Таамаг: Пёнчаны медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Таамаг: Пёнчаны медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлнэ

Таамаг: Пёнчаны медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлнэ

1954 оноос хойш спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага бэлтгэн хүргэж буй долоо хоногт гурван сая хувь борлуулагддаг Хойд Америкийн “Спорт иллюстрейтед” сэтгүүл олимпийн өмнөх таамгаа дэвшүүллээ. 

Сэтгүүлийн “Пёнчан-2018” өвлийн олимпод улс улсын баг тамирчид хэрхэн оролцож, медаль хүртэх талаар гаргасан урьдчилсан таамаг хэр оновтой байх эсэх спорт сонирхогчдын анхаарлын төвд байна. 

Өмнө нь Риогийн олимпод Нэгдсэн улсын гимнастикч Симона Байлз, усанд сэлэгч Кэти Ледеки, Японы гимнастикч Кохей Учимура зэрэг олон арван тамирчдын хүртсэн медалийн өнгийг, дээр нь медалийн тоог хүртэл зөв тааж байсан “Спорт иллюстрейтед” сэтгүүлийн тоймч Брайн Казнёв өөрийн дөрвөн жилийн турш судалсан судалгаан дээр үндэслэн Пёнчаны олимпийн талаарх таамгийг дараах байдлаар дэвшүүлжээ. 

Таамгаар бол өвлийн олимпийн түүхэнд нийт 329 медаль цуглуулан, бусад орныг тасархай тэргүүлж буй Норвеги улс энэ удаагийн цагаан наадмаас 17 алт, 15 мөнгө, 10 хүрэл нийт 42 медаль хүртэнэ хэмээн үзжээ. Ялангуяа биатлоны төрөлд дэлхийн аваргын гурван алтан медальт Йоханнес Тинес Бё эрэгтэйчүүдийн 10 км спринт, 15 км бөөн гараа, 20 км хувийн, 4×7.5км багийн төрөлд алтан медаль хүртэж, тэр дундаа өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин гэгддэг Францын Мартин Фуркадын ноёрхлыг бүрэн зогсоон хэмээн үзсэн байна. Мөн гүйлтийн цанийн эрэгтэйчүүдийн 1.4 км ойрын зайн спринт, 30 км скиатлон, 50 км бөөн гараа, 4×10км буухиа, эмэгтэйчүүдийн 1.2 км ойрын зайн спринт, 10 км чөлөөт, 30 км бөөн гараа, 4×5км буухиа гарааг норвегичуудын давамгайлал дор өрнөнө гэж таамаглажээ. Дээр нь Чарга, Сноуборд, Трамплинаас үсрэлт, цанийн фристайл төрлүүдээс медаль авах бүрэн боломжтой гэж үзсэн байна. 

Йоханнес Тинес Бё

Тэгвэл Пёнчанд хамгийн олон тамирчдын бүрэлдэхүүнийг илгээж байгаа АНУ-ын баг тамирчид энэ удаагийн ази тивд зохиогдох олимпиос 9 алт, 10 мөнгө, 9 хүрэл, нийт 28 медальтай нутаг буцна хэмээн таамаг дэвшүүлжээ.

2014 оны Сочигийн олимпийг бэртлийн улмаас өнжиж байсан нэгдсэн улсын алдарт тамирчин, олимпийн аварга Линдси Вонныг өөрийн гол амжилт үзүүлдэг уулын цанын Доунхилл ангилалд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдсэн ба тэрбээр саяхан CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ олимпийн наадмаас алтан медаль хүртвэл Цагаан ордон руу зүглэхгүй. Манай улсыг удирдаж байгаа хүн лидер биш" хэмээн ерөнхийлөгч Доналд Трампыг хурцаар шүүмжлээд авчээ.

Линдси Вонн

Өнгөрөгч онд Өмнөд Солонгосын Каннөн хотод болсон уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд олимп, дэлхийн аварга Японы Юзүрү Ханюг ардаа орхин түрүүлсэн, 18 настай уран гулгагч Нэтан Чен энэ удаа олимпийн наадамд Япон залууг гүйцэх бүрэн боломжтой гэж үзжээ.

Нэтан Чен

Дээр нь мөн олимпийн төрөлд нэмэгдсэнээс хойш тогтмол алтан медаль авч байгаа сноубордын төрөлдөө америкчууд энэ удаа доод тал нь 4 алтан медаль авах боломжтой гэсэн таамаглал гаргажээ. 

Өвлийн олимпийн түүхэнд нийт 26 алтан медалийг авсны 21-ийг нь шорт трекийн төрлөөр хүртсэн Өмнөд Солонгосын баг тамирчид нутагтаа зохиогдох тэмцээнд Брайн Казнёвын прогнозоор бол 4 алтан медаль авах бололтой. Тэр дундаа эмэгтэйчүүдийн 500 м, 1000 м, 1500 метрийн зайд дэлхийн аварга Чой Мин Жеоныг тэргүүлнэ, дээр нь багийн 3000м-т түрүүлнэ гэсэн таамаглал байна.

Чой Мин Жеон

Допингийн асуудлын улмаас ихэнх тамирчдаа гэртээ үлдээж, олимпийн логотой далбаан дор оролцохоор болсон ОХУ Пёнчанд туршлага багатай залуу тамирчдаас бүрдсэн баг илгээж байгаа. Тэднийг 2 алт, 5 мөнгө, 4 хүрэл, нийт 11 медаль авна хэмээн таамаг гаргаж, уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх өрсөлдөөн дэлхийн хошой аварга Евгений Медведева, тивийн аварга болоод удаагүй байгаа Алина Загитова нарын хооронд болох магадлал тун өндөр гэжээ.

Евгений Медведева

Алина Загитова

NHL буюу Хойд америкийн үндэсний хоккейн лиг, Олон улсын олимпийн хороотой тохиролцож чадаагүй боломжийг ашиглан Павел Дацюк тэргүүтэй тив хоорондын хоккейн лигийн тоглогчдоос бүрдсэн Оросын эрэгтэйчүүдийн шигшээ Пёнчанд түрүүлэх магадлал хамгаас их. Тэдэнд ганц саад болох боломжтой багаар Шведийн шигшээг нэрлэж байна. 
 

УЛС, ОРНУУДЫГ ДАРААХ БАЙДЛААР МЕДАЛЬ ХҮРТЭНЭ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ
 

Бэлтгэсэн Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж