АНУ цэргийн сүрт жагсаалыг гайхуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

АНУ цэргийн сүрт жагсаалыг гайхуулна

АНУ цэргийн сүрт жагсаалыг гайхуулна

АНУ-ын армийн сүр хүчийг гайхуулсан том хэмжээний цэргийн жагсаал зохион байгуулах үүргийг Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагонд өгчээ. Тэрбээр нэгдүгээр сарын 18-нд АНУ-ын батлан хамгаалахын сайд Жим Маттис, жанжин штабын дарга, генерал Жосеф Данфорд нартай уулзах үеэрээ Парис хотноо болдог шиг цэргийн сүрт жагсаал зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн аж.

Франц улс жил бүрийн долдугаар сарын 14-нд (Бастилийг эзэлсний өдөр) цэргийн жагсаал явуулдаг уламжлалтай. Тэрбээр өнгөрсөн жил Парис хотноо цэргийн сүрт жагсаалыг үзсэн нь сэтгэлд нь хоногшиж үлдсэн аж. Одоогоор цэргийн жагсаал болох товыг зарлаагүй ч тавдугаар сарын 28 (амь үрэгдсэн цэргүүдийн Дурсгалыг хүндэтгэх өдөр), долдугаар сарын 4 (Тусгаар тогтнолын өдөр), арваннэгдүгээр сарын 11 (ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх өдөр) зэрэг сонголтууд байгаа аж. Эдгээрээс хамгийн магадлал өндөртэй нь дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн өдөртэй давхцах Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх өдөр байна. Түүнчлэн цэргийн сүрт жагсаалыг Пенсельвани өргөн чөлөөгөөр алхуулж Дональд Трампын зочид буудлын дэргэдүүр өнгөрүүлэх маршрут яригдаж байгаа аж.

Жорж Буш сум нэвтэрдэггүй шилэн хананы цаанаас цэргийн парад үзэв 1991 он

АНУ-д хамгийн сүүлд 1991 оны долдугаар сард Вашингтон хотноо Үндсэн хуулийн өргөн чөлөөгөөр 8800 цэрэг, зэвсэг техникийн хамт алхан сүрт жагсаал болж байв. Олон нийтийг талцуулж, маргаан дэгдээсэн цэргийн жагсаалыг АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш тэргүүтэй албаныхан сум үл нэвтрэх шилэн хананы цаанаас үзэж сонирхжээ. Персийн булангийн дайн буюу Цөлийн шуурга I, II ажиллагаа дууссанаас хэдхэн сарын дараа АНУ ялалтаа тэмдэглэн цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан нь энэ байв. Найман сая гаруй ам.долларыг зарцуулсан цэргийн сүрт жагсаалыг хамгийн багадаа 200 мянган хүн үзжээ.

АНУ нь дэлхийн I, II дайны дараа сүрт жагсаалыг зохион байгуулж байв. Дэлхийн I дайны дараа 1865 оны тавдугаар сарын 23-24 болсон баярын арга хэмжээнд 145 мянга гаруй цэрэг жагсчээ. Харин дэлхийн II дайны дараа 1946 оны нэгдүгээр сарын 12-ны цэргийн жагсаалд 13 мянган цэрэг оролцсон байв.

Цэргийн сүрт жагсаал зохион байгуулдаг орон цөөн байдаг.

ФРАНЦ

1789 онд гарсан Францын хувьсгал “Bastille”-ийг эзэлсний баяр бол Францын түүхэнд нийгэм, улс төрийн донсолгоо болж, эрс өөрчлөлтүүд хийгдсэн цаг үе юм. Францад долдугаар сарын 14-ны өдрийг 1880 оноос хойш үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн аж. Энэ өдөр болдог цэргийн жагсаал нь дипломат харилцаанд чухал ач холбогдолтой. Тухайлбал, 1994 онд хоёр орны харилцаа сэргэснийг илэрхийлэн Германы цэргүүд Францын армийн жагсаалд оролцжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны удирдсан цэргийн сүрт жагсаалд 3720 цэрэг, 211 автомашин техник, 241 морь, олон тооны нисэх онгоц оролцжээ. Өнгөрсөн жил Вашингтон дэлхийн I дайнд татагдан орсныг тохиолдуулан Францын армийн жагсаалд АНУ-ын цэргүүд нэгджээ. Элисейн өргөн чөлөөгөөр алхсан цэргийн сүрт жагсаалд АНУ болон Францын байлдааны нисэх онгоц, хуягт техникүүд оролцжээ.

ОХУ

ОХУ-ын нийслэл Москва хотноо жил бүрийн тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын цэргийн сүрт жагсаал болдог. Дэлхийн II дайнд холбоотнууд ялалт байгуулж, 1945 оны тавдугаар сарын 9-нд тулаан дууссаныг олон сая хүнээ алдсан ОХУ цэргийн сүрт жагсаалаар тэмдэглэн өнгөрүүлдэг. 2015 онд дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойгоор Москва хотноо хамгийн том буюу 16 мянган цэрэг, 200 хуягт техник, 150 нисэх онгоц, олон тооны баллистик пуужин оролцсон сүрт жагсаал болж байв. Олон улсын анхаарлыг татдаг ОХУ-ын Ялалтын баярын жагсаалд өнгөрсөн жил 10 мянган цэрэг оролцжээ.

БНХАУ

Си Жиньпин 2012 онд Хятадын дарга болсноос хойш Ардын армийн хүчин чадлыг нэмэгдүүлж, зэвсэг техникийг сайжруулахыг зорих болсон юм. Бээжин хотноо 2015 онд дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан олон улсын цэрэг оролцсон сүрт жагсаал болсон билээ. Уг жагсаалд 12 мянга орчим цэрэг, 200 байлдааны нисэх онгоц, олон тооны баллистик пуужин, дрон, танк, хуягт техникийг үзүүлсэн юм. Цэргийн жагсаалд Хятадын эрх баригчид ихээхэн ач холбогдол өгсөн нь тухайн өдөр Бээжин хотод утаагүй, тэнгэрийг цэлмэг байлгахын тулд олон зуун үйлдвэрийг хааснаас харж болно. Түүнчлэн олон тооны байлдааны нисэх онгоцны үзүүлбэрийн үеэр Бээжин хотоос явах, ирэх онгоцны нислэгийг түр саатуулж, шувуудыг үргээхийн тулд нохой, бүргэд, сармагчин зэргийг харуулд зогсоосон байв.  Үүнээс гадна Хятад улс өнгөрсөн онд Хонгконг болон Өвөр Монголд цэргийн жагсаал зохион байгуулж сүр хүчээ гайхуулсан юм.

БНАСАУ

Хойд Солонгосын нийслэл Пхеньянд хэд хэдэн өдөр цэргийн жагсаал болдог. Пхеньяны цэргийн жагсаалын гол онцлог нь АНУ, Япон, Өмнөд Солонгосыг заналхийлж сүрдүүлж буй баллистик пуужингаа гайхуулдаг юм. Өвөө, эцгээсээ ч илүү цөмийн хөтөлбөрт анхаарал хандуулж буй удирдагч Ким Жон Ун өнгөрсөн онд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаар устөрөгчийн тэсрэх бөмбөг туршсанаа мэдэгдсэн.Цэргийн жагсаалыг армийн өдөр болон Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны төрсөн өдрөөр зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Хойд Солонгос пуужингийн шинэ загвар, пуужин харвагч, танкаа үзүүлснээс гадна шумбагч хөлгөөс пуужин харвасан юм. Үүнээс гадна хэдхэн хоногийн дараа Пёнчанд эхлэх өвлийн Олимпийн наадмын нээлтэд Хойд Солонгосын тамирчид жагсана.

Өмнөд Солонгост 2013 онд 11 мянган цэрэг, олон тооны байлдааны нисэх онгоц, 190 зэвсгийн систем оролцсон цэргийн жагсаал болж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж