Б.Хурцыг Англид уриагүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Англид уриагүй гэнэ

Англи улсад хоригдож байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы шүүхэд шилжүүлэх шийдвэрийг Английн шүүх долдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Үүний дараа ажлын хэсэг хуралдаж давж заалдах эсвэл дараагийн шатны байгууллагад хандах талаар хуралдах байсан ч Б.Хурц өөрийн хүсэлтээр давж заалдахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Тэрээр энэ шалтгаанаа одоогоор тодорхой мэдээ­лээгүй байна. Магадүй түүний хувьд Английн тал шударга ажиллаж чадахгүй байгаад шантарсандаа давж заалдахгүй гэсэн байх үндэслэлтэй байна.

Учир нь Английн шүүх Засгийн газраасаа хараат бус ажилладаг гэсэн ч шударга ажиллаагүй гэдгийг шүүхийн шийдвэр харуулсан гэж Монголын ажлын хэсэг үзлээ. Тэд, манай талаас өгсөн баримт бичгийг сайтар нягтлаагүй, Английн талаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн хүсэлтээр Англи улсад зорчих хүсэлтийг няцааж, Монгол Улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч нь айлчлах урилга өгөөгүй, зүгээр л айчлахыг хүссэн нь албан ёсны бус байсан гэсэн санаатай үгсийг шүүх хурлын үеэр хэлсэн. Мөн  шүүх хурлын портокол дээр Б.Хурцыг Англи улсад зорчих албан ёсны айлчлал байгаагүй гэж мэдээлсэн. Тухайн улсын урилгаар албан ёсны айлчлал хийсэн байхад одоо албан ёсны бус гэсэн мэдээлэл өгч байгаа.  Энэ мэтчилэн Английн шүүх Засгийн газраасаа хараат байдлаар ажилласныг ажлын хэсэг ч энэ хэрэгтэй танилцсан өөр шүүгч нар ч гэрчилж байгаа гэж Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэллээ.

Түүний хэлснээр бол хоёр улсын хоорондын харилцаанд ч ан цав суухуйц зүйл болжээ. Нөгөөтэйгүүр Б.Хурцыг уул уур­хай­гаар дарамтлан ийм байдалд хүр­гэсэн гэсэн зарим нэгний таамаг ч бий. Ийм байр суурьтай байгаагаа “Иргэдийн шударга шүүх” ТББ өнгөрөгч баасан гаригт илэрхийлсэн. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Яагаад энгийн ажилтан байх үед интерполоор эрэн сурвалжлаад баривчлаагүй юм. Бүхэл бүтэн долоон жилийн турш зүв зүгээр байснаа гэнэт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга болонгуут нь баривчлав гэдэг нь их сонин. Хоёр улс уул уурхай, эдийн засаг гэх мэт салбаруудад хамтарч ажиллах цаг үед энэ ажиллагааг зохион байгуулна гэдэг цаанаа ямар нэг асуудал байна” гэв.   

Английн талын хувьд шүүх хурал дууссанаас хойш давж заалдах 14 хоногийн хугацаанд давж заалдаагүй тохиолдолд Герман улс руу шилжүүлэх процедур бий. Одоогоор давж заалдах хугацаа дууссан ч Германы талд шилжүүлсэн гэх мэдээлэл ирээгүй байгаа. Хэзээ шилжүүлэх нь тодорхой бус байна. Гадаад харилцааны яамны хувьд төрийн өндөр албан тушаалтнаа авахаар уг хэрэгт албан ёсоор оролцсон гэж болно. Харин одоо шинээр ажлын хэсэг байгуулахаар боллоо. Гэхдээ ажлын хэсэгт том өөрчлөлт орохгүй ч Хууль зүй дотоод хэргийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг шинээр байгуулахыг энэ долоо хоногийн лхагва гариг буюу энэ сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энд давж заалдсан тохиолдолд ма­най тал  бүрэн ялах боломжтой гэж ажлын хэсгийхэн үзэж байсныг хэ­лэх хэрэгтэй. Гэсэн ч Б.Хурц өөрийн хү­сэлтээр татгазлсан учраас давж заал­даагүй. Шүүх хурлын шийдвэр гарч, Германы талд Б.Хурцыг шилжүүлэхээр болсон учраас Герман улсын хуулийн дагуу хүн хулгайлсан, тагнаж чагнасан  гэх үндэслэлээр хэрэг үүсч эхнээс нь шалгаж эхлэнэ. 

“Засгийн газар төрийн өндөр албан тушаалтнаа авч чадахгүй байна, ажиллахгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хүн тавьж байгаа. Ямартай ч Германы талд шилжүүлсний дараа ши­нэ ажлын хэсэг байгуулагдаж хэр­хэн ажиллах талаар харах л  үлдлээ. Одоо­гоор хуучин ажлын хэсэг ажлаа хийж байгаа бөгөөд Герман улсын хууль тогтоомжийг судлах, ямар арга хэмжээ авах талаар ярилцах юм байна. Зарим нэг хүмүүс нь бүрэн бус учраас ажлын хэсэг хуралдаагүй. Хэрхэн яаж ажиллах талаар шинэ ажлын хэсэг байгуулагдсаны дараа хуралдах юм байна.

Хамгийн гол нь Монголд Англи улсыг төлөөлж буй этгээд тэднийг бүрэн төлөөлж чадах уу, бидэнд тэдэнд итгэх итгэл бий юу гэдэг асуудал болон ургалаа. Хэрэв шүүхийн протоколд тусгасанчлан Английн холбогдох алба­ных­нын бусармаг санаагаар Б.Хурцыг урьсан бол ганц түүний асуудал бус улс хоорондын итгэлцэл, эс итгэлцлийн тухай ярих хэрэгтэй болно. Магадгүй энэ асуудал Монгол Улс тэдний төлөөлөгчийг нутагтаа байлгах эсэхийг ч ярьж болох юм.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж