Өмнөд Солонгос улсын Пёнчан хотод болох өвлийн XXIII олимпийн наадам маргааш /2018.02.09/ нээлтээ хийнэ.
Өвлийн спортын сонирхолтой төрлийн нэг болох кёрлингийн холимог хосын төрөлд Канад, БНХАУ, Финланд, Норвеги, Олон улсын олимпийн хороо (ОХУ), БНСУ, Финланд, АНУ гэсэн найман баг оролцоно.
Өнөөдөр нийт найман тоглолт болох бөгөөд Улаанбаатарын цагаар 10:00, 21:00-с тоглолтууд явагдана.
Кёрлингийн холимог хосын нээлтийн тоглолт АНУ – Олон улсын олимпийн хорооны (ОХУ) багийн тоглолтоор эхэлнэ. Тэмцээнийг зохион байгуулагч орон болох БНСУ-ын баг Финланд, БНХАУ-ын багтай тоглоно.
ХУВААРЬ: (2018.02.08)
Үдээс өмнө: (10:00)
- АНУ- Олон улсын олимпийн хороо (ОХУ)
- Канад – Норвеги
- БНСУ- Финланд
- БНХАУ – Швейцарь
Үдээс хойш: (21:00)
- Финланд – Швейцарь
- БНХАУ- БНСУ
- Олон улсын олимпийн хороо (ОХУ) – Норвеги
- АНУ – Канад
Кёрлингийн холимог хосын урьдчилсан тоглолтууд ирэх ням гариг хүртэл үргэлжилж, хагас шигшээд үлдсэн багууд даваа гаригт (2018.02.12) болж, хоёрдугаар сарын 13-ны өдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.
КЁРЛИНГИЙН СПОРТЫН ТУХАЙД
Кёрлингийн холимог хос төрөл: Кёрлингийн спорт нь анх 1924 оны Шамони өвлийн олимпийн хөтөлбөрт багтаж байсан боловч түүнээс хойш 1998 оны Наганогийн өвлийн олимп хүртэлх хугацаанд олимпийн хөтөлбөрөөс хасагдаад байсан. 1998 оноос хойш 2002, 2006, 2010, 2014 оны өвлийн наадамд зөвхөн эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байв. Тэгвэл энэ удаагийн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмаас эхлэн хоёр тамирчнаас бүрдсэн холимог хос төрөл олимпийн хөтөлбөрт багтаж байна.
Хүмүүсийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, биеийн тэвчээр, хурд хүч, оюун ухааныг төвлөрүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлж буй нь энэ спортын давуу тал юм. Уг спортод насны хязгаар байхгүй, бөгөөд залуучууд болон ахмадууд нэг дор хичээллэх боломжтой.
Энэхүү спорт тоглоом нь 1511 онд Шотланд улсаас үүсэлтэй бөгөөд мөсөн талбай дээр тоглодог байжээ. Кёрлингийн хамгийн анхны дүрмийг 1704 онд баталсан бол холбоо нь 1828 онд байгуулагдсан байна.
Тоглолтын дүрэм, хугацаа:
Тэмцээний мөсөн талбай дээр хоёр баг бие биеийнхээ эсрэг нэгэн зэрэг тоглодог дүрэмтэй. Багууд нь талбайн эсрэг талд орших дугуй хүрээн доторхи (House) буюу үүрний төвд (бейсболтой адил үүр эзлэх) бөөрөнхий чулууг (Stone) гулсуулан түлхэж байрлуулах журмаар тоглоно. Нэг тоглолт 10 (End) буюу Монголоор “үе”-ээр явагдана. Нэг багаас дөрвөн тоглогч нь талбайд гарна. Талбайд нэг багт найман ширхэг чулуу оногддог.
Тоглолтын талбай:
Энэхүү спортын тэмцээнийг мөсөн талбай дээр, танхимд зохион байгуулдаг билээ. Нэг тэмцээний үед дөрөв хүртэлх талбайг байгуулан найман багийн тоглолтыг зэрэг явуулж болдог. Эдгээр талбайн хооронд коридор гаргаж тамирчид, шүүгч нарыг чөлөөтэй алхах бололцоог олгоно. Тэмцээнд ихэвчлэн хоккейн ордон, талбайг ашигладаг. Мөн гадаа мөсөн талбай дээр ч тоглож болохоороо онцлогтой. Талбайн хэмжээ урт нь 44.5, өргөн нь 4.75 метр хэмжээтэй байх юм. Талбайд хажуугийн болон нүүрний шугамнуудыг татаж, өндөрлөн хаалт хийж, тогтоосон хэмжээнд байгуулна.
Тоглолтын хэрэгсэл буюу бөөрөнхий чулуу, тамирчдын хэрэгсэл:
Чулууны жин нь 19.96 кг бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, бариултай байдаг. Чулууг хагарч хэмхэрдэггүй хатуу гранит материалаар хийнэ. Тоглолтод 16 чулууг ашигладаг. Нэг баг нь найман ширхэг нэг өнгийн “чулуу” эзэмшиж тоглодог. Хоёр багийн чулуу бие биеэсээ ялгарахаар өөр өнгөтэй байна. Чулуу бүрийн дээр 1-8 хүртэлх дугаар тавьсан байдаг. Чулууны хувьд сүүлийн жилүүдэд Шотландын “Айлса Грейг”, Канадын “Трефор” брэндийн чулууг дэлхий нийтэд өргөн хэрэглэх болжээ.
Тэгвэл тамирчид нь спортын хувцас (поло футболка, өмд буюу юбка), бээлий, секундомер, зориулалтын ботинк (өрөөсөн нь гулсдаг) заавал өмссөн байх ёстой. Тамирчид нь тус бүртээ зүлгэх шүүр, чанга яригч микрофон, аппаратыг бүсэндээ зүүсэн байдаг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Багт нэг (skip) скип буюу багийн ахлагч, нэг дэд (vice) скип буюу багийн ахлагчийн орлогч, хоёр талбайн тоглогч байна. Тоглолтын өмнө хэн нь эхэлж чулууг гулгуулах дарааллыг заавал тогтоон шүүгчид өгсөн байх ёстой.
Кёрлингийн спорт Монголд хөгжих боломжтой:
Энэ спорт нь өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж байгаа хэдий ч Монгол оронд бас хөгжих бололцоотой спорт юм. Манайхны эрт дээр үеэс мөсөн дээр тоглодог байсан “жан чулуу” буюу (мөсний чулуу) наадамтай төстэй. Иймээс гол, ус, нуурын мөсийг засч өөрийн орны онцлог байдалд тохируулсан нийтийг хамарсан спортын төрлөөр хөгжүүлэх боломжтой ажээ. Мөн дүрмийг хялбаршуулж, тоглох үеийг багасгах, тєрєл бүрийн баг бүрдүүлэх, холимог хосоор ч тоглох боломжтой.
Ч.Болор