Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож, 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.
Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу шинэчлэгдсэн түвшинг тогтоожээ.
Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж, өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар нэмэгджээ.
Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг, Үндэсний статистикийн хорооны 2017 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.2-20.8 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү байгаа аж.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо