Сэтгүүл зүйн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр Отгонтэнгэр Их Сургуулийн удирдлага, хамт олон гарын үсэг зурлаа.
Ингэснээр тус сургууль дээд боловсролын байгууллагаас ёс зүйн зохицуулалтын хараат бус, бие даасан тогтолцоог албан ёсоор дэмжигч анхны Их сургууль болж байгаа юм. Санамж бичгийг үзэглэснээр иргэдийн гомдлыг шийдвэрлэх, сэтгүүлчдийн ёс зүйн алдаатай бүтээлийг хэлэлцэж, шийдвэрлэх зардалд зориулан Отгонтэнгэр Их Сургуулийн зүгээс Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд сар бүр тогтмол дэмжлэг үзүүлэхээр болж байна.
“Шударга ёс, хариуцлага, ёс зүй хаана ч хурцаар хөндөгдөж байгаа энэ цаг үед сэтгүүлзүйн салбарын нэр хүнд, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж байна. Ингэснээрээ бид төгсөгчдийнхээ ирээдүйн ажлын байрыг эрүүл саруул, үнэ цэнэтэй байлгахад анхаарч, хувь нэмрээ оруулж байгаа юм” гэж Отгонтэнгэр Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл ярилаа.
Залуу байгууллагын ажлын цар хүрээг нь тэлэхэд Их, дээд сургуулиудаас анхлан Отгонтэнгэр Их Сургууль ийнхүү дэмжлэг үзүүлж буйд Хэвлэл мэдээллийн зөвлөлийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа талархал илэрхийллээ. Цаашид хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тус сургуулийн багш оюутнуудтай мэдлэг мэдээллээ хуваалцахаас гадна ёс зүйн зөрчил бүхий гомдлын кейсүүдийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглуулах, олон улсын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагаа амжилт ололтоос хуваалцах боломж байгааг мөн тэрээр онцолсон юм.