Пёнчан-2018: Олимпийн наадмын тэмцээний талбарууд

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан-2018: Олимпийн наадмын тэмцээний талбарууд

Пёнчан-2018: Олимпийн наадмын тэмцээний талбарууд

Ази тивд 3 дахь удаагаа “саатаж” буй өвлийн олимпийн XXIII наадам эхлэхэд ердөө 1 хоног үлдээд байна.

Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын нээлт баасан гаригийн орой Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эхлэх бол өчигдөр /2018.02.08/ биатлоны спринт уралдаан, люж чарга, трамплин харайлтын албан ёсны бэлтгэл эхэлсэн байна.

Өмнөд Солонгосын зүүн хойд нутгийн Канвонь-ду аймгийн Пёнчан хотноо болох өвлийн олимпийн XXIII наадамд зориулж хэд хэдэн бүтээн байгуулалт хийсэн. Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын спортын тэмцээний талбаруудтай танилцъя.

Пёнчаны Олимпийн цэнгэлдэх

2014 онд бүтээн байгуулалт нь эхэлж байсан олимпийн цэнгэлдэх хүрээлэн 2017 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтанд орсон. Нийт 78 сая ам.долларын өртгөөр боссон олимпийн цэнгэлдэх нь 35.000 хүний суудалтай. Тус цэнгэлдэх хүрээлэнд олимпийн нээлтийн үйл ажиллагаа болж бамбар бадамлан асна. Мөн олимпийн наадамд оролцох 5 тивийн 92 улсын баг тамирчид жагсан орж ирнэ.

Пёнчаны Олимпийн цэнгэлдэх

——————————————————————————————–

Каннэ ордон:

Битүү дээвэртэй тус ордныг 2013-2016 оны хооронд барьж дууссан бөгөөд нийт 85 сая ам.долларын өртгөөр боссон. 12.000 хүний суудалтай ордонд уран гулгалт болон шорт-трейкийн спортын төрлүүд болно.

Каннэ ордон

Каннэ овал:

400 метрийн тойрог бүхий зууван хэлбэртэй ордонд гүйлтийн тэшүүрийн уралдаан болно. Тус ордныг 2014 оны аравдугаар сард барилгын ажлыг нь эхлүүлж  байсан бол хоёр жил гаруй хугацаан дараа буюу 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулж байжээ. 8000 хүний суудалтай ордонд өнгөрсөн оны гүйлтийн тэшүүрийн ДАШТ зохиогдож байсан.

Каннэ овал

Каннэ хоккейн ордон:

Өвлийн олимпийн эрэгтэй хоккейн тэмцээн явагдах ордныг 2016 онд ашиглалтад оруулсан. Нийт 10000 хүний суудалтай энэ ордон 90 сая ам.долларын өртөгтэй боссон байна.

Каннэ хоккейн ордон

Каннэ заал:

Олимпийн хотхоны хамгийн “хөгшин” барилга бол кёрлингийн тэмцээн болох Каннэ заал юм. 3500 хүний суудалтай. 1998 онд ашиглалтад оруулж байсан. Харин Пёнчаны олимпийн наадамд зориулан 2015 оны аравдугаар сард шинэчлэн засварласан. Энэ зааланд 1999 оны Азийн өвлийн наадмын шайбтай хоккейн уралдаанууд явагдаж байсан.

Каннэ заал

Квандогийн католик Их сургуулийн заал: 

60х30 метрийн мөсөн талбай бүхий ордны барилгын ажлыг 2014 оны зургадугаар сард эхлүүлж, 2017 оны хоёрдугаар сард бэлэн болгосон. 6000 хүний суудалтай энэ зааланд олимпийн эмэгтэй хоккейн тэмцээн болно.

Квандогийн католик Их сургуулийн заал

Алпенсиа слайдинг төв:

Алпенсиа бааз дахь энэ төвийг олимпийн наадам зориулан 2016 онд барьж ашиглалтад оруулсан. 7000 хүний суудалтай тус байгууламж нь 114.5 сая ам.долларын өртгөөр боссон. Энд олимпийн чарганы төрлүүд болох люж, бобслей, скелетоны төрлийн тэмцээнүүд болно.

Алпенсиа слайдинг төв

Алпенсиа цанын харайлтын бааз: 

2008 онд ашиглалтад орсон тус бааз нь 13500 хүний багтаамжтай. Цанын харайлтын баазад олимпийн наадмын трамплин харайлт, цанын хоёр төрөлт болон сноубордын биг эйр төрлүүд болно.

Алпенсиа цанын харайлтын бааз

Алпенсиа гүйлтийн цанын төв:

Алпенсиа бааз дахь тус байгууламжийг 1995 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд сүүлд 2009 онд сэргээн засварласан. Тус баазад олимпийн наадмын биатлон болон гүйлтийн цанын төрлүүд явагдана.

Алпенсиа гүйлтийн цанын төв

Драгон цанын бааз:

Өмнөд Солонгосын хамгийн том цанын бааз болох Ёнпхён буюу Драгон цанын баазыг зуны цагт гольфийн төв болгон ашигладаг. Энд уулын цанын слалом болон жиант слалом төрлийн уралдаанууд болно.

Драгон цанын бааз

Чунбон уулын цанын төв:

Пёнчанаас холгүй орших уулын цанын энэхүү баазад олимпийн наадмын уулын цанын доунхилл, супер-жи болон комбинот төрлүүдийн тэмцээн болно. Энд нэг дор 6000 хүний хүлээн авах боломжтой.

Чунбон уулын цанын төв

Бокван парк: 

Канвонь-ду аймгийн Бонгпён тосгонд байрлах энэхүү цанын баазад цанын чөлөөт үзүүлбэр болон сноубордын ихэнх төрлүүдийн тэмцээн болно.

Бокван парк

Бэлтгэсэн Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж