“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Дөчин зургадугаар бүлэг
МУНХАГ ХАТАН ДЭМИЙ Л ШУУГИАН ТАРЬСААР НҮҮРЭЭ БАРЖ, ЦЭЦЭН ХҮҮХЭН УРГИЙН БОЛЗООГ АМ АЛДАН ТЭВЧИВ
Өгүүлэх нь: Дай Юй унтаж босоод хамгийн түрүүнд сонссон мэдээ нь Шин Фүрэнь, Фөн Жег дуудсан гэсэн үг байв. Тэрбээр ямар учраар дуудсаныг мэдээгүй учир санд мэнд тэргэнд суугаад явлаа гэцгээж байв. Түүнийг орж ирүүт Шин Фүрэнь гэрт байгсдыг гаргаад шивнэх шахуу: “Чамайг дуудсан нь бол гойд юм биш боловч нэг төвөгтэй юмны учир юмаа. Лао е надад найдсан боловч би аргыг нь олохгүй чамтай зөвлөе гэж бодлоо. Лао е, Лао тайтайгийнд байгаа Юань Янг хараад тоосон учраас гэртээ аваачъя гээд тайтайгаас гуйгаач гэсэн юм. Энэ нь ерийн юм боловч өгөхгүй байж мэднэ гэж зовж байгаа юм байх. Чамд үүнийг бүтээх арга байна уу” гэж асуув. Фөн Жэ:
-Ам руугаа алгадуулах хэрэг хийх хэрэггүй. Лао тайтай Юань Янгаас салбал хоолноос гарна. Яалаа гэж өгөх юм. Тэр байтугай, зүгээр л энэ тэрхнийг ярьж суухдаа, Лао ег үргэлж л: “Одоо нэгэнт нас богиносож байхад, дэргэдээ олон юм цуглуулаад яана. Нэгд, хүний охины ажилд саад болно. Хоёрт, биеэ гамнах хэрэгтэй. Яваандаа албаны ажил явдалд ч зүтгэж чадахгүй. Өдөржин бага эмийнхээ дэргэд эргэцэх болно” гэдэг юм. Тайтай сонсож бай. Манай Лао ег төдий л магтаж байна уу. Одоо холдоод завдахгүй байтал очиж: “Муурын бөгсийг малтаж юу хийнэ вэ. Тайтай битгий уурлаарай. Би ярьж чадахгүй. Огт бүтэхгүй юмыг мэдсээр байж, очиж нэр, нүүрээ бараад яахав. Лао е одоо насжаад аргагүй баахан зөнөх төлөвтэй болж байгаа тул тайтай хэлж, ятгаж байвал зохино. Залуу цагт бол тийм юм үйлдэхэд яахав. Одоо хүүхэд дүү нар, үр ач нар нь хүрээ дүүрээд байхад бас ингэж аашилбал хүний нүүрийг яаж харах юм бэ” гэв. Шин Фүрэнь хүйтнээр инээж:
-Их айлын хүн гурав дөрвөн татвар эмтэй нь зөндөө байна. Гагцхүү бид болохгүй нь юү билээ. Хэдий ятгавч тэр тоохгүй байж мэднэ. Тэр чинь, хэдий Лао тайтайгийн хайртай шивэгчин боловч сахал, санчиг нь цайсан ноён зэрэгтэй их хөвгүүн нь дэргэдээ аваачна гэвэл болохгүй гэж хэлж чадахгүй байлгүй. Чамайг авчирч зөвлөж байхад чи харин өөдөөс зэмлэж байна. Чамайг илгээх ёс бас байна уу. Би өөрөө очиж хэлнээ. Чи харин намайг хэлж ятгасангүй гэж байна. Чи чинь, Лао егийн занг огт мэддэггүй юм байна. Түүнийг чинь ятгаад нэмэргүй тэр чинь надтай хэрэлдэнэ гэв.
Шин Фүрэнь бол угаасаа номой зантай, ганц Жя Шөг өргөн магтаж биеэ хамгаалахыг мэднэ. Харин эд мөнгө олохын төлөө чадал зааж, энэ айлын алив их бага хэргийг Жя Шө мэдээд, орлого зарлагын бүх юм түүний гараар орох боловч илүү зарав, бүрэлгэв, сүйтгэв гэсэн муу нэрнээс салахгүй. Тэгээд “Би л гамнасны хүчинд нэг юм болголоо” гэж ярьдгийг Фөн Же сайн мэднэ. Үр хүүхэд, зарц шивэгчний дотроос нэг ч хүнийг итгэхгүй, нэгийн ч үгийг сонсохгүй. Тийм болохоор нь Фөн Же: “Одоо миний хэлэх үгийг сонсоод этгээд зан нь хөдөлж, үг авахгүйдээ” гэж бодсоноо инээж:
-Тайтай үнэн юм хэлж байна. Би энэ насны хэдэн жил бас ч гэж учир явдлыг тунгаахтай болж байна. Бодвол эцэг эхийн өмнө, нэг шивэгчин байтугай төдий том амьд эрдэнэ болсон Лао е д өгөхгүй хэнд өгөх юм бэ. Далдуур хэлэлцэх үгийг итгэж яаж болох вэ. Би үнэхээр мунхаг байна. Элеэгээр авч хэлэвч нэг цагт буруудвал Лао е, тайтай хоёр үхмээр уурлах нь лав. Гэтэл нүүр нүүрээр учирвал мөн түвдэхгүй болж тэр хоёр хамгийн хэрэгтэй юмаа гаргаад өгнө. Одоо Лао е, тайтай хоёр иймээрээ л байгаа. Миний бодлоор бол, өнөөдөр Лао тайтай сайхан зантай байгаа үед гуйвал зүгээр юм. Одоо очоод л гуймаар байна. Би, тайтайг очсон хойно тэнд байгаа хүмүүсийг дагуулан холдуулъя. Тайтай та, энэнийг Лао тайтайд хэлээд өгвөл нэн сайн. Хэлэхгүй гэвэл тэр л биз. Хүн мэдэх юм биш гэв. Энэ үгийг сонсоод Шин Фүрэнь баярлах янзтай:
-Миний санаагаар болдог бол урьдаар Лао тайтайд хэлэхгүй. Лао тайтай өгөхгүй л гэвэл тэгээд мухардана. Урьдаар Юань Янд сэмхэн хэлбэл яана. Тэр ичиж ширвээдвэл би нарийн хэлж ойлгоуулна. Тэр элдвийн юм хэлэхгүй бол тэгээд л бүтнэ гэсэн үг. Тэгээд л Лао тайтайд хэлбэл, тайтай дургүйцлээ ч, цаадах нь дуртай бол яах юм. Хэрэв дуртай байвал байг гэсэн ч болохгүй. Тэгээд л уг юм бүтнэ гэсэнд Фөн Же инээж:
-Тайтай уран аргатай юмаа. Энэ маш зохимжтой. Юань Ян байтугай хэн байсан ч, дээшээ харахгүй, их юм санахгүй хүн байна уу. Эзэн суух ор бэлэн онгойж байхад очихгүй, шивэгчнээрээ байна гэвэл нэг л мэдэхэд нэг зарц хүүд өгчихвөл тэгээд дууслаа шүү дээ гэв. Шин Фүрэнь инээж:
-Яг л тэгнэ. Юань Ян байтугай түүнээс илүү их шивэгчин ч үүнд дуртай. Чи урьдаар оч, ажиг мэдэгдэж болохгүй. Би оройн хоолоо идээд очъё гэв. Энэ үгийг сонсоод Фөн Же дотроо, Юань Ян бол алсын бодлоготой, зоригтой шивэгчин шүү. Хэдий ингэж бид яривч түүний дуртай, дургүйг мэдэхэд хэцүү. Би урьдаар очоод, тайтай араас ирэхэд, тэр бидний үгийг авбал тэр л биз. Хэрэв эс дагавал, тайтай шиг сэжиг ихтэй хүн, намайг хэрэг задруулж, уршиг тарилаа гэж сэжиглэхэд хүрнэ. Тэр үед тайтай миний үгийг эргэцүүлэн бодож үзээд, надад уурлавал муухай юм болно. Харин хамт очвол, Юань Ян дагасан ч эс дагасан ч сэжиглэхгүй гэж санаад:
-Сая намайг энд ирэх үед нагац бэргэний тэндээс хоёр сагс бөднө хүргэж ирснийг би тэднээр хайруулж тайтайгийн оройн хоолонд хүргэж өг гэсэн юм. Би сая хүрээний үүдээр гарч ирэхэд, хөвгүүд тэрэг дамнаж: “Тайтайгийн тэрэг хагссан тул аваачиж засуулна” гэж байсан юм. Одоо тайтай миний тэргэнд сууж хамт очъё” гэж байгаадаа гэв. Шин Фүрэнь, хүн дуудаж хувцсаа солив. Фөн Же элбэж хувцсыг нь өмсүүлээд хамтдаа явав. Замдаа, Фөн Же: “Тайтай та Лао тайтайгийн тэнд очиж бай. Би хамт очихоор Лао тайтай яах гэж ирэв гэж асуувал надад хэлэх үг алга. Та урьдаар оч, би хувцсаа солиод хурдан очъё” гэж хэлэв.
Шин Фүрэнь түүнийг зөвшөөрөөд Жя Мүгийнд очиж жаахан ярьж сууж байгаад: – Ван Фүрэнийд оръё” гэж гарч яваад, тэдний үүдээр өнгөрч Юань Янгийнд очив. Түүнийг орж очиход Юань Ян босон зогсов. Шин Фүрэнь инээж: “За юу хийж байна даа” гэсээр ойртон очиж: “Чиний хатгамлыг үзье” гэв. Жаахан үзэж байснаа: “Их аятайхан болж байна шүү” гээд бие хааг нь ажиглав. Лянхуа цэцгийн өнгөтэй хуучивтар дурдан дээл дээр эмжээртэй хар торгон ханжаар дарж, доогуураа ногоон хормойвчтой харагдана. Биеийг нь ажвал, шоргоолж шиг нарийхан бэлхүүстэй, шувтан мөртэй, өндөр донхор хамартай. Өндгөн хөөрхөн хацартай, гялтганасан хар гэзэгтэй, үл мэдэгдэм хэдэн жижиг сэвхтэй хүүхэн харагдана. Ийн анх уулзаж байгаа мэт харж ажиглахад нь, Юань Ян жаахан эвгүйцэж, дотроо гайхаад инээж:
-Тайтай энд юу хийж байгаа юм бэ гэсэнд Шин Фүрэнь, тэнд байгсдыг гаргах дохио өгөв. Тэднийг гармагц Шин Фүрэнь, Юань Янгийн гарыг барьж инээн:
-Би чамд зориуд баяр хүргэхээр ирлээ гэсэнд Юань Ян багцаалдаад царай нь улсхийснээ тонгойн таг дуугүй болов. Шин Фүрэнь:
-Лао егийн дэргэд, итгэмжтэй хүн нэг ч үгүйг чи мэднэ дээ. Нэгийг худалдан авъя гэвч хүний наймаачдын гэрээс гарагчдад цэвэр ариун амьтангүй бөгөөд ааш занг нь бас сайн мэдэхгүй. Авчраад хэд хонохгүй байтал түйвээн самууруулах амьтан ч бас байдаг. Тиймийг дахиад л солиход хүрнэ. Ордон дотор төрснийг сонгоё гэхээр олигтой юмгүй. Зүс нь муухайгүй гэхэд зан нь муухай. Энэ нь сайн бол тэр нь муу. Тэгээд хагас жил хэртэй харц тусган сонгоход тэдгээрийн дотроос ганцхан чи л охь болжээ. Зүс царай, зан ааш амирлангуй дөлгөөн, алив сайн нь чамд цөм бүрджээ. Чамайг Лао тайтайгаас гуйн аваачиж дэргэдээ тавих санаатай байна. Чи бол гаднаас худалдаж авчирсантай адилгүй. Одоо нэгэнт орж очвол даруй үсийг нь хагалан нэртэй нүүртэй бага эхнэрээр өргөмжилнө. Чи бас өөдөө чармайдаг хүн. Эртний үгэнд, “Алт хэдий булагдавч өнгөө алдахгүй” гэдэгчлэн Лао ед тоогдчихжээ. Одоо чи ингэвэл, холыг бодож ихийг санадаг хүсэлд чинь нийлэх бөгөөд бас чамайг эс тоогчдын амыг таглана. Хоёул Лао тайтайд очиж мэдүүлье гэв.
Тэгтэл Юань Ян гараа татаж аваад “явахгүй” гэв. Шин Фүрэнь, түүний айж байгааг мэдээд “Үүнд, айх юм байхгүй. Тэнд очоод чамаар хэлүүлэх ч үгүй. Намайг дагаад очвол л боллоо” гэсэнд цаадах нь хар цагаан дуугүй бөхийн сууна. Шин Фүрэнь энэ байдлыг нь хараад,
-Чи дургүй гэх нь үү. Үнэхээр дургүй байгаа бол чи тэнэг охин болно. Эзэн найнай болох дургүй бол шивэгчин байх дуртай гэсэн үг үү. Хоёр гурван жилийн дараа нэг зарц хөвгүүнд очвол бас л боол болно шүү дээ. Чи биднийг дагавал, наад зах нь миний зан сайн, хүнийг хавчиж хяхах хүн биш гэдгийг чи мэднэ. Лао е та нарт бас сайн. Нэг хоёр жил болоод үр хүүхэдтэй болчихоор чи надтай зэрэгцэнэ. Чи гэрийн доторх хүмүүсийн хэнийг нь заръя гэвэл түүнийг зарна. Чиний үгийг аймшиггүй зөрөх хүн байхгүй. Эзэн суух бэлэн тохиолыг алдвал гэмшивч хожимдоно гэв.
Юань Ян тонгойгоод дуугүй сууна. Шин Фүрэнь:
-Ийм цолгин хүн байтлаа юунд гэрэвшсэн юм шиг сууна вэ. Сэтгэлд үл зохилдох зүйл байвал хэл. Би чиний санаагаар л үйлдэнэ… гээд харсанд цаадах нь бас дуугүй. Ши Фүрэнь инээж:
-Эх эцэг чинь бий болохоор тэднээс айгаад дуугарч чадахгүй байгаа юм уу. Тэд чамаас асуухыг хүлээнэ гэж үү. Энэ ч болох л зүйл. Тийм бол би очоод тэднээс асуучихъя. Тэднийг ирүүлж ч болно. Чи тэдэнд үгээ хэл гэж хэлчихээд Фөн Жегийнд очихоор явав.
Энэ үед Фөн Же хэдийн хувцсаа солиод, гэрт хүнгүй тул Юань Янгийн талаар Пин Эрд хэлсэнд, толгой сэгсрэн инээгээд:
-Миний бодлоор бол тэр бүтэхгүй. Далдуур дэмий ярилцах зуур түүний бодлыг сонсвол зөвшөөрөхгүй байж мэднэ. Зөвхөн хэлж үзэх төдий биз гэв. Фөн Же:
-Тайтай манайд ирж зөвлөлдөх байх. Тэр зөвшөөрвөл яахав. Зөвшөөрөхгүй бол муухай л юм. Та нарын дэргэд нүүрээ барахад хүрнэ. Чи тэднээр бөднө баахан хайруулаад, бас өөр юм бэлтгээд хоол хийхэд зэхүүл. Би гадуур явна. Тэднийг явсан хойно эргэж ирэх байх гэв. Пин Эр хэлсэн үгийг нь эмгэдэд хэлчихээд хүрээлэнгээр зугаалахаар гарч одов.
Юань Ян, тэднийд Шин Фүрэний очсоныг мэдээд Фөн Жэтэй зөвлөлдсөн байх гэж бодов. Бас хүн ирж асуух тул зайлж амжихгүй гэж бодоод Хубаг эрж олоод: “Лао тайтайг асуувал намайг өвдөөд, өглөөний хоол идээгүй гэж хэл. Би хүрээлэнгээр яваад ирье” гэж захив. Юань Ян, хүрээлэнд очоод үүгээр түүгээр зугаацан явсаар байгаад санаандгүй Пин Эртэй таарав. Цаадах нь ойр хавьд хүнгүйг ажаад: “Шинэ бага эхнэр явж байна” гэсэнд Юань Яны царай улайж: “Үнэхээр сонин болох нь. Та нар үгээ нэгсэж надаар оролдох гэж байна уу. Мөд би эзэнтэй очиж ярилцана” гэв. Пин Эр цаадахынхаа уур уцаартайг хараад, хэрэггүй үг алдсандаа гэмшиж, түүнийг дагуулан хэсэг чулуун дээр очиж суугаад, Фөн Жегийн ярьсныг эхнээс аваад цөмийг ярив. Юань Ян царайгаа улайлган, Пин Эрийг хүйтнээр харж:
-Би ерөөсөө та нартай найртай сайхан явахыг бодсоор ирсэн. Жишээ нь, Ши Рэнь, Хуа, Сү Юнь, Зы Жюань, Цай Шя, Юй Чуань, Шө Юэ, Цүй Мо, Шы авхайг дагаж ирсэн Цүй Люи, талийгч Кө Рэнь, Жинь Чуань, эндээс явсан Чянь Шюэгээс гадна бид хоёртой арваад хүн хар багаасаа үерхэж, юү эс ярьж, юү эс үйлдсэн бэ! Одоо цөм том болцгоогоод, хувь хувиа хөөсөн боловч миний сэтгэл мөнх л хуучин хэвээр байсаар. Би та нараас юм нуухгүй. Миний энэ үгийг чи дотроо хадгалж яваарай. Харин найнайд хэлэх хэрэггүй. Да Лао е намайг бага эхнэрээ болгох байтугай тайтай одоо үхээд самбай хадагтай зуучлуулж, сүйх мүйхээр дамнуулж аваачаад их хатнаа болгосон ч би очихгүй гэв. Пин Эр нэг юм хэлэх гэтэл гэнэт хадны цаанаас ха, ха гэж хөхрөх сонсогдоход ихэд цочив. Тэрбээр: “Яасан ичдэггүй охид вэ. Шүд чинь хангинахгүй байна уу” гэсэнд, хадны цаагуур хайвал Ши Рэнь инээсээр гарч ирэв. Тэрбээр:
-За ямар хэрэг болоов? Надад хэлж болох уу? гэж асуув. Гурвуул чулуун дээр суутал Пин Эрсаяынх ярьснаа хэлэв. Ши Рэнь:
-Энэ чинь, чухамдаа бидний ярих яриа биш байна. Тэр Да Лао е гэгч үнэхээр нүүрээ барахын туйлд хүрчээ. Бага сага цэвэр, тэгш төрсөн бүхнийг алдахгүй санаатай юмаа гэсэнд Пин Эр, Юань Янд хандаж:
-Чи үнэхээр дургүй байгаа бол би чамд нэг арга зааж өгье гэв. Юань Ян: “Ямар арга вэ” гэж асуув. Пин Эр:
-Чи Лао тайтайд хэл. Нэгэнт Лянь Элеэд өгчихсөн гэвэл Лао е авч чадахгүй болно гэв. Юань Ян нулимж:
-Ямар үг гэж чи ийм юм хэлж байдаг юм бэ. Тэр өдөр эзэн чинь, мөн ингэж чалчсан бишүү. Ийм юманд хүрнэ гэж санасангүй гэв. Ши Рэнь инээгээд:
-Тэр хоёрт цөм дургүй болохоор, Лао тайтайгаар чамайг нэгэнт Бао Эред өгчихсөөн гэж хэлүүлбэл, Да Лао егийн горьдлого тасарна гэсэнд Юань Янгийн уур цухал хүрч бачимдан:
-Хоёр муу адгуус. Яавч сайнаар үхэхгүй дээ та хоёр. Хүн, тэвдэж сандрахдаа, та хоёрыг жинхэнэ хүнээр бодож, хамаг үгээ хэлж, зөвлөлдөн аргалъя гэж байхад ойшоохгүй мөртөө бас элэг барина. Та нар энд байх орноо нэгэнт олжээ. Хожим цөмөөрөө тайтай болно гэж боддог байх нь. Энэ дэлхийн учир явдал гэгч, тэр бүр санасанчлан бүтдэггүй юм шүү. Та нар хэрээн мэдэж, горио татсан дээр байхаа гэв. Түүнийг уурлахаар наад хоёр нь сандарч:
-За, за эгч минь, битгий уурлаж цухалд. Битгий муу сана. Бид тун багаасаа төрсөн эгч дүүс мэт явж ирлээ. Харин нүүрнээс далд биенээ шоолсон юм бий л байх. Чи санаа бодлоо шууд хэлбэл, бидний сэтгэл амарна гэсэнд Юань Ян:
-Санаасаад байх юм алга. Очихгүй л бол боллоо гэв. Пин Эр толгой сэгсэрч:
-Чи очихгүй гээд давахгүй. Да Лао егийн занг чи мэднэ дээ. Хэдийгээр чи Лао тайтайгийн дэргэдийн хүн боловч… одоогоор чамайг яаж ч чадахгүй боловч чи Лао тайтайг насаараа дагахгүй шүү дээ. Тэгэхээр тэндээс гарч түүнд очих л болно. Тэр үед түүний гарт орвол улам муу болно гэв. Юань Ян хүйтнээр инээмсэглэж:
-Лао тайтайг байгаа цагт би тэндээс нэг өдөр салахгүй. Тайтай маань тэнгэрт халилаа ч гэсэн би гурван жилийн бэлэвсрэл зарлана. Эхээ үгүй болмогц эм эргүүлэх хүнгүй болно. Гурван жилийн дараа байдал ямар болохыг одоо мэдэхгүй ч тэр үед нь мэднэ дээ. Мухардлын туйлд тулбал гэзгээ авахуулаад сахил хүртэж чавганц болно. Эсвэл үхэх зам гэж бэлэн юм бий. Энэ насандаа эрд очихгүй боловч санаа амар явна даа гэв. Цаад хоёр нь инээж: “Энэ өлөгчин үнэхээр нэр нүүргүй юм. Байсаар бүр амны зоргоор ярьдаг болох нь” гэв. Юань Ян:
-Нэгэнт ийм болсноос хойш юунаас ичих юм бэ. Та нар итгэхгүй байгаа бол харж байгаарай. Тайтай, миний эцэг эхтэй уулзаж хэлэлцэнэ гэж байна лээ. Би түүнийг Нанжинд эрээд очихыг нь үзэх юмсан гэсэнд Пин Эр:
-Танайхан, энд биш тэнд байгаа ч олдоно шүү дээ. Одоо танай ах, бэргэн хоёр чинь энд байгаа биз дээ. Харамсалтай нь, чи чинь энд төрсөн гээ биз дээ гэсэнд цаадах нь:
-Энд төрсөн бол яадаг юм бэ. “Ус уухгүй үхрийн толгойг дарна” гэгч болох нуу. Би түүнд очих дургүй бол эцэг эхийг минь алах уу гэж асуув.
Тэднийг ийн үг сөргөлдөж байтал Юань Янгийн бэргэн эгч тэндээс ирж явав. Ши Рэнь: “Тэд нар эцэг эхийг чинь олохоос нааш бэргэнийг чинь олж дээ” гэв. Юань Ян: “Хэргийн эзэн, хэнгэрэгний дохиур энэ янхан эм тийм үг сонсвол зусардан дагахгүй байж чадах уу” гэтэл цаадах нь хүрээд ирэв. Бэргэн инээж:
-Хаа эс эрэв ээ. Охид нар энд байжээ. Алив чи нааш ир. Чамтай ярих юм байна… гэхэд нь Пин Эр: “Энд суу” гэсэнд бэргэн: “Охид та нар суу. Би энэ охинд нэг юм хэлэх гэсэн юм” гэсэнд Ши Рэнь, Пин Эр хоёр үл мэдэгч царай гарган: “Юу ярих гээд ингэж яарна вэ? Бид энд оньсого таалцаж сууна. Тоглоомоо дуусчихаад очъё” гэсэнд бэргэн: “Охид та нар суу. Би энэ охинд нэг юм хэлэх гэсэн юм” гэсэнд Юань Ян: “Юу ярих гээв. Түүнээ хэлээч дээ” гэв. Бэргэн инээж: – чи нааш ир, тэнд очоод хэлье. Тун сайхан үг гээд зайд гарах гэв. Юань Ян “Тайтай чамд юм хэлээ юү” гэсэнд бэргэн инээж:
-Охин чи мэдсэн юм уу. Алив наашир. Би чамд тодорхой хэлж өгье. Чухамхүү тэнгэрт тулсан их баяр шүү гэв. Юань Ян ухасхийн босож, бэргэнийхээ нүүр рүү нулимаад, хуруугаар чичин хараагаад:
-Чи тэр хөндлөн бөгсөө тас хавчаад, хурдан тонилбол дээр байх шүү. Юуны чинь сайхан үг, юуны чинь их баяр вэ. Хүний шивэгчин бага эм нь болж, гэр хотлоор түүндээ эрдэж, дур мэдэн сэгсэгнэж, айл гэрээрээ бага эм нь болсон мэт аашлахыг хараад, тачаадан нүд чинь улайгаад байсан нь, намайг бас халуун галд түлхэх гэж бодож байжээ. Би нэр нүүр олоход хүрвэл та нар гадуур дур мэдэн донхолзож биесээ нагац Лао е болгож огсолзох нээ. Хэрэв би тийм болохгүй бол та нар сүүлээ хавчаад ганхийх үггүй, үхэж сэхэх нь ганц миний хэрэг болж дуусах уу гэж хэлээд уйлсанд Ши Рэнь, Пин Эр хоёр аргадав. Түүний нүүрт бэргэн нь гараа хүргэсэнд:
-Дуртай, дургүйгээ би өөрөө мэднэ. Хамаа намаагүй хадарч хавирах хэрэг байхгүй. “Сохрын газар нүдээ” гэдэг үгтэй юм шүү гэсэнд бэргэн:
-Энэ охин намайг хараахад би хариу хийж чадахгүй. Энэ хоёр охин чамд халдаагүй байхад, дэмий л “бага эм” ийм, тийм гэвэл хүн нүүрээ хаана хийнэ вэ” гэсэнд Пин Эр, Ши Рэнь хоёр сандран:
-Чи харин ийм үг бүү хэл. Энэ бидний хэлсэн ч биш. Чи харин хамаа намаагүй юм ярьж, шахах хэрэггүй. Аль нэгэн тайтай, даяа биднийг бага эмээр өргөмжилснийг сонсов уу. Бид хоёрт ч, ер нь бидэнд дур зоргоор гайхуулах эцэг эх, ах дүү энд байхгүй шүү. Чи тэр хараах дуртай хүнээ л хараатугай. Биднийг битгий илүү үз гэж хэлэв. Юань Ян:
-Энэ надаар хараалгаад нүүр хийх газаргүй болохоороо та хоёрыг өдөж байгаа юм. Ашгүй та хоёр мэдлээ. Би уурандаа тодорхой ойлгосонгүй. Энэ муу чинь үгийн өө сэв андахгүй гэсэнд бэргэн нь нүүр хийх газаргүй болсноо мэдээд шалавхан явж одов. Юань Ян уурандаа Түүний хойноос харж хараасаар байсанд цаад хоёр нь хорьж тайвшруулав. Пин Эр: “Чи түрүүнд тэнд яагаад нуугдав. Бид хоёр ер хараагүй шүү” гэж Ши Рэнээс асуусанд:
-Би дөрөвдүгээр авхайн гэрт Бао Юйг эрж очсонд, тэр ам өлтөс явчихсан байв. Би замд яагаад таарсангүй вэ гэж бодоод Линь авхайнд очвол, тэд нар ирээгүй гэв. Тэгээд хүрээлэнгээс гарчихав уу гэж бодоод энд гайхаж байтал чи тэндээс айсуй харагдав. Би нуугдах гээд үзсэнийг чи харсангүй. Төдөлгүй Пин Эр бас хүрч ирэв. Би энэ модны цаадах хадны тэнд очлоо. Та хоёр ярьж л байна. Энд дөрвөн нүд байгаа мөртлөө намайг бас л үзэхгүй юм… гэтэл ард нь хүн инээд алдаж:
-Дөрвөн нүд чамайг олж үзээгүй бол зургаан нүд намайг олж харахгүй байна… гэсэнд зэрэг цочмоглон эргэж харвал, Бао Юй зогсож байв. Ши Рэнь:
-За чи мөн сайн эрүүллээ дээ. Хаагуур яваад байв аа гэсэнд цаадах нь:
-Намайг дөрөвдүгээр охин дүүгийн тэндээс гарч ирэхэд чи ирж яваа харагдсан юм. Бодвол намайг эрж яваа байх гэж сануут нуугдмар боллоо. Тэгсэн чи, дээгүүр хараад л дэргэдүүр өнгөрөөд хүрээлэн рүү орчихлоо. Энүүгээр тэрүүгээр яваад л хүнээс намайг сураад байхаар нь хүлээж байгаад эргэж ирэхээр нь сайн цочооё гэж бодлоо. Тэгсэн чинь, чи бас тэнд хүн хуурах санаатай байгаа шиг харагдлаа. Дөхөөд харвал, энэ хоёр байна. Тэгээд буцаж, цаагуур жаахан яваад, сүүлдээ чиний нуугдаж байсан газар ирсэн юмаа гэсэнд Пин Эр: “Бид чамайг түүгээр эрсэн шүү дээ. Энэ хоёр хүн мэдэж байгаа” гэсэнд Юань Ян, бидний яриаг цөмийг нь Бао Юй сонссон гэж бодоод чулуун дээр доош харан хэвтэж унтсан дүр үзүүлэв. Бао Юй түүнийг түлхэн инээж: “Чулуунд жигнүүлж байснаас гэртээ хариад хэвтвэл дээр бишүү” гээд Пин Эрийг харж: “Манайд очиж цай уу” гэж урив. Тэгээд цөмөөрөө И Хун Юань хүрээлэнд очицгоов. Бао Юй тэдний яриаг сонссон учир өрөөндөө ороод бодлогошрон хэвтэхэд цаадуул нь үүдний өрөөнд ярилцаж байв.
Шин Фүрэнь, Юань Янгийн эцэг эхийг Фөн Жэгээс асуусанд, тэрбээр: “Эцгийг нь Жинь Цай гэдэг юм. Тэд Нанжинд суудаг учир энд төдий л ирдэггүй юм. Түүний ах Вэнь Шиян одоо Лао тайтайгийн худалдаа хариуцдаг юм. Түүний эхнэр мөн л Лао тайтайгийн хувцас угаагчдыг ахалдаг юм” гэснийг сонсоод, мөнөөх эхнэрийг дуудуулж уулзжээ. Тэгээд эхнэр их баярлаж, Юань Янг олоод ярихаар бүх юм бүтнэ гэж бодоод их зоригтой очсон юмсанжээ. Тэгтэл санаандгүй юм болж, хараалгаж загнуулаад зогссонгүй Ши Рэнь Пин Эр хоёроор ч зэмлүүлж буцаад Шин Фүрэньтэй уулзсан ажээ. Тэр эхнэр: “Тэд намайг хараасан” гэж хэлэв. Фөн Же дэргэд нь байсан болохоор Пин Эрийн нэрийг хэлж чадахгүй мөртөө: “Ши Рэнь түүнтэй нийлж намайг зэмлэв. Эс бусын муухай үг хэлснийг нь эзэнд мэдүүлэхийн аргагүй. Тайтай, Лао етай зөвлөөд худалдан автугай. Тэр өлөгчинд ийм сайн заяа байхгүй бизээ. Маньд ч тийм их буян байхгүй биз” гэв. Шин Фүрэнь түүний яриаг сонсоод:
-Ши Рэньд ямар хамаа байна вэ. Тэр яаж мэдэв. Дэргэд нь хэн байсан бэ гэж асуусанд эхнэр:-Пин охин бас байсаан… гэсэнд Фөн Жэ:
-Чи юунд тас алгадаад хөөгөөд ирсэнгүй вэ. Тэр намайг гармагц явж л дээ. Намайг буцаад ирэхэд бас ирээгүй байсан юм. Тэр бас юү гэж байна вэ гэсэнд эхнэр:
-Пин охин харин дэргэд байгаагүй. Холоос л мөн шиг харагдсан. Би мөн л гэж бодсон юм гэв. Фөн Же хүн дуудаад: “Түүнийг олоод ир. Тайтай бас энд байна. Хурдан ир гэж хэл” гэсэнд төдөлгүй Пин Эр ирэв.
-Линь авхай, хүн явуулж гурав дөрвөн удаа дуудсан тул тэр сая очсоон. Харин найнайг хармагц би даруй очиж дуудсанд Линь авхай:
“Би түүнийг зовоох учир бий гэж найнайд хэлж өгөгтүн гэсэн юм” гэсэнд Фөн Же сая зогссон боловч амандаа: “Ямар учиртай гэж өдөр бүр түүнийг зовоосон гэнээ” гэж асуув.
Шин Фүрэнь арга буюу оройн хоолоо идээд, харьж Жя Шөд хэлсэнд тэрбээр жаахан бодоод. Жя Лянийг дуудан ирүүлж: “Нанжингийн гэр хүрээ хардаг Жинь Цайг дууд” гэв. Жя Лянь: “Эртийд Нанжингаас бичиг ирж Жинь Цайгийн зүрхний сүвийг цэр бөглөв гээд авсны мөнгийг хүртэл авсаан. Одоо үхсэн, амьдыг мэдэхгүй, хэдий амьд байвч мэдээ сэхээгүй байгаа биз. Түүнийг дуудаж авчрах хэрэггүй. Хөгшин нь бас таг дүлий” гэв. Жя Шэ үүнийг сонсоод ягдан харааж: “Муу золбин ёсыг тэрсэлсэн хар гэрийн хадаас. Чи ийм л юм мэднэ дээ. Хурдан зайл” гэсэнд Жя Лянь огло үсрэн гарав. Дараа нь Жинь Вэй шияныг дуудав. Жя Лянь харьж ч чадахгүй. Эцгийндээ очиж ч чадахгүй болоод гадаах бичгийн өрөөнд очиж суув. Жинь Вэй шиянийг хүрч ирсэнд зарц хөвгүүд шууд хоёрдугаар хаалганаас дотогш дагуулан орсоноос хойш хэдэн тогоо цай чанахын хэр болоод гарч одов. Жя Лянь баахан байгаад Жя Шэг унтсан хойно буцаж ирэв. Орой Фөн Же хэлж өгсний дараа, юу болоод байгаагийн учрыг сая ойлгов.
Энэ шөнө Юань Ян нойргүй хонов. Өглөө нь мэдвэл ах нь Жя Мүд хэлээд түүнийг гэртээ аваачиж юм үзүүлэх болсныг мэдэв. Юань Ян тэднийд очих дургүй байсан боловч Жя Мү сэжиг авуузай гэж бодоод дуртай дургүй явав. Ах нь Жя Шэгийн үгийг түүнд хэлж, нэр нүүртэй болоод л гэрийн эзэн болох гэж байна гэж ойлгуулахыг оролдсонд цаадах нь шүд зуун эсэргүүцэв. Ах нь арга буюу Жя Шөд очиж хэлсэнд цаадах нь уурлаж:
-Миний үгийг эхнэрээрээ түүнд хэлүүл гэж би чамд хэлсэн. “Эртний Цан Э дагина орь залуусыг хайрлана” гэгчээр тэр лав намайг хөгширсөн гэж голоод агь нарт дурласан байж мэднэ. Бараг Бао Юйд санаатай байх. Жя Ляньд ч бас магадгүй. Ингэж байгаа бол эртхэн горио татах хэрэгтэй. Над эс ирвэл хожим хэн түүнийг аймшиггүй авч чадах вэ. Энэ бол зөвхөн нэг тал нь. Бас Лао тайтай түүнд хайртай тул хожим гаднаас нэг сурвалжит айлд гуйлгах санаатай байж болно. Сайн бодож үзэх хэрэгтэй. Хожим хэнийд очсон ч миний гараас мултарч чадахгүй. Үхвэл харин яамай. Эсвэл насаараа эрдэс гарвал би харин биширнэ. Тийм биш бол эртхэн горьдлогоо зогсоовол харин дээр гэж хэлж өгөгтүн гэсэнд Вэнь Шян түүний үг бүрийн тоогоор жа, жа гэж хүлээнэ. Жя Шө:
-Чи намайг битгий мэхэл. Маргааш тайтайгий чинь илгээн Юань Янгаас асуулгана. Та нар нэгэнт хэлээд тэр эс дагавал та нарт буруугүй. Харин тэр дагахад хүрвэл та хар толгойгоо хичээгтүн гэв. Жинь Вэнь Шиян харихдаа, эхнэрээр дамжуулах ч хэрэггүй, өөрөө шууд хэлье гэж шийдээд Юань Янд Лао егийн хэлсэн үгийг хэлсэнд цаадах нь уурлаад, үг хэлэх аргагүй болгов. Тэрбээр:
-Би тэднийд очих дуртай байлаа ч гэсэн “Та нар надтай хамт Лао тайтайд очиж мэдүүлэх ёстой гэсэнд ах, бэр хоёр нь, өөрсдийн үгийг дагалаа гэж бодон баярлаж, дүүгээ дагуулаад Луо Жя Мүтай уулзахаар очив. Тэднийг очиход, Ван Фүрэнь, Шюэ Има, Ли Шэнь, Фөн Же, Бао Чай түүний эгч дүүс, бусад нүүр талтай авгай нар элдэв хоёрыг хөөрөлдөн хөхрөлдөж байв. Юань Ян, бэргэнийгээ хөтөлж Жя Мүд дөхөн очиж сөгдөөд уйлснаа болсон явдлыг тоочин хэлэв. Шин Фүрэнь юу гэж хэлсэн, хүрээлэнд бэргэн нь очоод яаж аягласан, өнөөдөр ах нь яаж ятгасан зэргийг нэгэнд нэгэнгүй тоочоод:
-Намайг зөвшөөрөхгүй байгаа болохоор Лао е “Бао Юйд санаатай” эсвэл гаднын хүнээр гуйлгах бодолтой, намайг насандаа өөрийнхөө гараас гаргахгүй, намайг тэнгэрт гарсан ч атгандаа заавал оруулна. Хэзээд өшөө авна гэж манай ах, бэргэн нарт хэлсэн байна. Тийм болохоор би нэгэнт шийдлээ. Түүнээ олны өмнө хэлье. Бао Юй /хаш/ байтугай, Бао алт, Бао мөнгө, Бао махранз, Бао хаан байлаа ч, би л энэ насандаа хүнд очихгүй бол боллоо. Лао тайтай намайг албадаж, хоолой дээр хутга тавьсан ч тэр, зарлигийг дагаж чадахгүй! Лао тайтайг халамжлан сувилж, хожим тэнгэрт дэвшсэн хойно ч би эцэг эх ах нарыг дагахгүй. Нэг бол амиа хорлоно. Эсвэл гэзгээ хусуулаад чавганц болно. Та нар миний үгэнд үнэмшихгүй, элдэв үгээр аргалж байна гэж бодож байгаа бол дээр түмэн нүдэт тэнгэр, нар, сар, орон дэлхий овоо бунхан харж байгаа. Хэлсэнээ зөрчвөл ингэж хэлсэн хоолойг минь сахуу яр бөглөтүгэй гэж эрс шууд хэлэв. Тэгээд тэрбээр ханцуйнаасаа хайч гаргаад гэзгээ задлан, хайчилж эхлэв. Жя Мү, түүний үгийг сонсоод хилэгнэж, хамаг бие нь чичрэн, амандаа, надад арай гэж нэг ийм итгэлтэй хүн үлдээд байтал тэд бас амар байлгахгүй нь ээ гэж үглээд Ван Фүрэньд хандан:
-Та нар намайг мэхэлсээр ирсэн ажгуу. Өнгөн дээрээ ачилж, далдуур авах санаатай. Сайн л юм байвал ирээд аваачна. Сайн хүн байвч мөн ирж авна гэнэ. Ганц энэ бяцхан охин үлдээд… би үүнд сайн тул та нар тачаадаад надаас салгаж, намайг санааныхаа зоргоор дарлая гэж бодож байна гэж хэлэв. Ван Фүрэнь үгийн хариу хэлж чадахгүй босон зогсов. Түүнийг зэмлэж байхыг хараад Шюэ Има бас аргагүйднэ. Тэгтэл Ли Шэнь эгч дүүсийг аваад гарав. Ухаалаг Тань Чүнь, Ван Фүрэнийг хилсдүүлж байна гэж бодовч аймшиггүй яаж өмөөрч чадах вэ. Шюэ Има бол төрсөн дүү нь болохоор бас маргаж, өмөөрч болохгүй. Бао Чай бас нагац эгчээ өмгөөлж болохгүй. Ли Шэнь, Фөн Же, Бао Юй нар бас маргаж чадсангүй. Уг нь охид л ирж хориглох хэрэгтэй байтал Ин Чүнь номхон бөгөөд Ши Чүнь нь бага хүүхэд. Тэд цонхны гадаа баахан зогсож байснаа орж ирээд Жя Мүг харж: “Энэ хэрэг тайтайд ямар хамаа байна. Лао тайтай бодож үзээч. Их авгын учрыг бага авга бэргэн яаж мэдэх юм бэ” гэв. Жя Мү инээж:
-Би үнэхээр зөнөжээ. И тайтай намайг битгий элэглээрэй. Чиний энэ эгч, үнэхээр шударга ачлалтай хүн. Манай тэр их тайтай мэт үргэлж Лао егаасаа айж хадам эхийн өмнө царайчлан суух төдий биш. Би харин үүнийг хилсдүүлчихлээ гэв. Шюэ Има тэрхэндээ за гэснээ:
-Лао тайтай алагтай үзэж, бага бэрээ илүү хайрлах явдал ч байдаг юм шүү гэсэнд Жя Мү алаггүй гэснээ
-Бао Юй минь ээ, би чиний эхийг хилс зэмлэж байхад чи яагаад надад хэлэхгүй байна вэ. Харсаар байтал эхийг чинь хилсдүүлж байна шүү дээ гэсэнд Бао Юй инээж:
-Би ээжийгээ өмөөрөөд, Да Ниянийг ярьж байх болж байна уу. Миний ээж ганц нэг бурууг эс хүлээвэл одоо хэн рүү түлхэх вэ. Би миний буруу гээд хүлээ гэвэл, Лао тайтай итгэхгүй шүү дээ гэсэнд Жя Мү инээж:
-Энэ ч мөн хэлдэг л үг. Тэгэхээр чи эхдээ хурдан сөгдөж, тайтай битгий гомдоорой, Лао тайтайгийн нас агширчээ. Бао Юйн нүүрийг бодогтүн гэж хэлэл дээ гэсэнд Бао Юй хурдан ирж сөгдөн юм хэлэх гэтэл эх нь татаж босгоод:
-Хурдан босооч, ингэж болохгүй. Тайтайгийн өмнөөс миний өмнө буруу хүлээх гэж байхгүй гэтэл хүү нь ч босов. Жя Мү инээж: “Энэ Фөн Же бас сануулахгүй яасан юм бэ” гэсэнд цаадахь нь, “Би харин Лао тайтайгийн бурууг хэлээгүй байтал тайтай намайг хараатах вуу” гэж асуув. Жя Мүнийтэд
-Энэ ер нь үнэхээр сонин болжээ. Энэ “Бурууг” харин сонсъё гэсэнд Фөн Жэ
-Хэн Лао тайтайг, хүнийг сайхан засаж, залагтун гэсэн юм бэ. Арилгасан сонгино шиг болтол нь засаад, яахаараа хүн авна гэхэд буруутгадаг юм бэ. Завшаанаар би ач бэр болжээ. Ач хөвгүүн болсон бол эрт авчихуй бас өдий болтол хүлээнэ үү гэв. Жя Мү: “Энэ бас миний буруу болов уу” гэсэнд Фөн Жэ: “Лао тайтайгийн буруу болох нь мадаггүй” гэв. Жя Мү,
-Ийм болохул би авахгүй, чи автугай гэсэнд Фөн Жэ:
-Энэ төрөлдөө залбирсугай. Ирэх төрөлдөө эр болж төрөөд ирж авъя гэв. Жя Мү инээж:
-Чи аваачаад, Лянь Элийн дэргэд байлгавал тэр нүүргүй хадам эцэг чинь бас авна уу гэсэнд Фөн Жэ:
-Лянь Эрийг Пин Эр бид хоёр шиг “Хатсан борцноос” өөр амьтан хэрэглэхгүй гэсэнд хүмүүс хөхрөлдөв. Энэ үед нэг шивэгчин ирж: “Их тайтай ирлээ” гэсэнд Ван Фүрэнь яаран угтаж гарав. Юу болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт унштугай.