль-1992 өвлийн олимпийн XVI наадам

  • Гүйлтийн цана: Г.Мерей, З.Ганбат
  • Тэшүүр: А.Содномдаржаа, Н.Ганболд

Лиллехаммер-1994 өвлийн олимпийн XVII наадам

  • Шорт-трейк: Б.Бат-Оргил

Нагано-1998 өвлийн олимпийн XVIII наадам

  • Гүйлтийн цана: Д.Очирсүх
  • Шорт-трейк: Б.Октябрь, Б.Сансарбилэг

Солт-Лейк-2002 өвлийн олимпийн XIX наадам

  • Гүйлтийн цана: Ж.Эрдэнэтүлхүүр, Д.Энхээ
  • Шорт-трейк: Б.Октябрь, Г.Жаргаланчулуун

Турин-2006 өвлийн олимпийн XX наадам

  • Гүйлтийн цана: Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн

Ванкувер-2010 өвлийн олимпийн XXI наадам

  • Гүйлтийн цана: Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн

Сочи-2014 өвлийн олимпийн XXII наадам

  • Гүйлтийн цана: Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг

Бэлтгэсэн Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж