Ян Тао: Гадаадын сэтгүүлчид Монголын гадаад бодлогын асуудлыг сонирхдог

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Ян Тао: Гадаадын сэтгүүлчид Монголын гадаад бодлогын асуудлыг сонирхдог

Ян Тао: Гадаадын сэтгүүлчид Монголын гадаад бодлогын асуудлыг сонирхдог

БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох “Ардын өдрийн сонин”-ы Монгол дахь салбарын сэтгүүлч Ян Таотай ярилцлаа. Тэрбээр Монголд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сэтгүүлчээр ажилласан бөгөөд удахгүй нутаг буцах гэж байгаа ажээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ян Тао гэдэг. Би БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох “Ардын өдрийн сонин”-ы Монгол дахь салбарын сэтгүүлчээр ажилладаг. Манай сонин нь 1941 онд байгуулагдсан. Өдгөө дэлхийн 50 гаруй оронд салбартай. Би хоёр дахь удаагаа Монголд ирж, ажиллаж байна. Анх 2000-2005 онд Монголд ажиллаж байсан бол энэ удаа 2013-2018 хүртэл нийтдээ есөн жилийн хугацаанд ажиллалаа.

-Та монгол хэлээр тун сайн ярих юм?

-Тийм байна уу. Баярлалаа. /инээв/ Би Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тус сургуулийн  Сэтгүүл зүйн тэнхимийн  багш,  доктор, профессор Л.Норовсүрэн гуай миний удирдагч багш байсан юм.

-Удахгүй нутаг буцах гэж байгаа гэж дуулсан. Хэзээ эх орноо зорих гэж байна вэ?

-Би энэ удаа Монголд дөрвөн жил ажиллалаа. Бусад социалист орнуудад томилолтоор явж, ажиллаж байсан. Тун удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Тийм учраас баяраас өмнө ажлаа амжуулаад, төрсөн нутагтаа очно. Тэгээд гэр бүлтэйгээ цагаан сарынхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ дээ.

-Таны бодлоор Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна. Манай сэтгүүлчид ямар нөхцөлд ажиллаж байна гэж боддог вэ?

-Би гадаад орны сэтгүүлч учраас Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг илүүтэй анхаарч, сонирхдог юм. Заримдаа Төрийн ордонд орж, хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авна. Монголын сэтгүүлчдийг гадаадын сэтгүүлчидтэй харьцуулахад ялгаатай байдаг. Жишээлбэл, Монголын сэтгүүлчид илүү дотоодын нөхцөл байдалд анхаарч, мэдээлдэг бол гадаадын сэтгүүлчид Монголын гадаад бодлого, эдийн засаг, хоёр хөрш болон гурав дахь хөршийн харилцааг анхаардаг.

Мөн гадаад сэтгүүлчдийн хувьд Монголд болж буй улс төр, эдийн засаг, соёлын гэх мэт янз бүрийн сэдвээр мэдээлэл бэлтгэдэг. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүдэг бадаг мэдээллийг олон нийтэд өгдөг. Энэ үед гадаадын сэтгүүлчид аль нь зөв, бурууг сайн ялгаж чаддаггүй. Монгол Улсаас 2016 онд “Монголыг гадаад орнуудад сурталчлах хөтөлбөр”-ийг гаргасан. Гэвч тухайн үед Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын сэтгүүлчдийг сайн ашиглаж чадаагүй. Монголыг гадаад орнуудад сурталчлахдаа уг нь гадаадын сэтгүүлчдийг сайн ашиглах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр ч зарим хэвлэлийн бага хуралд гадаадын сэтгүүлчдийг суулгахгүй байх тохиолдол байна.

Намайг анх 2000 онд Монголд ирэхэд хэвлэлийн эрх чөлөө харьцангуй нээлттэй байсан. Тухайн үед бараг өдөр болгон хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг байлаа. Гэтэл одоо гадаадын сэтгүүлчид Төрийн ордонд тэр бүр нэвтэрч, мэдээлэл авах боломж байдаггүй.

-БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэлийн уншигчид Монголын ямар мэдээг илүүтэй сонирхдог бол?

-Манай ард түмэн тэр дундаа залуус Монголын тухай мэдээ мэдээллийг ихэд сонирхдог. Манай хоёр орны хувьд эртний түүхээс улбаатай харилцаатай учраас Монголын талаарх мэдээллийг сайн ойлгож, хүлээн авдаг. Бас БНХАУ-д Өвөрмонголчууд олноор амьдардаг шүү дээ. Гэхдээ монголчуудын хувьд БНХАУ-ын талаар буруу ойлголттой явдаг юм шиг санагддаг. Сошиал сүлжээнд гэхэд Хятадын талаарх муулсан мэдээлэл ихээр цацагддаг. Эдгээр мэдээллүүд нь хоёр хөрш орны харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хоёр хөршийн харилцааны зарим асуудлыг улстөржүүлэхгүйгээр ухаалгаар, үнэн бодитоор хандах хэрэгтэй гэж боддог. Зарим улстөрчид наанаа “Хятадыг эсэргүүцэж байна” гэдэг ч цаагуураа Хятадын бизнесментэй хамтран ажиллаж байх жишээтэй. Тэр болгоныг Монголын ард түмэн сайн мэдэхгүй шүү дээ.

-Монголд анх 2000 онд ирж, ажиллаж байжээ. Олон жилийн дараа эргэн ирэхэд Монгол Улс хэрхэн хөгжиж, өөрчлөгдөв?

-Би Монгол Улсын ирээдүй илүү сайхан байх ёстой гэж боддог. Намайг 10 гаруй жилийн дараа Монголд ирэхэд Монголын нийгмийн бүтээн байгуулалт, эдийн засаг их хөгжиж, өөрчлөгдсөн байсан. Хотын гудамжинд өндөр шилэн барилгууд, зам талбайг олноор тохижуулж, барьж байгуулсан. Анх Монголд 2000 онд ирэхэд хятад хоолны газрууд цөөн байсан. Харин одоо энд, тэндгүй хятад хоолны газар бий болж, монголчууд хятад хоол идэх дуртай болсон байна. Нөгөө талдаа Монголын эдийн засгийн хөгжил бас удаан явж байна. Би олон монголчуудтай ярилцаж суухад өнгөрсөн зууны 1970, 1980-аад онд Хятад, Монголын хөгжлийн гараа нэг түвшинд байсан. Гэхдээ 40 жилийн дараа Хятад илүү хөгжиж, Монгол арай удаан хөгжиж байна. Энэ бүхэн улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэж бодож байна.  Хэдийгээр Монгол улс ардчилсан замыг сонгосон ч улс төрийн тогтвортой байдал нь улсын хөгжилд чухал нөлөөтэй.  

-Сэтгүүлчийн хувьд хоёр орны ард түмнийг мэдээллээр хангах гүүр нь болж байдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Монгол Улсын хоорондын ямар үйл явдал сэтгэлд тань хоногшсон үлдсэн бэ?

-БНХАУ-д 2008 онд сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ байгалийн гамшгийн үеэр олон хүн сураггүй алга болж, орон гэргүй, амиа насаа алдсан юм. Энэ үеэр Монголын ард түмэн гүн эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм, мөнгөн хандив цуглуулж байсан. Монголчуудын тэр сайхан сэтгэлийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Сэтгүүлч миний сэтгэлд ч энэ үйл явдал тодхон үлдсэн байдаг. Сэтгүүлч бид хоёр орны ард түмний гүүр. Тийм учраас хэвлэл мэдээллийн зарчим болох үнэн зөв, бодит мэдээллээр ард түмнийг хангах үүрэгтэй.

-Монголд ажиллах хугацаандаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж амжсан уу?

-Би Монголд ажиллах есөн жилийн хугацаандаа 21 аймгаас Баянхонгор, Говь-алтай аймагт л очиж үзээгүй. Бусад аймгуудаар ажиллангаа аялж, байгалийн үзэсгэлэнг биширсэн. Ялангуяа хөдөөгийн малчдын сэтгэл үнэхээр сайхан санагдсан шүү. Би дахин Монголд ирж ажиллаж магадгүй. Тэр үед Монгол Улс илүү хөгжсөн байна гэдэгт итгэлтэй байна. 

-Цаг, зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа

-Та бүхэнд баярлалаа. Монголчууддаа удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлмээр байна.

А.Сүрэн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж