Тайваньд буй оюутнууд Консулын газрын ажилтнууд туслахгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Тайваньд буй оюутнууд Консулын газрын ажилтнууд туслахгүй байгаа гэв

Тайваньд буй оюутнууд Консулын газрын ажилтнууд туслахгүй байгаа гэв

Өнгөрсөн мягмар гаригт /2018.02.06/ 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон Тайванийн зүүн эргийн Хуалиан хотод байгаа монгол оюутнуудыг өнөөдөр өглөө /2018.02.08/ газар хөдлөлтийн бүсээс 200 км-ийн зайтай газарт нүүлгэн шилжүүлсэн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Гэхдээ Гадаад харилцааны яамнаас монгол оюутнуудыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэж худлаа мэдээлэл тарааж байгаа талаар Тайванийн Дунва их сургуульд сурдаг Б.Амарзаяа хэлэв. Тэрбээр тус сургуулийн хоёрдугаар курст сурдаг юм байна. 

Тэрбээр "Өнөөдөр өглөө газар хөдлөлтийн голомтоос дөрвөн монгол оюутныг Тайпей рүү нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Тэд нар өөрсдийн зардлаар Тайпей рүү явсан, одоо зочид буудалд байрлаж байна. Монгол Улсаас Тайваньд суугаа Консулын газраас ямар ч арга хэмжээ аваагүй" гэсэн мэдээллийг  facebook-ээр холбогдож бидэнд өглөө.

Одоогийн байдлаар, газар хөдлөлтийн голомтоос 10 км-ын зайд арав гаруй монгол оюутнууд байгаа гэв. "Сүүлийн тав хоног газар чичирхийлж байсан. Ингээд мягмар гаригаас эхлэн газар хөдөлж эхэлсэн. Өнөөдөр өглөө газар хөдлөхөд бидний хажууд байшин нурж унасан. Монгол Улсаас Тайваньд суугаа Консулын газар руу холбогдоод ядаж Тайпей рүү шилжүүлээд өгөөч ээ бид өөрсдөө зардлаа гаргаад яваад очье оо байрлах газар гаргаад өгөөч ээ гэсэн боловч за хариу өгье гээд буцаж холбогдохгүй байна. Хэдийгээр бид газар хөдлөлтийн голомтоос 10 км зайд холдож чадсан ч дахин газар хөдлөхийг үгүйсгэхгүй. Хэрвээ дахиад газар хөдөлбөл бид аюулд орно" гэдгээ Б.Амарзаяа охин хэлсэн юм.

Б.Амарзаяагийн эгчийн өгсөн мэдээллээр "Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Тайвань хотод суугаа Консулын газартай холбогдож, охинд тусламж үзүүлэхийг хүссэн боловч ажлын цаг дууссан гэх хариултыг өгсөн" гэв.

Бид Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч түүний утас нь холбогдох боломжгүй байна. 

Ингээд өнөөдөр өглөө газар хөдлөлтийн голомтоос Тайпейд ирсэн н.Оюун-Эрдэнэ охинтой холбогдож дээрх мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр "Би Тайванийн Хуалиан хотын Цжучи их сургуульд сурдаг. Манай сургууль газар хөдлөлтийн голомтоос 2 км зайд оршдог. Газар чичирхийлэл мэдрэгдмэгц манай сургуулийн хоёр оюутан шууд Тайпей руу явсан. Тэр хоёр нөхцөл байдлыг консулын газарт мэдэгдсэн. Харин үлдсэн оюутнууд газар хөдлөлтийн үеэр хоргодох байранд очиж, улмаар нэг хоносны дараа  Консулын газраас биднийг Тайпей руу нүүлгэн, шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Одоогоор бид зочид буудалд нөхцөл байдлыг ажигласан байдалтай байна. Тайпей руу ирж чадаагүй оюутнуудын талаар сонссон. Бид болон Консулын газрын ажилтнууд тэдэнтэй холбогдох гээд чадаагүй. Гэхдээ тэдний  Дунва их сургууль газар хөдлөлтийн голомтоос хол оршдог тул консулын газраас аюулгүй гэж үзсэн. Энд оюутнууд янз бүрийн байдалд байна. Зарим нь өөрийн зардлаараа Тайпейд ирж байхад, зарим нь газар хөдлөлтийн голомтод байж байх жишээний. Миний бодлоор гадаад харилцааны яамнаас чадах ядахаараа туслахыг хичээж ажиллаж байгаа гэж хэлмээр байна" гэв

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж