Би малчдад хандив өгмөөргүй байна

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Би малчдад хандив өгмөөргүй байна

Би малчдад хандив өгмөөргүй байна

Хотынхноос хөдөөнийхөн дахиад л хандив гуйгаад эхэлжээ. Зудтай аймаг, сумын малчдад  сэтгэл санаа, эд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хахир өвөл-Халуун сэтгэл” аян зохион байгуулж, эм бэлдмэл, эд материал, өвс тэжээл, элгэвч нэмнээ өгөхийг төрийн болон төрийн бус байгууллагууд жилийн жилд уриалдаг, тэр жишгээс энэ жил ч хазайсангүй.

Уг нь халуун зунаас л Ус цаг уурынхан өвөлжилтдөө, өвс тэжээлээ бэлтгэхийг анхааруулсан ч найр наадам хөөсөн хөдөөнийхөн юун өвөл, юун цас. Тэр ч бүү хэл М.Билэгт гишүүн хүртэл “өвөл хүйтэн болдог”-ийг чуулганы танхимаас хүртэл сануулсаар байхад санаа авч, өвөлдөө бэлтгэсэн нь цөөн.

“Мал төрийн хамгаалалтад байна” гэх Үндсэн хуулийн заалтаар малчид гул барьж татвар ч төлөхгүй, вакцин ч авахгүй, өвс тэжээлээ ч бэлтгэхгүй. Үхсэн малынх нь тоогоор төрөөс нөхөн олговор олгодог болохоор бүр амар.

Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас баталсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд зааснаар өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан бол тухайн үед уг  мал зах зээлд ямар ханштай байгааг улсын дунджаар бодоод,  90 хувийг нь  Засгийн газраас олгодог.

Зарим аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн учраас Засгийн газрын хуралдаанаас улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000 тонн өвсийг үнэгүй, 6500 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчдад хуваарилан олгож эхэлсэн билээ.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллээс иш татвал шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг хамруулсан байна. Уг мөнгийг Засгийн газраас гаргажээ.  Мөн Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 83,3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангасан байна.  Мал хамгаалах сангаар дамжуулан 129,9 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгожээ. 15 аймгийн 45 сумын нийт 497 малчин өрхөд өвөлжөө, хаваржаагаа барих, засах ажлыг дэмжих,  хүнсний ногоо тариалах хүлэмж барих, аялал жуучлалын гэр буудал барих зэрэг ажлуудыг  дэмжиж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сан”-гаас 841,2 сая төгрөгийг өгсөн байна.

Ерөнхий сайдыг өгсөн мэдээллээс харахад  ‘Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд малчдыг эрүүл мэндийн даатгалд бусад даатгуулагч нараас  ялгамжтай,  хөнгөлөлттэй үнээр хамруулсан. Хүний хөгжил сангаас 1,2 тэрбум төгрөг зарцуулан төрөөс малчдыг 100 хувь эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан’ гээд төр засаг малчдыг багагүй харж үздэг.

Харин хөдөөгийнхөн маань төр ингэх л ёстой юм шиг, хотынхон хандив өгөх үүрэгтэй юм шиг амьдарч ирсэн. Үнэндээ хөдөөд маань 66 сая толгой мал байвч, хотынхон нэг килограмм махыг 6000-аар авч иддэг. Атга ааруулаа гэхэд л 15 мянгаар үнэлж байна.

Ядаж л агаарын бохирдол, ханиад томууны  үед нийслэлийнхэндээ усгүй аарц, гурилгүй ааруулаа үнэтэй шахахаа больчихмоор.  Харамч хахир нь дэндсэн хөдөөгийн малчдад өгөх эм тариа, эд материал, мөнгө төгрөгөө хотод амьдарч байгаа хоногийн хоолгүй, түлэх нүүрсгүй хүйтэн гэрт даарч хөрч суугаа хүүхэд, хөгшдөд өгчихсөн нь илүү буян болох биз. Иймээс би малчдад тусалмааргүй байна.

Нэг үеэ бодвол цаг агаарын мэдээ хурдан шуурхай, бас хэдэн сарын өмнөөс урьдчилаад гарчихдаг болсон.  Цаг агаарын мэдээг уншиж, өвөлдөө бэлтгэсэн нь цас зудыг ажралгүй давж байгаа.

Харин ажилгүй, залхуу, айраг цагаа, уяа уралдаан гэсэн малчдад зуд сургамж болог. Ангайж хэвтэж байгаад байгалийн шуурганд ажилдаа дүн тавиулж байгаа бол малчны буруу.

Монголын малчид, тариаланчид бол төрдөө эрхэлчихсэн хүмүүс. УИХ-д суугаа гишүүдийн тэн хагасаас илүү нь хөдөөгөөс сонгогддог болохоор малчдыг халамж, хайраар угжсан хууль баталж, бодлого боловсруулдаг. Үүнд нь бүр амташчихсан. Жишээлбэл, УИХ-аас 2009 онд Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, 2010 онд Монгол мал  үндэсний хөтөлбөр, 2015 онд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг тус тус батлан хэрэгжүүлж байгаа.

Харин хотод үйл ажиллагаа явуулдаг байсан нэг талхны цех, цайны газар үйлчлэгчгүй болоод дампуурвал өөрийнх нь хохь болдог, өвс тэжээлээ бэлтгээгүйгээс болж малаа алдсан малчны хувьд төрийн буруу болж үлддэг.  Зах зээлийн зарчмаараа бол мал нь хувийнх, малчин нь хувийн хэвшлийнх баймаар.

Нөгөө талаасаа малчид чанарын хойноос гэхээсээ тооны хойноос хөөцөлдөх нь ихэссэн. Түүнийг нь дагаад жилийн жилд зудад нэрвэгдсэн малчдад тусалъя гэсэн гуйлга тасардаггүй. Тэгэхээр малчдыг хариуцлагатай болгоё гэвэл өвлийн өвөлд хандив өгч, өвс тэжээлийг нь үнэгүй тараахаа  л больцгооё. Бас тэднээс малын хөлийн татвар авъя.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж