Өнгөрсөн мягмар гаригт (2018.02.06) 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон Тайванийн зүүн эргийн Хуалиан хотод монгол оюутнууд байжээ. Тэднийг өнөөдөр өглөө газар хөдлөлтийн бүсээс 200 км-ийн зайтай газарт нүүлгэн шилжүүлсэн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тайванийн Хуалиан хотын Цжучи их сургуульд 6 оюутан, Дунва их сургуульд 10 оюутан тус тус суралцдаг байна. Газар хөдөлснөөс хойш 24 цаг болоогүй байхад 5.7 магнитудын хүчтэй дахин газар хөдөлжээ.
Тайпэй хотоос 260 км-ийн зайд оршдог зүүн эргийн Хуалиан хотод болсон газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшинд олон арван хүн дарагдсан гэж оршин суугчид болон гэрчүүд хэлж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр нурсан барилга, байшингаас 196 хүнийг аварч, гаргасан ажээ.
Амиа алдсан хүний тоо мэдэгдэж байгаа нь найм боловч үүнээс олон хүн амиа алдсан байж болзошгүй гэх таамаг байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас 257 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 67 хүн сураггүй алга болжээ. Сураггүй алга болсон хүмүүсийг газар хөдлөлтийн улмаас хазайсан 12 давхар зочид буудал, халуун тогооны рестораны барилга дотор гацсан гэж таамаглаж байгаа ажээ.
Газар хөдлөлтийн дараа 800 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор 500 орчим хүн Хуалиан хотын Гимназид, 300 орчим хүн Чунва бага сургуулийн байранд түр байрлаж байгаа гэнэ. Газар хөдлөлтийн бүсэд гадаадын 31 иргэн байсны дунд Монгол, БНСУ, Япон, БНЧУ, Филиппин болон Сингапурын иргэд байжээ.