Газрын тосны нөөцийг тогтоох шаардлага байна

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Газрын тосны нөөцийг тогтоох шаардлага байна

Газрын тосны нөөцийг тогтоох шаардлага байна

Монгол Улсад газрын тосны салбар үүсгэн байгуулагдсан үеэс өнөөг хүртэл хүчин зүтгэж яваа ахмадуудыг Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Газрын тосны инженерийн сургуулийн хамт олон өнөөдөр /2018.02.08/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Сар шинийн баяр угтан зохион байгуулсан энэхүү арга хэмжээг “Петровис” компани ивээн тэтгэлээ. Тус компани газрын тосны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж яваа компаниудын нэг юм.

Уулзалтаар ахмадууд салбарынхаа ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлыг ярилцдаг байна.  Анхны уулзалт 2015 онд зохион байгуулагдаж “МPA” ивээн тэтгэсэн бол удаах уулзалтыг “Монторх” ХХК ивээн тэтгэжээ.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын газрын тосны анхны инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Ц.Багмад, Монголын геологи уул уурхайн салбарын анхны эмэгтэй инженер Ч.Рима, мөн геологи хайгуулын салбарын хөгжлийн ноён нуруу болсон Б.Дэндэвчулуун, Д.Цэдэнбалжир, Д.Жанчив зэрэг түүчээ нь болсон 25 ахмад хайгуулчид, инженер, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Засгийн газар дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулахаа мэдэгдээд буй энэ цагт тэдний байр суурийг нь сонслоо.

Технологи нь ихийг үйлдвэрлэж, сайн нефть гардаг

ШУТИС-ийн Газрын тосны сургалт мэдээллийн төвийн багш, доктор, профессор Ж.Цэвээнжав:

-Монгол Улс газрын тосны хэрэгцээгээ дотоодоос хангахын тулд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой. Гагцхүү үйлдвэрийн байршил нь зөв үү, хүчин чадлын хувьд ямар байх вэ гэдгийг зөв тооцох нь чухал. Улс төрийн шийдвэр гэхээсээ мэргэжлийн шийдэл гаргах нь чухал юм.

Дэлхий дахинд ашиглаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн технологи нь ихийг үйлдвэрлэж байж сайн нефть гардагт учир байгаа. Энэтхэг улсад гэхэд 5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байна.

Харин Монголын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонн. Үүнээс илүү технологидоо нийцүүлээд жилд 5 сая тонн нефть боловсруулдаг үйлдвэр байгуулъя гэвэл илүүг нь яах вэ гэдэг асуудалтай тулгарна. Хоёр хөршид импортлох аргагүй. Тэгэхээр технологи нь хаа ч байхгүй үйлдвэр барих шаардлагатай болж байна. Энийг сайн бодох ёстой.

Мөн ганц үйлдвэр байгуулдаг түүгээрээ 100 хувь дотоодоосоо хангая гэтэл зогсчихвол яах вэ гэдгийг давхар бодолцох ёстой. Улс орнууд нефтийн хэрэглээгээ олон талын эх үүсвэр ашиглаж, хангаж байна. Үүнийг ч судлах шаардлагатай.

Газрын тосны нөөцийг тогтоох шаардлага байна

Монголын Геофизикчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнбалжир:

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодынхоо хэрэглээг хангах нь хамгийн зөв зам. Ямар ч тохиолдолд түүхий эд, хэрэглээ нь байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтыг эргэлзэлгүй хийдэг гэж бизнесменүүд хэлдэг.

Монголын хувьд газрын тосны нөөцийн хувьд эргэлзэх,  санаа зовоох асуудал бий.

Яагаад гэвэл хайгуул хийхгүйгээр нөөц бэлдэнэ гэж байхгүй. 2017 онд хоёр газар нефтийн хайгуул хийх байсан ч орон нутгийн хүмүүс зогсоолоо.

Олон компани газрын тосны нөөц судлах гэрээтэй гэж байгаа ч үндсэндээ хайгуул хийгдэхгүй байна. Байгаа нөөц маань олборлолтыг нэмэгдүүлж байж, боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийг хангах ёстой болно.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж