Түүхий нүүрсний хэрэглээг зогсоовол дугуй, хуванцар сав шатаагчид нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоовол дугуй, хуванцар сав шатаагчид нэмэгдэнэ

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоовол дугуй, хуванцар сав шатаагчид нэмэгдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оноос нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглов. Ингэхдээ 2019 он хүртэл түүхий нүүрсийг халах төгс шийдлээ тэр тодотгоогүй бас өнөөдрийг хүртэл тодорхой эхлүүлсэн ажил алга. Гэхдээ нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй гэдгээ танилцуулсан. Нийслэлд утаа гаргаж буй 220 мянган яндан утаа гаргаж буй.  2019 оноос цахилгаан халаагуур тараах, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэж мөрөөдье. Ерөнхий сайдын хэлсэн нүүрс боловсруулах үйлдвэр барина гэдэгт итгэхээ түр азная. Учир нь утаатай тэмцэж байгаа 10 гаруй жилийн хугацаанд энэ амлалтуудыг өгөөгүй Засгийн газрын тэргүүн байхгүй. Бүр цаасан дээр хэдэн арван үйлдвэр барьж, төсөвлөж ирсэн гэдгийг сануулах нь илүүц биз. Товчхондоо Ерөнхий сайд бүрийн хэлдэг, хийнэ гэж амладаг бүхнийг У.Хүрэлсүх сайд ч мөн амлалаа.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн түүхий нүүрс нийслэлд оруулахыг хориглох нь хэр зөв бас бодитой шийдвэр вэ гэдгийг тунгаах гээд үзье. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг 220 мянган яндан бүхий гэр хорооллынхон гаргаж байгаа. Тэдний дийлэнх нь түүхий нүүрс хэрэглэдэг. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь түүхий нүүрс мөн ч гэсэн гэр хороололд өнөөдөр мод, нүүрсээ худалдаж авч чадахгүй айл өрхүүд хэд байгаа бол. Гэр хорооллын иргэд мод, нүүрснээс гадна шатаж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг шатааж байгаа нь агаарын бохирдлыг хортой бодисуудыг нэмэгдүүлдгийг зарим судлаачид онцолдог. Гэтэл өнөөдөр дугуй, гутал хүртэл шатааж байгаа өрх хэд вэ гэдгийг тооцож, судалсан байгууллага нэг ч алга. Гэхдээ захын гэр хорооллын амьжиргааны түвшингээс доогуур өрхүүд дугуй, гутал түлж байгааг хэлэх хүмүүс цөөнгүй. Мэдээж энд амьжиргааны түвшин, ажилгүйдэл, ядуурлыг ярихаа хойшлуулъя. Чухамдаа түүхий нүүрснээс гадна бусад төрлийн шатах бүтээгдэхүүнийг түлэх нь агаарт ямар хохирол учруулдгийг эрдэмтэд онцолж буй.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн
Хүнсний
лабораторийн эрхлэгч, доктор Б.Баярмаа

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Хүнсний лабораторийн эрхлэгч, доктор Б.Баярмаа

-Зориулалтын мод, нүүрснээс бусад төрлийн бүтээгдэхүүн шатаах нь хор хохирол нь маш их хэмжээний байдаг. Гэтэл иргэд энэ талаар мэддэг ч шатах төрлийн бүх бүтээгдэхүүнийг шатаадаг. Зориулалтын бус бүтээгдэхүүнийг дулааны зориулалтаар шатаахад дутуу шатдаг. Дутуу шатсан угаарын хий агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүч болж байна. Зарим иргэд хуванцар сав, сүүний сав, гутал, дугуй зэрэг материалыг түлдэг. Эдгээр нь шаталтын явцад маш хортой нэгдлүүдийг агаарт бий болгодог. Жишээлбэл, хуванцар материалууд нь дулаан ялгаруулах чиглэлээр хийгдээгүй учраас хамгийн хортой буюу диаксан промийн эсэл маш их хэмжээгээр үүсгэдэг. Энэ нь органик нэгдэл. Энэ нь хүнсний гинжин хэлхээнд орж байна. Хлор, бром зэрэг бодисууд шаталт өгөхөд агаар, ус, хөрсөөр дамжин тэр хүнсээр хооллосон амьтан, амьд хүн хорддог. Энэ нь хорт хавдар үүсгэх, урагт нөлөөлөх, хүүхдийн өсөлт, ой тогтоолтод нөлөөлдөг. Тэгэхээр зориулалтын бус буюу гялгар уут, дугуй, хуванцар зэрэг бүтээгдэхүүнийг шатааснаар агаарын бохирдлыг хортой бодисыг улам нэмэгдүүлж байна гэсэн үг. 

Зөвхөн дугуй гэхэд синтетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийгдсэн байдаг. Дугуй нь 17 төрлийн хүнд метал буюу бром, зэс, мөнгөн ус гэх мэт олон төрлийн органик бодисуудыг агуулдаг. Түлшийг хэмнэх зорилгоор дугуй шатаах нь нийтийн эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд хөнөөлт нөлөөтэй. Шаталтын үед зуу, зуун хортой бодис агаарт дэгддэгийн нэлээд хэмжээний жижиг хэсгүүд нь уушгинд үлддэг байна. Цаашид цусанд орж улмаар бие махбодын аль ч хэсэгт хүрч өвчлөл үүсгэх чадвартай. Агаарт тархсан бодисууд дээр дурдсан хор нөлөөнөөс гадна амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж, зүрхний өвчин үүсэх шалтгаан болно. Дугуй, хуванцар болон зориулалтын бус бүтээгдэхүүн шатаах үед үүссэн бодисууд эдгээр хордуулах нөлөөний зэрэгцээ хорт хавдар үүсгэдэг аж. Амьдралын боломжтой, орлоготой иргэд мод, нүүрсээ худалдаж аваад хэрэглэдэг бол амьдралын боломжгүй, нүүрсээ түлж чадахгүй иргэд шатах боломжтой бүх бүтээгдэхүүнийг шатааж байна. Энэ талаар иргэдийн байр суурийг сонсоход дийлэнх нь нүүрс, модоо түлдэг гэсэн хариулт өглөө. Харин амьдралын боломжгүй, нүүрс худалдан авах чадваргүй иргэд шатах боломжтой хуванцар сав, дугуй, гялгар уут зэргийг түлж байгаа гэдгээ хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн иргэн З.Батзориг

Баянзүрх дүүргийн иргэн З.Батзориг

-Манайх ихэвчлэн нүүрс түлдэг. Нүүрсээ өдөртөө нэг шуудайгаар нь авдаг. Портероор авч үзээгүй. Тийм боломж нь алга. Нүүрсгүй хөлдөж үхэх гээд хөнжлөө нөмрөөд хонож байсан үе зөндөө бий. Нүүрс, түлээгүй болчихвол янз бүрийн л юм шатаана. Шатаахаас өөр арга ч байхгүй, хөлдөж үхэлтэй нь биш. Бабришик ч гэсэн түлдэг.

Баянзүрх дүүргийн иргэн Г.Нарангэрэл

Баянзүрх дүүргийн иргэн Г.Нарангэрэл

Би хоёр хүүхдээ дааруулчихгүй юмсан гэж бодоод олдсоноо л шатаадаг. Нүүрсээ заримдаа дээд айлаас гуйна. Эсвэл илүү гарсныг нь гуйгаад авдаг. Нүүрсээ өдөрт гурав хийхгүй л бол гэр амархан хөрчихдөг. Өглөө сэрэхээр л цонх цанатчихсан их даарч сэрдэг. Дийлэнхдээ л нүүрс түлдэг. Заримдаа нүүрсний мөнгөгүй болчихвол дэлгүүрээс гуйгаад цаасан хайрцаг, хуванцар сав, илүү гарсан зүйлсийн шатаадаг. Ер нь утаа гэж яриад байна. Утаа ч гаргаж чадахгүй зутруухан байгаа айл зөндөө л бий шүү дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Өлзийбат
 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Өлзийбат

-Нүүрсээ л түлдэг. Халаалт тавиагүй болохоор хэцүү л байна. Нүүрснээс өөр жоохон мод авна. Өвөлдөө гурван портер нүүрстэй л онд орно. Нэг портер налайх нүүрс гадуур 250 мянгатай байна. Багануур нь 150 хавьцаа байдаг. Өдөртөө гурван удаа нүүрс хийдэг. Утаа гараад хэцүү байдаг юм. Ханан пийшин болохоор утаа ихтэй. Манай энэ хавиар утаа гайгүй.

Баянзүрх дүүргийн иргэн Н.Батжаргал

Баянзүрх дүүргийн иргэн Н.Батжаргал

-Манайх нүүрсээр биш цахилгаанаар халаадаг. Манай ойр хавийн айлууд дандаа л нүүрс хэрэглэдэг. Орой, үдшийн цагаар их л утаатай байдаг. Хааяа даа нүүрс түлнэ. Тогны мөнгө харьцангуй гайгүй гардаг. Сардаа 60 мянга орчим гардаг. Ер нь цахилгаанаар халаачихвал нүүрснээс арай хямдхан тусна. Үнэ өртөг ч гайгүй. Дандаа нүүрс түлээд байвал хэцүү л дээ. Манайх урьд нь ханан зуухтай байсан. Их л утаа гардаг байсан. Нэг гал түлэхээр л гэр дүүрэн утаа болчихдог. Тэр үед нэг портер нүүрсийг 150 мянгаар авдаг байсан. Налайхын нүүрс хамгийн гайгүй нь бусад нь шаталт, илчлэг муутай.

Өнөөдөртөө бүх иргэдээ орон сууцжуулаад, цахилгаан халаагуураар хангах боломжгүй ийм үед түүхий нүүрсийг хориглох нь хэр зохимжтой шийдвэр вэ. Түүхий нүүрсийг хориглосны дараа боловсруулсан түлш худалдаж авах боломжгүй иргэд нь юу түлэх вэ. Өнөөх хорт хавдар үүсгэгч, хүний эрүүл мэндэд заналхийлэх утаа гаргадаг дугуй, хуванцар сав зэргээ хэрэглээд эхэлбэл яах вэ. Түүхий нүүрснийхээ хэрэглээг шууд халахаас өмнө энэ бүгдийг тооцоод үзэхэд гэмгүй болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж