Америкчуудын мөсөн дээр бүтээсэн гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Америкчуудын мөсөн дээр бүтээсэн гайхамшиг

Америкчуудын мөсөн дээр бүтээсэн гайхамшиг

‘Пёнчан 2018’ өвлийн XXIII олимпийн наадам ирэх баасан гаригт (2018.02.09) нээлтээ хийнэ. Өвлийн олимпийн өмнөх цуврал мэдээллээр 1980 онд Лэйк Плэсид болсон АНУ, ЗХУ-ын хоккейн сонирхолтой тоглолтын мэдээллийг хүргэе. 

Хүйтэн дайны оргил үе буюу 1980 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг АНУ-ын Лэйк Плэсид хот хүлээн авсан юм. Ингэснээр Лэйк Плэсид, Австри улсын Инсбрук гэсэн хотууд цагаан олимпийг хоёр удаагаа нутагтаа хүлээн авсан хот болж түүхэнд бичигдсэн билээ.

Энэ удаагийн өвлийн олимп бусад олимпоос юугаар онцлогтой байсан гэхээр цаг уурын байдлын улмаас хиймэл цас гэдэг зүйлийг анх ашиглаж байсан бол Нэгдсэн улсын тэшүүрчин Эрик Хайден бүх таван зайнд түрүүлэн, нэг олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин болсон удаатай. Тэгвэл тус олимпийн хоккейн тэр дундаа АНУ, ЗХУ-ын шигшээ багуудын тоглолтыг одоо хүртэл спорт сонирхогчдын ярих дуртай сэдвүүдийн нэг болсоор ирсэн гэдэгт хилсдэхгүй. Тухайн үед дөрвөн олимп дараалан түрүүлсэн, өрсөлдөгч болгоноо илт илүүрхэн хождог уламжлалтай болсон домогт дасгалжуулагч В.Тихоновоор удирдуулсан Б.Михайлов, В.Харламов, В.Фетисов, В.Крутов, С.Макаров, А.Касатонов, В.Третьяк гэсэн шилдгийн шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтсэн ЗХУ-ын шигшээ нөгөө талаас Миннисотагийн их сургуулийг удирдан үндэсний аварга болгож байсан Херб Брукс дасгалжуулагчтай, их сургууль коллежийн тоглогчдоос бүрдсэн АНУ-ын шигшээ баг финалийн шатны хэсгийн тоглолтонд учраа таарчээ. Энэ тоглолтын үр дүнгээс хамаарч аль шигшээ баг алтан медаль авахыг шийдсэн чухал тоглолт болсон юм. Олимпийн наадам эхлэхээс  өмнө Нэгдсэн улсын шигшээ Нью-Йорк хотын алдарт Мэдисон Скавер Гарденд хүчирхэг ЗХУ-ын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийн Оросууд, талбайн эздийг 10-3-ийн харьцаатай бут ниргэж байжээ. Хожим ЗХУ-ын шигшээ багийг олон жил удирдсан домогт дасгалжуулагч Виктор Тихонов: Бид тухайн үед Америкийн шигшээг хожоод ямар нэгэн дүгнэлтэнд хүрээгүй нь уучилж боломгүй том алдаа гаргасан хэмээн ярьсан байдаг.

 Лэйк Плэсидийн 8500 хүний багтаамжтай Олимпик Филдхаус ордонд нутгийн хөгжөөн дэмжигчдийн алга ташилтан дор Америкийн шигшээ гайхамшиг гэж юу байдгийг харуулан хүчирхэг ЗХУ-ын шигшээг 4-3 харьцаатай буулган тухайн үедээ өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн том сенсаацийг тарьж Нэгдсэн улсын шигшээ өвлийн олимпийн түүхэнд 2 дахь алтан медалиа нутагтаа хүртэж байжээ. Тэрхүү тоглолтыг Америкийн ABC телевизээр шууд тайлбарлан дамжуулж байсан алдарт тайлбарлагч Жим Макай : Чи гайхамшиг гэдэг зүйлд итгэдэг үү? Тийм зүйл энд болж байна хэмээн өгүүлэн Америк хөлбөмбөгийн түүхэнд Канадын коллежийн баг, Сүпербоулд түрүүлсэн NFLийн Питтсбург Стийлерс багийг хожсон дуулианаас илүү сенсацийг Америкийн шигшээ багийн тамирчид Лэйк Плэсид тарьсан талаар тайлбарын явцад ярьсан түүхтэй.  Энэхүү дуулиан шуугиантай тоглолтыг АНУ-ын “Спорт иллюстрейтед” сэтгүүл XX зууны хамгийн шилдэг тоглолтоор нэрлэсэн бол Олон улсын хоккейн холбоо IIHF тус тоглолтыг зууны шилдгээр нэрлэж байсан юм.

Мөн энэ түүхэн тоглолтоор 1981 онд Холивудын продюсер, кино найруулагч Стив Гуттенберг “Miracle on Ice” нэртэй кино бүтээн гол дүрд нь Карл Малдсен хэмээх жүжигчинг тоглуулан Нэгдсэн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Херб Брукийн дүрийг дэлгэцэнд мөнхрүүлсэн бол 2004 онд Уолт Дисней Пикчерс Америкийн хоккейн шигшээ олимпоос алтан медаль авсны 25 жилийн ойн арга хэмжээнд зориулан “Miracle” нэртэй киног бүтээсэн түүхтэй аж.

Ю.ЧИНБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж