ТАНИЛЦ: Монголын хамгийн том заалтай Пэйнтболл клуб

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Монголын хамгийн том заалтай Пэйнтболл клуб

ТАНИЛЦ: Монголын хамгийн том заалтай Пэйнтболл клуб

Пэйнтболл нь экстрим, нэг төрлийн багийн спорт юм. Тус хобби нь залууст эрч хүчтэй, хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлэх боломжийг олгодог гэдгээрээ залуусын дунд нэлээн алдартай. Пэйнтболл тоглохын давуу тал нь найз нөхөдтэйгээ нэг баг болж, төлөвлөгөө боловсруулан, эсрэг талын багийн хүмүүстэй байлдах нь маш сонирхолтой байдаг гэнэ. Энэхүү спорт нь олон нийтэд өрсөлдөөнт тоглоом болон цэргийн сургуулилт, бай буудах, чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх тоглоом болон дэлгэрсээр байна. Эрчүүдийн тухайд бага байхаасаа л байлдаж тоглож өссөн учир тус тоглоом тэдэнд маш ойр төдийгүй хүүхэд насыг нь санагдуулж, хөөр баярыг бэлэглэдэг гэх судалгаа хүртэл бий.

Монгол Улсад 2004 онд пэйнтболл орж иржээ. Гэхдээ тэр нь зөвхөн цагдаа цэрэг хүчний дунд бэлтгэл хийхэд зориулагдсан учир энгийн иргэд тоглох боломжгүй байсан байна. Харин Оросууд 2009 онд Гачууртын үйлдвэрийн объектод пэйнтболл ажиллуулж байсан ч удалгүй хаагдаж байсан түүхтэй. Пэйнтболл нь будагтай бөмбөлгөн сумаар бууддаг тусгай хийн буу ашиглан багаар тоглодог спорт тоглоом юм. Харин манай улсын хувьд цөөнгүй пэйнтболл клубууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монголын хамгийн том заалтай “Grand Team” пэйнтболл клубээс доорх мэдээллийг бэлтгэлээ.

Биднийг очиход “Grand Team” клубийн үүсгэн байгуулагч Б.Төрбат угтан авсан юм.Тоглолтын орчин нь counter strike /CS/ тоглоомын хэсгийг бүхэлд нь бүрдүүлсэн санагдав. Тоглолтын талбай нь 600 орчим метр квадрат, хоёр давхар бөгөөд нуугдаж болохуйц олон жижиг хэсгүүдтэй юм. Нэг хүний цагийн 20,000 төгрөг.

Тоглолтын багийн бүрэлдэхүүнд 5:5 хүн тоглодог. Хувцас хэрэглүүрийг танилцуулбал пэйнтболлын буу, маск болон нүдний шил, цамц болон өмд,тохой,өвдөгний хамгаалалт, бээлий зэрэг ордог байна. Хар өнгийн хувцас нь цагдаа,алаг эрээн хувцас нь террорист буюу алан хядагч тал гэд хоёр өнгөөр хуваагдаж тоглодог аж. Зааланд хамгийн ихдээ 8:8, 16:16, хамгийн багадаа 4:4, 2:2 хүмүүс тоглох боломжтой гэнэ.

Тоглолтын заалны горимыг сонирхуулбал.

"Light mode" – Гэрэлт горим

Гэрэлтэй орчинд хоёр талын тоглогчид  тоглох бөгөөд үзэгдэх орчин маш сайн. Конторын төөрдөг хэсэг нь гэрэлтэй, харин террористын төөрдөг хэсэг нь  харанхуйд байрлана.

"Night mode" – Шөнийн горим

Харанхуй орчинд тоглох үед танаас авхаалж самбаа маш ихээр шаардана. Заалны гэрлүүд давтамжтайгаар асаж, унтрах тул эсрэг талын хүмүүс хаанаас ч гарч ирэх боломжтой тул та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

"SMOKE MODE" – УТААТ ГОРИМ

Тоглолт эхлэх үед заалны хоёр талаас утаа тавьж өгнө. Тоглогчийн буу нь лазертай байна. Утаа нь хүнд ямар нэгэн харшил өгөхгүй.

“Grand Team” клуб пэйнтболлын тоглоомын онцлох хэсэг нь өнгө өнгийн будган сум байдаг ч, өртөг өндөртэй учир сургалтын зориулалтай буюу үрлэн резин сум ашигладаг болжээ. Тийм ч учраас сумны тоо хязгааргүй гэдгээрээ ихээхэн онцлог юм.

Клубийн үүсгэн байгуулагч Б.Төрбат “Тоглолтын талбайг анх байснаасаа тав дахь удаагаа өөрчлөгдөөд байгаа нь энэ. Тоглолтын газрууд нэгэн хэвийн байгаад байдаггүй. Хүмүүс өөр нөхцөл байдал, шинэ орчинд тоглох дуртай байдаг. Улиралдаа эсвэл удлаа гэхэд зургаан сардаа заалаа өөрчилдөг. Байнга ирж тоглодог хүмүүс илүү сонирхолтой ямар орчин байж болох вэ гэдэг дээр бид илүү анхаарал тавьдаг. Хөндлөнгийн хүмүүс харахад  нэгнээ буудаад байгаа мэт боловч цаана нь багийн ажиллагаа явагддаг” гэв.

Хөгжилтэй нэгэн зүйлийг хэлэхэд албан байгууллагын хүмүүс бөөнөөрөө ирж тоглодог гэнэ. Энэ үеэр даргыгаа “андуурч буудна шүү” гэж тоглолтын талбайн гадна яриад хуйвалдаад ордог тохиолдол ч бий гэнэ шүү.

Судалгаагаар пэйнтболлоос авсан нүдний гэмтэл нь маск гэх мэт хамгаалалтын төхөөрөмж хэрэглээгүй, эсхүл тоглогч өөрөө тайлсан тохиолдолд авсан гэмтэл байдаг байна. Аюулгүй байдлын үүдээс дийлэнх пэйнтболлын талбайд маск зүүх дүрмийг хэрэгжүүлдэг. 2007 онд Канадад пэйнтболл тоглож байсан 11 насны хүү маскаа тайлсан үедээ мөн ижил талбайд тоглож байсан насанд хүрсэн тоглогчийн суманд өртөж, гэмтэл авсан тохиолдол гарч байжээ. Үүнээс үүдэн пэйнтболл тоглох насны доод хязгаарыг 16 хэмээн тогтоосон аж. Энэхүү дүрэм “Grand Team” пэйнтболл клубт ч мөн үйлчилнэ.

 

Гэрэл зургийг Н.Батмөнх

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж