Өөртөө мартагдсан Монгол

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Өөртөө мартагдсан Монгол

Иргэншлийн онолын томоохон төлөөлөгчдийн нэг болох Гумилевийн онолоор бол монголчууд яахын аргагүй дэлхийн хувьсалд өөрсдийн нөлөөллийг үзүүлсэн нь мэдээж. Ромын хүчирхэг эзэнт гүрнийг нураасан тэд чухам хэн байв аа. Энэ асуулт олон зууны туршид дэлхий ертөнцийн тайлагдаагүй нууцуудын нэг байсаар ирсэн. Үүнд хариулт өгч болохуйц нэгэн эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч долоо хоногт монголчуудын анхаарлын төвд байлаа. Арав дахь удаагаа чуулж буй олон улсын монголч эрдэмтдийн хурал. Мэдээж энэ бол амжилт. Гэхдээ баярлах эрт байна. Харамсалтай нь монголч эрдэмтдийн залгамж халаа төдийлөн харагдсангүй. Хэдийгээр энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээнд 30 гаруй орны 300 шахам эрдэмтэн оролцож буй ч харамсалтай нь үйл хэргийг нь үргэлжлүүлээд явах залуус харагдсангүй.  Үүнийг баталж OХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, доктор, профессор В.В.Грайворонский “Манай хүрээлэнд настай эрдэмтэд голдуу ажилладаг. Залуу­чууд олж ажиллуулах нь асуудал болж байгаа” гэж хэлсэн байсан. Нөгөөтэйгүүр дэлхийн түүхийн тодорхой цаг үед Өрнө, Дорнын соёл иргэншлийг нэгээс нөгөөд шилжих үйл явцыг хурдасгадаг хэт үндэстнүүд үүсэн бий болдог тухай Лев Гумилев угсаатны оргилолын онолдоо өгүүлсэнийг ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Өрнө Дорнын 1500 жилийн түүхийн мандан бадрал, уруудан доройтолтын энэхүү онолд нэг нь уруудаж нөгөө нь сэргэн мандах огтлолцлын тэрхүү солбилцол дээр хүчирхэгжин мандсан үндэстэн угсаатан хүний түүхэнд гарын таван хуруунд тоологдохуйц цөөн тохиожээ. Тэдний анхдагч бол Хүннү гүрэн байсан хэмээн зарим эрдэмтэн үздэг. Харин тэрхүү Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг монголчууд бид тэмдэглэж байна. Гэхдээ тэрхүү агуу гүрэн монголчуудын өвөг дээдэс байсан гэдгийг яг таг баталчихаад, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж хараахан чадаагүй нь биднийг цээжээ дэлдэхээс цаашгүй, домгийн сэтгэлгээгээрээ явсаар ахуйг гэрчлэх мэт. Хүннүчүүд бол монголчууд гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэл их гүрнүүдэд хараахан үгүй. Тиймээс ч ах дүү хэмээн нөхөрлөж ахуйдаа ч Зөвлөлтийн эрдэмтэд Хүннү бол монголчууд гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Энэ үзэл өнөө ч бат бөх оршсоор буй. Харин энэ жил Монголын төр албан ёсоор Хүннү гүрний 2220 жилийн ойг анх удаагаа тэмдэглэсэн нь наадмаа сүрлэг болгож, өргөн дэлгэр наадах гэснийх бус. Хүннү бол Монгол гэдгийг албан ёсоор дэлхий нийтэд зарлан тунхагласных байлаа. Магадгүй энэ төрийн хойч үедээ дуурсагдах хамгийн том гавьяа энэ ч байж мэдэх.

Грек Ромоор эх ундаргаа болгосон Өрнийн соёл иргэншил удаан хугацааны турш ноёрхон тогтсоны эцэст сураг нь үл сонстож, харах бараа нь эс мэдэгдсэн хүннүчүүдээр толгойлуулсан бүдүүлгүүдэд мөхөөгдсөн тухай түүхэн эх сурвалжуудад бий. Ромын хүчирхэг төмөр цэргийг хөдсөн дээл хөдөрч, богино нум сум агсаж, махир сэлэм далайсан ухрахаасаа хэзээ ч ичдэггүй морьтнууд хоромхон зуурт л газрын хөрснөөс арчиж байсан нь өрнийхний хувьд ичиж үхмээр явдал. Жижиг том алив гүрэнд өөрсдийн эрх ашиг гэж бий. Бид тэднийг сүйрүүлсэн гүрний хойч ирээдүй гэж цээжээ дэлдмээр байхад өнөөгийн буурай бидний өвөг дээдэст сөхөрсөнөө хүлээн зөвшөөрөх дуртай үндэстэн бий гэж үү. Тиймээс л түүхийн нарийн баримт сэлтийг дэлгэж, тэднээр хүлээн зөвшөөрүүлэх нь бидний эхний алхам. Хэн гэгчийн үр сад чөтгөрийн буйд хязгаараас довтолгон ирж хүний соёл иргэншлийн сор болсон Ромын эзэнт гүрний амьсгааг таслав гэдэг нь ч өнөө хэр нь эрдэмтдийн гол ярианы сэдэв хэвээр байна. Түүгээр зогсохгүй Японы эргийн ойролцоо сүйрсэн Хубилайн хүчирхэг армийн хөлөг онгоцноос Ромын легонерийн дуулга хэдхэн жилийн өмнө олдсон нь тэд бидэнд зүтгэж байсныг батлах хангалттай баримт. Гэтэл бид түүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд л үлдсэн.

Тэгсэн хэрнээ Хүннү гүрэн үүсэн байгуулагдсны 2220, Их Монгол улс байгуулагдсны 805, Үндэсний их эрх чөлөөний хөдөлгөөн ялсны 100, ардын хувьсгалын 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв. Таагүй нь гэвэл 2220 жилийн өмнөх байтугай өнгөрсөн зууны түүх маань балархай эгшиг шиг бүдэг бадаг байсаар л. Төрийн тэргүүний хэлснээр, анх Улаанбаатар хотноо 1959 онд чуулсан олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлаас хойш  зөвхөн монгол хэл бичгийн судлал төдийгүй, Монгол судлалын хамгийн анхны олон улсын их хурал байсан гэнэ. Тэгвэл хагас зуун жилийн хугацаанд бид өөрсдийн гэх юуг тодотгож, юуг бүдгэрүүлэв.  

Монголоо алдсан ирээдүй…

Ердөө 300-хан жилийн түүхтэй америк, ер нь л өрөөлийн хэл соёл, хувцас, заншлаар гангарах дуртай монголчууд хундага тулгахаасаа эхлээд ерөөлийн үгээ хүртэл “камбай” гэж бусдыг дуурайна. Түүхэндээ нэг ч улс орныг эзэлж яваагүй, гуулин улсын үр хойч болсон солонгос  теле сериалаар 2220 жилийн түүхтэй Монголын маань хойч ирээдүй тархиа угаалгах болсоор удаж буй. Брэнд брэнд гэж бийлэгжүү загнах хэрнээ “би хэн бэ” гэдгээ ч мэдэхгүй өрөвдөлтэй хойч үеийнхэн маань монголоор нэг байна. Япон, Солонгос стиль гэгчээр өсвөр үеийнхэн дэгжирхэж, хөвгүүд эгээ л эм хүн шиг аашилж, маяглана.  Эр, эм нь ялгарахгүй хүүхдүүд хотоор нэг холхино. Уг нь өвөг дээдэс маань бусдыг даган дуурайхыг өөгшүүлдэггүй байлаа. “Монголоо алдсан гэдэг нь” хэмээн сургамжилж, буруу зөвийг нь ялгаж салгаад сургаал хайрлах өтгөс, өвгөд өдрөөс өдөрт цөөрсөөр.

Өнөөдөр англи, орос хэлийг монгол хүүхдүүд босоо бичгээсээ илүү мэднэ. Тэглээ гээд XXI зуунд тулганд аргал түлж сүүгээ хөөрүүлдэг, дэн барьж  бүдүүлэг буурайгаараа бай гэх ногоон үзлээр ухуулах нь мэдээж утгагүй.

Дэлхий дахин өнөөдөр хүнийг хувилах тухай ярьж суухад монголчууд монголынхоо зан заншил, ахуй амьдралын талаар дөнгөж энэ хичээлийн жилээс дунд сургуулийн сургалтынхаа хөтөлбөрт оруулж байна. Энэ хичээлийг “Монгол ахуйгаа сайн мэддэг хөдөөний өвгөн ч зааж чадна. Миний ээж ч зааж чадна” гэж олон улсын монголч эрдэмтдийн хурал дээр хэлнэ лээ. Бид одоо л дундаж зуунтайгаа хөл нийлүүлэн алхах нь. Өмссөн зүүсэн нь өөрийнх нь эсэхийг ч мэдэхгүй өрөвдөлтэй ч юм дөө, бид чинь.  

Босоо бичигжүүлэх аян…

Энэхүү “аян” хэрэгжээд саруй гаруй хугацаа өнгөрч байна. Энэ зарлиг бол төрийн албаны бүх бичиг, захидал монгол бичгээр болох тухай асуудлыг хөндөж баталсан зарлиг юм.Тиймээс долдугаар сарын 1-ээс эхлээд бусад улсын төрийн тэргүүнүүдэд явуулж буй бүх баярын бичиг, захиа, мэндчилгээг монгол бичгээр явуулж эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Тодорхой хэлбэл, төрийн албан ёсны харилцааны бичгээ монгол бичиг болгосон гэсэн үг. Харин төрийн түшээд, тэдний туслахууд хатуу зөөлөн дэвсгэрээ мэддэг гэвэл үнэндээ итгэхгүй юм. Харин одоо төрийн албаны шалгалтыг босоо бичгээр авдаг болох цаг тун ч ойрхон ирсэн гэдэгт итгэнэ. Тиймээс л бүх нийтээрээ монгол бичгээ сурах хэрэгтэй болж, ийм аян өрнөх нь гарцаагүй. Бичгээ мэдэхгүйгээс болж төрийн ажил завсардаж, Октябрийн баяраар ОХУ-д илгээх ёстой мэндчилгээ он дамжаад Валентины өдрөөр очиж болохгүй биз дээ.  

Монголд сармагчин олширсоор…

Тоймын эхэнд түүхийн балархай хэсгүүдийн талаар цухас дурдсан. Тэгвэл наадамчин монголчууд наадмын гурав, цагаан сараар тав хоног, үндсэн хуулийнхаа өдөр цэнхэр дэлгэцээр тархиа багагүй угаалгадаг. “Цаанаа л нэг сайхан шүү” гэх тэдгээр кинонуудыг соц нийгмийн хатуу бодлого дор хийсэн. Кинонд өгүүлж буй түүх нь XX зууны эхэн үеийнх. Тэдгээрт харуулснаар VIII Богд Жибзундамба хутагт бол жирийн ардыг дарангуйлагч. Хувьсгалын нэрт зүтгэлтнүүд болох Д.Бодоо, С.Данзан нар монголын дайсан хэмээн гардаг. Өөр үеийн кино ч ялгаагүй. Түүх гуйвсан зүйлүүд олон. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг тусгасан кино төдийлөн байхгүй. Харин ч жирийн иргэдийг гадны тагнуулчид байсан мэтээр хийсэн “Түмний нэг”-ээс эхлээд мэр сэр кино бий. Ийм түүхийг гуйвуулсан киногоо үзэж бид амьдарч байна. Гэтэл ОХУ-ын ХХ зууны түүх өдрөөс өдөрт өөрчлөгдөн улам шинэчлэгдэн баяжиж Сталин Гитлерээс дутахааргүй яргачин байсныг хүлээн зөвшөөрлөө. Харамсалтай нь манайд энэ бүхнийг хийж, судалсан хүмүүсийг өөрийн тусын тулд гадаадаас хувцас зөөсөн хүнээс багаар үнэлж буй. Монгол төр монгол түүхээ сурталчлах түгээн дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг болох кино урлагийг бодлогоор дэмжих цаг нэгэнт болжээ. Эс тэгвэл монголоо мэдэхгүй монголчууд олширсоор байх болно. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчингаас ялгаагүй гэдэг. Яг л түүн шиг юм юмыг даган дуурайх гэсэн сармагчид Монголд өдрөөс өдөрт олширсоор байна.

 Дээр нь Манжийн дарлалын үеийг судалсан судалгаа гэж бараг л үгүй. Тэгээгүйгээс тэр үеийн шилийн сайн эрс буюу өнөөгийнхөөр орчуулбал хулгайчдыг Манжийн эсрэг тэмцэгчид мэтээр ойлгож, магтуун дуулж, хөшөө хүртэл босгож ажгуу/Тоорой бандийн хөшөө гэх мэт/. Биднээс өөр хулгайчдад зориулж хөшөө босгодог улс бий гэж найдъя.  

Биднээс бусад нь…

Биднийг ингэж будилах зуурт өвөрмонголчууд хэзээний босоо бичгээрээ бичиж, халимагууд дэлхийд байхгүй шатрын ордон босгон, оюуны ертөнцийг эзэгнэж байна. Хүний түүхийн онцгой цаг үед торойн мандаж богино бус хугацаанд дэлхий ертөнцийг хяналтандаа байлгаж чаддаг хэт үндэстэнд Төв азийн Хүннү, Монгол, элсэн цөлөөр явагч Бадду буюу Араб хожмоо олон үндэстний нийлмэл америкчууд тооцогдох болсон. Соёл иргэншлийг нөгөөд шилжүүлэгч энэ алдрыг Хүннү, Чингисийн байлдан дагуулалтаараа хоёронтоо хүртсэн нь чухамхүү Төв Азийн нүүдэлчид өнөөгийн Монгол угсаатан агуу хувь тохиол ч гэлээ бид зөвхөн өнгөрснөө бус өнөөдрийг харах цаг болсон нь гарцаагүй. Гашуун үнэн гэвэл Лев Гумилевийн онол ёсоор өнөөдөр сэргэн мандаж бус уруудан доройтож буй хэт үндэстэн бололтой. Өчигдрөөрөө онгирч, өнөөдрөөс алгаа тосох өрөвдөлтэй гуйлгачин мэт.

Л.Нарантөгс

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж