Сэлбийг сэргээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Сэлбийг сэргээж эхэллээ

Сэлбэ голыг сэргээхээр ажиллаж буйг та ч харсан биз. Таатай мэдээлэл шүү. Үүнд Сүхбаатар дүүргийн зүгээс онцгой анхаарч, ажиллаж байгаа аж.  Энэ ажлын хүрээнд Сэлбэ голыг сэргээх, урсацыг нэмэгдүүлэхээр аж­лын хэсэг гарч ажиллаж байгаа. Нийт таван тэрбум 600 сая төгрөг зарцуулахаас энэ жил хоёр тэрбум орчмыг нь зарцуулж 100 айл орчмын гүүрээс Арслантай гүүр хүртэл тохи­жуулах ажлын бэлтгэл хийгджээ. Энэ ажлын хүрээнд сэлбэ голын эхний ээл­жинд тохижуулж, дараа нь хөрсний усыг нэмэгдүүлэх ажлыг хийх гэнэ. Хөрсний усыг нэмэгдүүлснээр Сэлбэ голын урсац нэмэгдэж анхны байдалд орохгүй ч иргэдийн амарч зугаалах тохитой орчинг бүрдүүлж, урсгалыг нь нэмэгдүүлэх юм байна. Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэхийн тулд тохижуулсан талбай бүхий бассейн байгуулах юм байна. Урсацыг нь сайжруулах зорилгоор бетон зутгаж, плёнк дэвсэж , томоохон хэмжээний бас­сейн байгуулахаар болсныг алба­ны­хан хэллээ.  Төлөвлөснөөр нь бол тухайн бассейнд цутггасан голын ус хальж цааш урсах гэнэ. Энэхүү төслийн хувьд экологийн тэнцвэр, орчны тохижилт, бусад орны хотуудын дундуур урсдаг голуудын жишигт нийцэхүйц байхаар төлөвлөж зураг төслөө боловсруулжээ. Гэхдээ төс­лийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд бүтээн байгуулалалтын трастад орж байгаа айлуудыг нүүлгэхээр тогтжээ. Энэ хэсэгт зөвхөн мод үржүүлгийн зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд газар олгох юм байна. Сэлбэ төслийн үр дүнд Сэлбийн гол эргэн тойрон ногоон байгууламж бүхий, явган хүний замтай, хөгжлийн бэрхшээлтэй хүн голын эрэг хөвөөгөөр зугаалж явж болохуйц зам хүртэл гаргаж өгөхөөр болжээ. Бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байгаа энэ сард албан ёсны нээлтээ хийх юм байна.

Одоогоор тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөгөөний дагуу ажиллаж ирэх арваннэгдүгээр сард 1,3 км-ийг тохижуулж, сэргээн хүлээлгэн өгөх гэнэ. Зуун айлын гүүрнээс Арслантай гүүр хүртлэх талбайг тохижуулж цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд шороог тэгшлэх, түүний эргэн тойрондох тохижилтыг хийж гүйцэтгэж байгаа. “Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бэлтгэл ажил нь эхэлсэн бөгөөд голын гольдрол засах, үерийн даланг хоёр талаар нь барина. Мөн усны түвшин баригч босго барих, голын хөвөөгөөр парк байгуулах, голын эргийн дагуу зам, гүүр шинээр барьж, засварлана. Сэлбэ голыг сэргээх ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард улс даяар мод тарих өдрөөр эргийн дагуу мянга гаруй мод тарьсан.  Тохижуулах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч ажлын явц сайн байгаа” гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх н.Энхцогт хэлэв.

Өнгөрсөн оны  арванхоёрдугаар сард Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооноос санаачлан  хотын дарга Г.Мөнхбаярт Сэлбэ голыг сэргээх төслийг танилцуулж байсан юм. Уг төсөлтэй хотын дарга танилцаж цаг үеэ олсон зөв ажил хэмээн гарын үсэг зурсан.  Энэ үеэр Хотын дарга Г.Мөнхбаяр “Өмнө нь нийслэлд хөрсний ус гадарга дээр гарч ирж, үүнийг зайлуулах ажил хийгддэг байсан. Харин одоо нийслэлд гүний цэвэр усыг ундны болон ахуйн үйлдвэрийн хэрэгцээнд ариг гамгүй ашигласнаас хотын дотор урсдаг гол, горхи татарч одоо сэргээхэд хүрсэн байна. Сэлбэ голыг сэргээх, ойр орчныг нь сэргээх төсөл хэрэгжиж байгаад талархаж байгаагаа” хэлж байсан. Ундны болон ахуйн зориулалтаар хэрэглэж гадаргуу дээрхи усны урсацыг нэмэгдүүлэхэд иргэд болон албаныхны оролцоо ч чухал юм. Нийслэлд 10 аруй жилийн өмнө урсаж байсан олон голоос өнөөдөр урсч байгаа нь гэвэл тоотой хэд байгаа. Тиймээс нийслэл хотын удирдлагууд үүнд анхаарал хандуулж нийслэлийн гүний усыг судлах ажлыг гадаадын улс орны эрдэмтэн судлаачидтай хамтарч эхлүүлсэн. Цаашдаа хөрсний усыг орон сууцны ариун цэврийн хэрэгцээнд ашиглах талаар судалгаа хийгдэж байгаа. Энэ судалгааны эхлэл нь  Сэлбэ болон дунд голыг сэргээх ажил болж байна. Сэлбэ голыг сэргээх төсөл жил гаруй хугацаанд цаасан дээр байснаа ийнхүү амьдрал дээр хэрэгжиж байгаад олон хүн сайшаалтай хандаж байгаа биз ээ. Төслийн хүрээнд зуун айлын гүүрнээс арван гуравдугаар хорооллын гүүр хүртэл 9500 ам метр явган хүний зам, дөрвөн гүүрэн гарц, арван нэгэн сүүдрэвч,  хоёр усан оргилуур, арван хоёр мянган ам метрт ногоон байгууламж  бий болгох зэргээр  ажил хийгдэх гэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж