Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пёнчаны олимпийн нээлтэд оролцохоор маргааш /2018.02.08/ Өмнөд Солонгост очих гэнэ.
Дайны дараа Солонгос хоёр улс болж хуваагдсан цагаас хойш Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн гишүүдээс анх удаа Ким Ё Жон Өмнөд Солонгост айлчлах гэж буй нь энэ юм.
Хойд Солонгосын 22 төлөөлөгчийг Ардын их хурлын тэргүүлэгч, төрийн ёслолын дарга Ким Ён Нам ахлах бөгөөд тэдний дунд Үндэсний спортын удирдах хорооны дарга Чой Хи, Солонгосыг энхтайвнаар нэгтгэх хорооны дарга Ри Сон Воноос гадна 16 албан тушаалтан, гурван сэтгүүлч багтаж байгаа гэнэ.
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны гишүүн Ким Ё Жоны энэ айлчлал хоёр Солонгосын харилцааг шинэ түвшинд гаргахад Пхеньян ихээхэн анхаарал хандуулж буйн шинж гэж ажиглагчид үзэж байна.
Пёнчаны олимпийн наадмын нээлтэд оролцохоо мэдэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка болон Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон нар уулзах эсэх нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.
Эх сурвалж: NYtimes