МСНЭ-ийн ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

МСНЭ-ийн ерөнхийлөгч өнөөдөр тодорно

МСНЭ-ийн ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж буйд харамсаж байна" хэмээн хэллээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ урьдчилсан байдлаар мэдэгдсэн дөрвөн гишүүн байна. Харин заалнаас нэр дэвших эрх хүн бүрт бий аж.

Монголын сэтгүүл зүйн салбарын бодлого, шийдвэрийг тодорхойлох Ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхий байдлаар:

  • МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар
  • Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион
  • Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс
  • "Зиндаа" сэтгүүлийн  эрхлэгч Х.Мандахбаяр нар өрсөлдөнө гэсэн товтой байна.

Энэ үеэр МНСЭ-ийн гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа.

МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батбаатар

МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батбаатар “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит 17-р хурал болж байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үндсэндээ зургаан төвд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Зургаан мэргэжлийн төвөөс их хурлын 305 төлөөлөгчийн мандатыг олгосон. Ингэхдээ дээрх мэргэжлийн төвүүдэд хэр олон гишүүд, аль мэргэжлийн төвд олонх нь хамаарч байна вэ гэдгээс шалтгаалан 20-70 квот ноогдуулан, ахмадуудад 30 хувийг ногдуулж төлөөлөгчийнхөө мандатыг олгосон юм.

Мандатын асуудлаар хурлын өмнө их маргаан гарч байна. МСНЭ бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших хүмүүс одоогоор тодорхойгүй байна. Ерөнхий байдлаар МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс, ‘Эрхэт Монгол’ группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр гэсэн хүмүүс яригдаж байна. Хурлын дэгийн дагуу нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдөх ёстой. Олонхын саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгч тодрох учиртай” гэв.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг “Ээлжит 17-р их хурал болж байна. Манай МСНЭ зургаан мэргэжлийн төвтэй байдаг. Сонин, сэтгүүл, телевиз, радио, орон нутаг, сургалт судалгаа гэсэн мэргэжлийн төвтэй. Ээлжит хурал болохын өмнө мандатын асуудал их яригдсан. Тухайн байгууллагад нэг мандат олгосон.

Өнөөдөр хуралд заалнаас нэр дэвших боломж бүх хүнд нээлттэй. Эцсийн байдлаар нэр дэвшсэн хүмүүс тодорхойгүй байна. Дүрмийн дагуу тухайн нэр дэвшиж буй хүмүүс нам бус, улс төрөөс хараат бус байх гэсэн зарчмыг тавьдаг. Миний хувьд энэ салбарт туршлагатай, салбарыг аваад явах менежмент сайтай, тийм хүн сонгогдоосой гэж хүсч байна’ гэлээ. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Манай МСНЭ-ийн 17-р их хуралд  305 төлөөлөгч оролцож байна. Хурлын өмнө мандат зарсан, худалдсан гэсэн хэл ам их гарсан. Мандатыг хурлаас нэг өдрийн өмнө буюу өчигдөр орой тараасан. Мандат олгох ажилд Ерөнхийлөгч, болон ажлын албанаас ямар ч нөлөө ороогүй. Урьд өмнө удирдах зөвлөл, ажлын хэсэг хамтраад төлөөлөгчөө сонгодог байсан бол энэ удаад арай өөр зарчмаар сонголоо. Хурлын өмнө нэр дэвшинэ гэдгээ урьдчилсан байдлаар зарласан дөрвөн хүн байна. Зарчмын дагуу ээр дэвшигчид мөрийн хөтөлбөр, ажлын туршлагаа танилцуулна. Харин танхимаас хэдэн хүн нэр дэвшихийг хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултыг өглөө.

 

Э.Ариун

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж