Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах олимпийн наадамд тамирчин өөрийн улсын тугчаар ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Тэгвэл “Пёнчан-2018” өвлийн олимпийн албан ёсны нээлт болохоос нэг хоногийн зарим нэг улсын тугчаар ажиллах тамирчдын нэрс тодорсоор байна.
Тухайлбал Сочигийн олимпод хошой алт, хошой мөнгөн медаль хүртэж, биатлоны дэлхийн цомд зургаа дараалан түрүүлэн алдарт Уле-Эйнар Бьёрндалений амжилтыг давтсан Мартен Фуркад нээлтийн арга хэмжээнд Франц улсын төрийн далбааг залахаар болжээ.
Солонгосын хойгт явагдаж буй энэ удаагийн олимпийн наадамд медалийн тоо, багийн дүнгээр тэргүүлэх боломжтой улсаар нэрлэгдэж буй Норвеги улсын тугчаар олимпийн олимпийн 4, дэлхийн аваргын 12 алтан медальтай биатлонч Эмиль Хегле Свендсен ажиллахаар болжээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Сочид эмэгтэйчүүдийн чарганы төрөлд хүрэл медаль энгэртээ зүйж, нэгдсэн улсын түүхэнд чарганаар төрөлд олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин гэсэн цол гуншинтай болж байсан Эрин Хамлен АНУ-ын тугийг Пёнчанд залахаар болсон бөгөөд өнөөдөр түүнийг энэ эрхэм ажилд томилогдсноо мэдсэн даруйдаа олимпоос заавал медаль хүртэх болно хэмээн амлалт өгөөд амжсан байна.
Нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр хэтэрхий хүйтэн цаг ууртай бол нээлтэнд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан Их Британы багийн тугчаар эмэгтэйчүүдийн чарганы төрлийн олимпийн аварга Лиззи Ярнольд дээр тогтсон байна. Хэсэг хугацаанд их спортоос түр завсарлаад байсан Лиззи Ярнольдс өнгөрсөн жил Германы Кёнигсзе хотод явагдсан дэлхийн аваргад хүрэл медаль хүртснээр олимпод оролцох эрхээ халаасалсан юм.
Ванкувер, Сочигийн олимпод эмэгтэйчүүдийн шорт трекийн 1500м, багийн 3000м буухиа төрөлд алтан медаль хүртэж байсан БНХАУ-ын тамирчин Жоу Янд, Пёнчанд эх орныхоо тугийг залах эрхэм үүрэг ноогдсон байна. Сүүлийн жилүүдэд өвлийн олимпод амжилт гаргах болсон Хятадын багийн ахлагч Гао Жиданы мэдэгдснээр Пёнчаныг зорьсон 81 тамирчид дор хаяж зургаагаас долоон алтан медаль авах боломжтой дээр нь 2010 оны Ванкуверийн өвлийн олимпод Хятад улсын баг түүхэндээ 7-р байрт орж байсан амжилтыг Пёнчанд ахиулах бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Анх 1964 оны Австрийн Инсбрукын өвлийн олимпод манай улс 13 хүний бүрэлдхүүнтэй оролцож байснаас хойш 1976 оны Австрийн Инсбрукийн олимпийг улс төрийн шалтгааны улмаас өнжснийг эс тооцвоос өвлийн олимпод тасралтгүй оролцсоор ирсэн уламжлалтай.
Тэгвэл Пёнчаны өвлийн олимпод манай улс ОУХМ Б. Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг гэсэн хоёр хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Өнгөрсөн жил Финляндын Лахти хотод явагдсан цанийн ДАШТ-ний “Б” зэрэглэлийн уралдаанаас хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан ОУХМ Б. Ачбадрахын хувьд энэ удаагийн олимпод тугчаар ажиллахаар болжээ.
Бэлтгэсэн Ю.ЧИНБАЯР