Оёдлын салбарынхан нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.08-нд нийтлэгдсэн

Оёдлын салбарынхан нэгдлээ

Оёдлын салбарынхан нэгдлээ

2018 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийн салбарт нэгэн чухал арга хэмжээ Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж өнгөрлөө. 

Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарынхан тэр дундаа оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний 81 компанийн захирлууд бүтэн өдрийн турш чуулж холбооны дүрмээ батлан, Тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө сонгон мэргэжлийн холбоогоо байгууллаа. 

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны тэргүүн зорилго нь гишүүн байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар эвлэлдэн нэгдэж, салбарын ажилтан ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, хууль, эрх зүй, бизнесийн орчныг сайжруулах, төрийн худалдан авалтаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ сэргээх бодлогын хүрээнд нэг дуу хоолой, нэг үзэл санаатай, нэгдсэн мэргэжлийн чиг үүрэгтэй холбоо байхаар тусгажээ. Мөн нэн чухал тэргүүний зорилго нь дэлхийд өрсөлдөх монгол брэндүүдийг бий болгох, дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн бодлогыг төр засаг болон бүхий л шатны байгууллага хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм байна. 

Жилд 500-600 тэрбум төгрөгийн бараа эргэлттэй салбарын нийлүүлэлтийг авч үзвэл Монголын оёдлын үйлдвэрүүд нэг хүрэхгүй хувийг хангадаг гэхээр үнэхээр харамсалтай тоо юм. Төрийн үндсэн чиг үүрэгт үндэсний үйлдвэрлэлийг олноор хөгжүүлэх замаар ажлын байрыг ихээр бий болгон тэр дундаа, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүдийг ажлын орлоготой болгодог энэ салбарыг хөгжүүлэхэд чиглэх ёстой. Өндөр мэргэжил, сургалт дадлагажуулалт төдийлөн ихээр шаарддаггүй шууд ажлын байранд суралцан ажиллах боломжтой хамгийн хурдан хөгжих салбар бол оёмол бүтээгдэхүүний салбар юм.

Энэхүү салбарын түүхийг нэхэн санавал социализмын материал техникийн, баазыг бэхжүүлэх, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлогын оргил үе гэж болох 1980-иад оны төгсгөлд 30’000 давсан ажиллагсадтай дотоодын өргөн хэрэглээний барааны 70 гаруй хувийг хангадаг нэр хүндтэй том салбар байсан бол өнөөдрийн байдлаар 2500 орчим ажилтан, ажиллагсадтай болтлоо сулраад байгаа билээ. Монголчууд хүрсэн амжилтаасаа ийнхүү ухарсан ухралтыг Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо идэвх санаачилгатай ажиллан засаж хөгжүүлэхэд манлайлан ажиллана гэж салбарын ажилтан ажиллагсад найдлага тавьж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж