Гүйлтийн цанын тамирчид олимпийн буухиаг тасалсангүй

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Гүйлтийн цанын тамирчид олимпийн буухиаг тасалсангүй

Гүйлтийн цанын тамирчид олимпийн буухиаг тасалсангүй

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр нээлтээ хийнэ. 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 102 багц алтан медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэд 17 хоногийн турш өрсөлдөнө. Энэ удаагийн наадамд Монгол улсын гүйлтийн цанын тамирчид олимпийн буухиаг алдаагүй бөгөөд Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өрсөлдөх билээ. Ингээд өвлийн олимпод Монголын тамирчид хэрхэн оролцож байсан мэдээллийг багцлан хүргэе. 


Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын хөдөлгөөн 1930-аад онд Ардын биеийн тамирын удирдах зөвлөл байгуулагдснаар эхэлжээ. Улмаар 1956 оны 2 сарын 26-нд Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ) байгуулагдаж анхны даргаар нь тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Биеийн Тамир Спортын хэрэг эрхлэх хорооны дарга Э.Дарьсүрэн томилогдож байсан. Э.Дарьсүрэн Монгол улсын олон улсын олимпизмийн хөдөлгөөнд нэгдэн ороход идэвхи санаачлагатай ажиллаж байсан түүхтэй.

Монгол улсад Олимпийн Хороо байгуулагдсны гурван жилийн дараа буюу 1959 онд ОУОХ-ны гишүүнээр элсэн өргөдлөө өгсөн. Тус өргөдлийг уулын спортын ОУХМ, спортын гавъяат багш Р.Зоригт бичиж байсан бөгөөд Монгол улсын саналыг 1962 оны 6 сарын 5-нд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо хуралдсан чуулганаар хэлэлцэн дэмжсэн байдаг. Ингэснээр Монгол улс Олон улсын олимпизмийн их гэр бүлд нэгдэн орсон түүхтэй. 

1962 онд ОУОХ-нд элсэн орсноос хойш Зуны 13 олимп, Өвлийн 13 олимпийн наадамд оролцоод байна. Хамгийн анх удаа 1964 оны 1 сарын 29-нөөс 2 сарын 9-ний өдрүүдэд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн IX наадамд оролцсноор Монгол улсын олимпийн түүх эхэлсэн юм. Инсбрукийн өвлийн олимпоос 8 сарын дараа буюу 1964 оны 10 сарын 10-нд нээлтээ хийсэн Токиогийн зуны олимпийн наадамд 2 дахь удаагаа Монголын баг тамирчид оролцсон.

Монгол улс түүхэндээ анх удаагаа буюу 1964 оны Инсбрукийн өвлийн IX наадамд эрэгтэй 10, эмэгтэй 3, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Энэ бол Монгол улсын өвлийн олимпийн наадамд оролцсон хамгийн өргөн бүрэлдэхүүн байсан юм. Гүйлтийн тэшүүрийн төрөлд Ц.Лхамжав (МУГТ), Л.Цэнд (МУГТ), Л.Дашням (МУГТ) нар оролцсон бол Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Т.Лхамсүрэн нар биатлоны төрөлд, Б.Дамдинжав, Б.Дашгай нар мөн Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй нар гүйлтийн цанын эрэгтэй төрөлд, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов нар гүйлтийн цанын эмэгтэй төрөлд оролцсон байдаг.

Монголын тамирчдаас өвлийн олимпийн наадамд хамгийн өндөр амжилтыг Инсбуркийн өвлийн олимпийн гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м-н зайд өрсөлдсөн Ц.Лхамжав үзүүлж байжээ. Нийт 13 улсын 28 тамирчнаас 20-р байранд орж ардаа Герман, АНУ, Канад, Нидерланд болон Польшийн тамирчдыг орхиж байсан. Энэ амжилт бол одоогоор Монголын өвлийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.

‘Инсбрук-1964’ өвлийн олимпийн IX наадам

  • Гүйлтийн цана: Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов
  • Биатлон: Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан
  • Гүйлтийн тэшүүр: Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав

‘Гренобль-1968’ өвлийн олимпийн X наадам

  • Гүйлтийн цана: Л.Дашдэмбэрэл, Г.Батмөнх
  • Биатлон: Б.Дамдинжав, Б.Дашгай
  • Тэшүүр: Л.Цэнд, Л.Дашням, Б.Жалбаа

‘Саппоро-1972’ өвлийн олимпийн XI наадам

  • Гүйлтийн цана: Д.Нарантунгалаг, Н.Сандагдорж
  • Тэшүүр: Л.Цэнд, Л.Дашням

‘Лэйк-Плэсид-1980’ өвлийн олимпийн XIII наадам

  • Гүйлтийн цана: Л.Дорж
  • Тэшүүр: Д.Цэнддоо, Т.Нямдаваа

‘Сараево-1984’ өвлийн олимпийн XIV наадм

  • Гүйлтийн цана: Л.Дорж, П.Батсүх, Д.Ганхуяг, В.Рэнцэнхорол

‘Калгари-1988’ өвлийн олимпийн XV наадам

  • Гүйлтийн цана: Д.Энхээ, З.Ганбат, Д.Баттулга

‘Альбервилль-1992’ өвлийн олимпийн XVI наадам

  • Гүйлтийн цана: Г.Мерей, З.Ганбат
  • Тэшүүр: А.Содномдаржаа, Н.Ганболд

‘Лиллехаммер-1994’ өвлийн олимпийн XVII наадам

  • Шорт-трейк: Б.Бат-Оргил

‘Нагано-1998’ өвлийн олимпийн XVIII наадам

  • Гүйлтийн цана: Д.Очирсүх
  • Шорт-трейк: Б.Октябрь, Б.Сансарбилэг

‘Солт-Лейк-2002’ өвлийн олимпийн XIX наадам

  • Гүйлтийн цана: Ж.Эрдэнэтүлхүүр, Д.Энхээ
  • Шорт-трейк: Б.Октябрь, Г.Жаргаланчулуун

‘Турин-2006’ өвлийн олимпийн XX наадам

  • Гүйлтийн цана: Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн

‘Ванкувер-2010’ өвлийн олимпийн XXI наадам

  • Гүйлтийн цана: Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн

‘Сочи-2014’ өвлийн олимпийн XXII наадам

  • Гүйлтийн цана: Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадам 

  • Гүйлтийн цана: Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж