ХОТЫН ЦАГ АГААР
Өнөөдөр өдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч ширүүснэ.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1947.02.08 МАХН-ын 11-р Их хурал хуралдаж, БНМАУ-ын улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
1990.02.08 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.
2016.02.08 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, "Монголын алт" ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгов.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17-р Их хурал нийслэлийн Иргэний танхимд болно.
- "ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ИРГЭН БҮРТ” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордоны Б танхимд эхэлнэ.
- Зудын эрсдэлд орсон таван аймгийн таван сумын зорилтот бүлгийн 500 гаруй малчин өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалахад зориулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас илгээх тэжээлийн тусламж хүргэх цуваа Улаанбаатараас хөдөлнө.
10.30
- НИTX дахь Aрдчилсан намын бүлэг НЗДТГ-ын ‘А’ танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00
- “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдэнэ.
11.30
- МАХН-ын дарга асан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс тус намын II чуулганд оролцсон хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн талаар МАХН-ын гишүүд "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН Их чуулганы талаар мэдээлэл хийнэ.
12.00
- Балетын мастеруудтай уулзах өдөр. Монголын шилдэг бүтээлүүдийг тайзнаа дэглэн амилуулж, үзэгчдийн нүд, сэтгэлийг шилдэг бүтээлээр баясгаадаг үе үеийн шилдэг балетмейстерүүд сонгодог урлагийн үзэгчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Уран бүтээлч, үзэгчдийн уулзалт ДБЭТ-т болно.
13.00
- Таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд болно.
14.00
- МҮХАҮТ-ын их зааланд “Цагаан сар-2018” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд үндэсний хэмжээний томоохон компаниуд, орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцоно.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ
Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
- Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
- Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох;
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Холбоотой мэдээ