ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел Социал демократ намтай хамтран шинэ эвсэл байгуулах хэлэлцээрт өчигдөр /2018.02.07/ гарын үсэг зуржээ. Германы улс төрийн ажиглагчид энэ хэлэлцээр Европын тэргүүлэх эдийн засагтай Германы дөрвөн сар үргэлжилсэн улс төрийн яриа хэлэлцээг мухардлаас гаргана гэж үзэж байна.
Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо нам болон Социал демократ нам маргаантай асуудлуудаар тохиролцоонд хүрч, Меркелд дөрөв дэх удаагаа Германы Засгийн газрыг тэргүүлэхээр болж байна.
Талууд цагаачлалын асуудал болон “Brexit”-ийн асуудлаар ширүүн маргаж, тохиролцоонд хүрч чадахгүй байсан нь Европын холбоог түгшээж байсан юм.
ХБНГУ-ын улс төрийн тэргүүлэгч хоёр нам эвсэл байгуулж чадахгүй олон сар болсон нь Меркелийн дотоод болон гадаад улс төрийн тавцан дахь байр суурийг ганхуулж эхэлсэн билээ.
Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо нам, Мартин Шульцийн Социал демократ нам олон жил хамтран засаг барьж ирсэн бөгөөд энэ удаа дахин эвсэл байгуулж хэлэлцээр байгуулахдаа гадаад бодлого, хөдөлмөр эрхлэлт болон эрүүл мэндийн зэрэг олон асуудлаар тохиролцжээ.
Германд Меркелийн дүрвэгсдийн талаар явуулж ирсэн бодлогыг эсэргүүцэх эсэргүүцэл нэмэгдсэнээс болж өнгөрсөн намрын сонгуульд барууны үзэл баримтлалтай Альтернатив Герман нам парламентад анх удаа сонгогдсон.
Ээлжит бус сонгууль явуулсан тохиолдолд Альтернатив Герман намын улс төр дэх нөлөө улам бэхжиж, улс төрийн тогтворгүй байдал бий болох байсан учраас Меркел 2005 оноос хойш хоёр удаа хамтарч эвслийн Засгийн газар байгуулсан Социал демократ намтай хамтрах улс төрийн сонголт хийсэн.
Гэвч Социал демократ намын дарга Мартин Шульц хэлэхдээ “Меркелтэй хамтран эвслийн Засгийн газар байгуулах эсэх тухай эцсийн шийдвэрийг намын 460,000 гишүүн гаргана” гэсэн юм. Социал демократ намын зүүний болон залуучуудын барууны жигүүр Меркелийн сүүдэр дор дахин дөрвөн жил явахыг хүсэхгүй байгаа нь эвсэл байгуулахад хамгийн их саад болж байсан билээ.
Эх сурвалж: Agence France Presse