66 сая мал сүүний хэрэгцээг хангахгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

66 сая мал сүүний хэрэгцээг хангахгүй

66 сая мал сүүний хэрэгцээг хангахгүй

Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болон “Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” сэдвийн хүрээнд  өнөөдөр /2018.02.07/ чууллаа.

Монголын сүүний холбооноос зохион байгуулсан чуулга уулзалтад 200 гаруй төлөөлөгчид нэгдэж, салбартаа тулгамдаж байгаа асуудал болон цаашид шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. Одоогоор Монгол Улсад 2000 орчим фермерийн аж ахуй эрхлэгчид 43 мянга орчим сүүний чиглэлийн мал үржүүлж байна.

Монгол Улс сүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж чадахгүй байгаа нь эрчимжсэн мал аж ахуй бага. Өнөөдрийн 66 сая толгой малаас бэлтгэсэн сүүнийхээ ердөө 20 орчим хувийг үйлдвэрийн аргаа боловсруулдаг зэрэг нь нөлөөлдөг аж. Иймээс 80 хувийг импортын бүтээгдэхүүнээр орлуулдаг аж. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуйгаас зөвхөн дулааны улиралд сүү авах бололцоотой. Тиймээс аж ахуй нэгжүүд сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангахад анхаарч, төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж байлаа.

Монголын сүүний холбооны тэргүүн О.Амарцэнгэл:

-Хэрэгцээт сүүгээ дотоодоосоо хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Ялангуяа сэрүүний улиралд сүүний хэрэглээ маш өндөр байдаг ч бид дотоодоосоо хангаж чаддаггүй. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нэгдэн бодлого хэрэгжүүлээгүйгээс хөгжил нь хоцрогдсон байна. Фермерийн аж ахуйг дорвитой шийдвэр, бодлого гаргаж чадвал бид импортоор сүү авахгүй, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.

Засгийн газраас газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа Сэлэнгэ аймгийн тариалангийн бүсийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг мах, сүүний чиглэлээр хөгжүүлэх талаар тодорхой ажлууд хийгдэж байгаа. Тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс нэг аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зохистой биш гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж болох ч зөвхөн Дархан-Уул аймгийг сүүгээр хангах боломж бүрдэх юм байна. Мөн бусад аймгуудад хүргэхэд хүндрэлтэй байдаг учраас төв суурин газраа түшиглэж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал юм байна.

Чуулганд оролцогчдын зүгээс эрчимжсэн мал аж ахуйд сэрүүний улиралд боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн сүүний нэг литр тутамд урамшуулал олгох нь энэ салбарыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг хэлж байлаа. Тухайлбал,

Хөдөлмөрийн баатар, саальчин С.Хандсүрэн:

-Би 1968 онд анх саальчин болсон. 50 жил сүү, сүүний чиглэлийн фермийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж явна. Би өөрөө 1992 онд фермерийн аж ахуй эрхэлж байгаад хүүхдүүддээ өвлүүлээд дөрвөн жижиг салбарласан фермерийн аж ахуй эрхэлж байна. Дээд тал нь 20 үхэртэй үйл ажиллагаа явуулж байна. Фермийн аж ахуйг хөгжүүлэхэд сүүлийн хэдэн жил төрөөс дэмжлэг үзүүлэх нь тун бага байлаа. Ялангуяа 20 орчим сүүний чиглэлийн үхэртэй фермерүүдэд дэмжлэг авах хүндрэлтэй байдаг. Сүүлийн 20 гаруй жил эрчимжүүлсэн мал аж ахуй чиглэлийн боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн сүүний литр тутамд нь урамшуулал олгох боломжтой.

Түүнээс гадна эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд фермерүүдэд нэг тулгардаг асуудал бол тэжээл. Сүүний чиглэлийн үхрийг маш өндөр уурагтай тэжээлээр бордож байж, чанартай сүү гаргаж авна. Гэтэл тэжээл үйлдвэрлэгчдээс татвар авдаг учраас тэжээлээ фермерүүдэд өндөр үнээр худалдаалдаг. 

“Витафит” ХХК-ны захирал С.Болорсайхан:

-Монголын сүү үйлдвэрлэж байгаа бүх компани хуурай сүү хэрэглэдэг. Яагаад гэвэл дотоодоос сүүгээ нийлүүлэхэд хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Сүүний салбар хөгжихгүй, сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодоос хангаж чадахгүй байгаа гол шалтгаан нь өвлийн улиралд хүрэлцээ байхгүй. Хэдийгээр томоохон сүү үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн боломжоор орон нутгаас сүүгээ хангах олон боломжийг эрэлхийлдэг ч боломжгүй байна. Сүүний үйлдвэрлэгчид хүчин чадал өндөр, технологи нь сайн боловч сүү хүрэлцэхгүй, импортын сүүг жил бүр багасгаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд төрийн бодлого шаардлагатай байна.

“АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг:

-Монгол Улсад сүүний бэлтгэл эрэлтээ гүйцэхгүй байна. Сүүлийн жилүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл шинэчлэгдэж, нэмэгдэж байна. Гэтэл шингэн сүү бэлтгэл эрэлтээ хангахгүй байгаа учраас фермерүүдийн бүтээмжийг өсгөх,  хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаарддлага байна. Улирлын чанартай шингэн сүүний нийлүүлэлтийг эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлснээр шийдэх боломжтой. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж