Ц.Баатархүү: Нийслэл засаглалын хямралд орлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Ц.Баатархүү: Нийслэл засаглалын хямралд орлоо

Ц.Баатархүү: Нийслэл засаглалын хямралд орлоо

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг өнөөдөр /2018.02.08/ мэдээлэл хийлээ. Тэд нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, УИХ, Засгийн газартаа асуудлаа дэвшүүлж ажиллах ёстой байхад ажлаа хийж чадахгүй байна. НИТХ болон Засаг даргаас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд хэрэгжих боломжгүй, хэм хэмжээ тогтоох чадамжгүй “цаас” болж хувирсан байна гэж үзэж байгаа аж. 

1992-2017 онд НИТХ болон тэргүүлэгчдийн хурлаас захиргааны хэм хэмжээний тогтоосон нийт 96 тогтоол батлан гаргаснаас өнөөдрийн байдлаар хоёр тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсэн байна.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү

Иймд  НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдсөнөөс эхлэн ИТХ, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар дагаж мөрдөх хууль тогтоомж байхгүй болсон байна. 

Иймд хэм хэмжээ тогтоосон актуудыг улсын нэгдсэн санд бүртгүүлэх, НИТХ болон Засаг даргаас хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаар хуулийн төслийг боловсруулан НИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт уламжлах шаардлагатай гэж үзэн тус намын бүлэг Нийслэлийн Засаг даргад хандаад байгаа юм байна. 

Мөн иргэдийн бухимдал төрүүлж буй автомашин ачилтын үйл явцыг олон нийтэд ил тод, ойлгомжтой болгох асуудлыг НИТХ-ын 2 дугаар сарын хуралдаанаар хэлэлцэх  асуудлын жагсаалтад оруулах нь зүйтэй” гэв. 

Учир нь тээврийн хэрэгсэл ачилтын талаар НИТХ-ын болон Хууль зүйн сайдын журам байдаг боловч Зөрчлийн хуультай холбоотойгоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. Автомашин ачилтын 17 компанийн үйл ажиллагаа, гэрээ, жилд ачсан машины тоо гэх зэрэг олон зүйлийг ойлгомжтой, нээлттэй болгох шаардлагатай, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд энэ үйл явцыг сайжруулах хэрэгтэй гэж тус намын бүлэг үзэж байгаа аж. 

Нийслэлийн хүүхдийн 98 хувийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Нийслэлийн хүн амын 34,48 хувь буюу 476,165 хүүхэд байна. Нийслэлийн хүүхдийн авъяасыг хөгжүүлэх чиглэлээр төвийн зургаан дүүрэгт нийт 98 сургалтын төв ажиллаж байгаагаас 2976 хүүхэд хамрагдаж байна. Монголын хүүхдийн ордны болон хувийн хэвшлийн сургалтын төвд нийт 9226 хүүхэд хамрагдаж байна. Энэ тооноос харахад нийслэлийн хүүхдүүдийн дөнгөж хоёр хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, үлдсэн 98 хувь нь тодорхой бодлогогүй орхигдож байна.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг

Мөн Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6740 хүүхэд хамрагджээ. Гэвч хамгаалал шаардлагатай олон хүүхэд цаана нь байна. 2017 оны байдлаар гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525, зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 685, ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21062, бүтэн өнчин 1573, хагас өнчин 11512 хүүхэд байгаа гэсэн Нийслэлийн статистикийн газрын тоо баримт байна. 2017 онд зөвхөн зам тээврийн ослоор 183 хүүхэд бэртэж, 58 хүүхэд нас барсан харамсалтай тоон мэдээ гарчээ. 

Дайн самуунтай улсаас аюултай нөхцөл байдалд Нийслэлийн хүүхдүүд амьдарч буй энэ байдалд одооноос анхаарч, хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө ажиллах зайлшгүй шаардлагатай байна. 

Иймд нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах зэрэг гурван чиглэл бүхий зөвлөмжийг Ардчилсан намын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлан зохион байгуулсан “Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийн үр дүнд гаргалаа. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын саналыг Ардчилсан намын эмэгтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргад хүргүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн” гэв. 

Үр дүнгийн үнэлгээ хийе

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх саналыг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг гаргаад байна. Агаар орчны бохирдол бууруулахад нийслэл жил бүр 3,8 тэрбумыг төсөвт суулгадаг. Нийслэлийн 2017 оны төсөвт 3.8 тэрбум төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэн баталсан Нийслэлийн төсвийн тодотголын 58.1.14-т 4.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 2017 онд 8,4 тэрбумыг тусгаж зарцуулсан байна. 2018 оны төсөвт мөн 3,8 тэрбумыг суулгасан байна. 

Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн үзэл санаанаас бусад нь утаа бууруулах үндсэн зорилгоосоо хазайсан төслүүд байсан гэж хэвлэлийн хуралд онцлов. Түүнчлэн ил тод байгаагүйн улмаас зарим нэг төсөл дээр бизнесийн нөлөөлөл, шахаа бий болсон байх үндэслэлтэй. Иймд Утааны эсрэг ээж аавуудын санаачилгыг дэмжиж, утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2 дугаар сард багтаан хийх шаардлагатай гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж