"Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадам маргааш /2018.02.09/ нээлтээ хийнэ.
Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын түрүүч гурав хоногийн өмнө олимпийн тосгонд очсон. Өнөөдөр зарим албаны хүмүүс Пёнчан хотыг зорино.
Энэ удаагийн олимпийн наадамд Монголыг төлөөлж 30 гаруй хүн явна гэсэн мэдээлэл сошиалд түгсэн нь ташаа юм. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны албан ёсны мандаттай тамирчин, дасгалжуулагч, олимпод тамирчдаа илгээж буй тухайн улсыг төлөөлж, зайлшгүй оролцдог болон уригддаг албаны хүмүүсийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хоёрдугаар сарын 02-ны өдрийн хурлаар “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнийг баталсан байдаг.
“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадамд Монголын баг тамирчид дараах бүрэлдэхүүнтэй оролцоно.
– МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН БҮРЭЛДЭХҮҮН –
- Б.Бат-Эрдэнэ /Багийн ахларгч. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Монголын баг тамирчдын ахлагч нь “Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадамд оролцогч орнуудын багийн ахлагч нарын хуралд өдөр бүр оролцож, Олимпийн наадам зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжүүдийг үндэслэн баг тамирчдаа ахлан, удирдах ажлыг гүйцэтгэнэ. Мөн Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон бусад соёлын арга хэмжээнд оролцоно. Замын зардлыг ОУОХ, байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хорооноос хариуцдаг/.
- Х.Хаш-Эрдэнэ /Дасгалжуулагч. Олимпийн наадам зохион байгуулах хорооны бэлтгэл, сургуулилтын хуваарийн дагуу тамирчдаа дасгалжуулж, тэмцээнд оролцуулна. Дасгалжуулагч, тамирчид нь олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд жагсан оролцоно. Замын зардлыг БТСГ, байр хоолны зардлыг олимпийн наадам зохион байгуулах хорооноос хариуцна/.
- Б.Ачбадрах /Тамирчин. Монголын багийн тугч. Хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт гүйлтийн цанын 15 км-ын зайд Монгол Улсаа төлөөлөн уралдана/.
- Ч.Отгонцэцэг /Тамирчин. Хоёрдугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт гүйлтийн цанын 10 км-ын зайд Монгол Улсаа төлөөлөн уралдана/.
- Д.Хишигжаргал /Монголын цанын холбооны ерөнхийлөгч. Олимпийн наадмын эхний өдрүүдэд ажиллана. Нээлтийн ажиллагаанд оролцоно. Монголын цанын холбооны удирдлагууд нь Олон улсын болон Азийн цанын холбоо бусад олимпийн наадамд оролцогч улс, орнуудын цанын холбоодын удирдлага, төлөөлөгчидтэй уулзалт хийнэ. Замын зардлыг Монголын цанын холбоо, байр хоолны зардлыг олимпийн наадам зохион байгуулах хороо хариуцна/.
- Ч.Гантөмөр /Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч. Олимпийн наадмын сүүлийн хоногуудад ажиллана. Хаалтын ажиллагаанд оролцоно/.
- Б.Баяртуяа /МҮОХ-ны Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга. Монголын баг тамирчдын штабыг хариуцан ажиллах бөгөөд олимпийн наадам зохион байгуулах хорооны мэдээ, мэдээллийг баг тамирчдадаа хүргэж, тэмцээн уралдааны техникийн зөвлөгөөнд оролцоно. Мөн орчуулагчийн үүрэгтэй. Замын зардал болон байр хоолны төлбөрийг олимпийн наадам зохион байгуулах хороо хариуцна/.
- А.Ундрал /Монголын багийн пресс атташе, МҮОХ-ны хэвлэл мэдээлэл, түншлэл хариуцсан нарийн бичиг. ‘Пёнчан – 2018’ Олимпийн наадам зохион байгуулах хорооны хэвлэл, мэдээллийн төвд ажиллаж, олон нийтэд олимпийн наадамтай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэнэ. Замын зардал болон байр хоолны төлбөрийг МҮОХ хариуцна/.
ОУОХ-ны зочин /Өөрийн нэг зочинг урих эрхтэй/
- Ш.Магван /ОУОХ-ны гишүүн/
- ОУОХ-ны гишүүний зочин
ОУОХ-ны урилгаар /Гэр бүлийн хамт уригддаг/
- Д.Загдсүрэн /МҮОХ-ны ерөнхийлөгч/
- Э.Бадар-Ууган /МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
МҮОХ-ны удирдлагууд нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Үндэсний олимпийн хороод, Олон улсын болон Азийн цанын холбоо, Олон улсын тэшүүр, Биатлоны холбооны удирдлага, төлөөлөгчидтэй уулзалтуудыг хийнэ. Мөн Олимпийн наадам зохион байгуулах хорооноос явуулж буй соёлын болон бусад арга хэмжээнүүдэд оролцоно. Замын зардал болон байр хоолны төлбөрийг ОУОХ хариуцна.
ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ УРИЛГААР /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эсвэл салбарын сайд уригддаг/
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
- Сайдын спорт хариуцсан зөвлөх Н.Баярсайхан
Эдгээр 14 хүнд ОУОХ өвлийн олимпийн мандат буюу ID card олгожээ. Түүнчлэн ОУОХ, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос сурвалжлах эрхийн мандат авсан гурван сэтгүүлч Пёнчаны олимпийг сурвалжилна.
Хэвлэл, мэдээлэл
- Б.Цагаанбаатар /Сэтгүүлч/
- Ч.Ганбат /Фото/
- Э.Харцага /Фото/
Хэвлэлийн багт мөн МҮОНРТВ, ТВ-5, UBS телевизийн сэтгүүлчид нэмэгдэх ба тэд Asia-Pacific Broadcasting Union (ABU) буюу Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоогоор дамжуулан олимпийн наадам сурвалжлах эрхийн мандатаа захиалдаг.
Б.БАДМАА
Эх сурвалж: МҮОХ