Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон билээ. Хоёр жилийн өмнө тус улсын Ерөнхий сайд Нерандра Моди Монголд айлчлахдаа уг зээлийг өгөхөө амалж, гэрээ хэлэлцээр нь Ч.Сайханбилэг болон Ж.Эрдэнэбатын засгийн үед явагдсан. Нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1,75 хувийн хүүтэй байх юм.
Ч.Сайханбилэгийн засгийн үед Энэтхэгээс авч байгаа хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын цахилгаан станц барихаар төлөвлөж байсан юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар уг мөнгөөр нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Тодруулбал, нэг тэрбум ам.доллараар Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан ширээтэд газрын тосны боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Санхүүжилтийг үйлдвэрийн ажил эхлэхээр зориулалт зориулалтаар нь ЭКСИМ банкнаас шилжүүлэхээр хоёр улс тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл монголчууд мөнгөө аваагүй, харин зээлийн хүү 2017 оны долдугаар сараас эхлэн 1,75 хувиар бодогдоод эхэлчихсэн гэх мэдээлэл байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих компанийг одоогоор сонгоогүй байгаа. Энэ талаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Ганболд “Энэтхэгт тендер зарлаж байгаа. Гэтэл Монголын хуулиар Монголд бас тендер зарлах ёстой болоод байгаа юм. Тэгэхээр хоёр улс нийлээд тендер зарлах уу, эсвэл Энэтхэг зарласан материалаа Монголд явуулах уу гэх зэргийг ЭКСИМ банктай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай” гэж мэдэгдсэн байдаг.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж хэлж байсан юм.
Ийнхүү зээлээ аваагүй байж тоолуур нь гүйж эхэлсэн мөнгийг ТЭЗҮ нь гараагүй үйлдвэр барих төсөлд зарцуулахыг эрдэмтэд судлаачид эсэргүүцэж байгаа юм. Учир нь уг мөнгийг эдийн засгийн эргэлт нь хурдан ашигтай төсөлд зарцуулах ёстой гэсэн байр суурийг хэлэх хүмүүс олон байна.