Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Түүхийн амьд гэрч

Түүхийн амьд гэрч

Вьетнамын дайны үеэр бөмбөгдөлтөд өртсөн охин тосгоны замаар хашхиран гүйж буй зураг дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

1972 оны зургадугаар сарын 8-нд тосгоныг бөмбөгдөх үеэр өтгөрүүлсэн бензинд аймшигтай түлэгдсэн есөн настай Пан Ти Ким Пукт амьд үлдэх магадлал тун бага байв. Тэр өдөр Өмнөд Вьетнамын цэргүүд Хойд Вьетнамын цэргүүдэд эзлэн авсан тосгоны дээрээс бөмбөг хаяхад Ким цэргүүд болон тосгоны зарим иргэдтэй түр хоргодох газар руу явж байжээ. Гэтэл Өмнөд Вьетнамын цэргүүд тэднийг дайсантай андууран бөмбөгдсөн юм. Бөмбөгдөлтийн үеэр Кимийн хоёр үеэл болон тосгоны өөр хоёр хүн амиа алджээ. Ассошиэтед пресс агентлагийн гэрэл зурагчин Ник Ут энэ аймшигтай хэргийн гэрч болж, түлэгдсэн охины амь тэмцэн гүйж буй агшныг гэрэл зургийн хальсанд буулгасан.

Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон түүхэн зураг 1972 оны дэлхийн хэвлэлийн оны шилдэг зургаар шалгарч, 1973 онд түүнд Пулитцерын шагнал авчирсан юм. Энэ зураг зөвхөн Вьетнамын дайн төдийгүй дайн самууны талаарх төсөөллийг орвонгоор нь эргүүлсэн юм. Дээрх аймшигтай үйл явдлын хохирогч болсон Ким хожим нэгэн ярилцлагадаа “Халуун байна, халуун байна” хэмээн хашхиран гүйж байснаа санаж байна” хэмээжээ.

Охин Сайгоны эмнэлэгт 14 сар хэвтэж, 17 удаа хагалгаа хийлгэсний эцэст хөл дээрээ босч, тосгондоо эргэн очсон юм. Гэрэл зурагчин Ник Ут Сайгоноос явах хүртлээ охиныг байнга эргэж очдог байсан гэдэг. Ник Ут энэ зургийн ачаар олон улсад алдартай болсон бөгөөд хожим Пулитцерын шагналыг хүртсэн юм.

1972 оны зургадугаар сарын 12-нд Кимийн зураг хэвлэлд нийтлэгдэхэд АНУ-ын Ерөнхийлөгч агсан Ричард Никсон жинхэнэ эсэхэд эргэлзэж, эвлүүлэг гэж бодсон гэдэг. Гэрэл зурагчин Ник Ут энэ тухай дурсахдаа “Тэр гэрэл зураг XX зууны түүхэн гэрэл зургийн нэг болсон ч хэвлэлд нийтлэгдсэний дараа ерөнхийлөгч Никсон жинхэнэ гэдэгт эргэлзсэн. Тэр зураг бол Вьетнамын дайны хор хохирол шиг бодитой зүйл. Зураг дээрх айж балмагдсан охин одоо ч амьд сэрүүн байгаа бөгөөд энэхүү аймшигтай үйл явдлын амьд гэрч болж байна. Энэ үйл явдал биднийг үүрд өөрчилсөн юм” хэмээн дурсчээ.

1982 онд дээрх явдлаас хойш 10 жилийн дараа Германы нэгэн гэрэл зурагчин Кимийг олоход Вьетнамын коммунист Засгийн газар түүнийг коммунист суртал ухуулгад ашиглахаар Хо Ши Минь хотод дуудсан юм. Энэ бүхнээс болж Ким суралцаж байсан анагаахын их сургуулиа хаяхад хүрч, "Вьетнамын дайны бэлгэ тэмдэг" болсон тосгон руугаа буцжээ. Гэтэл 1986 онд Вьетнамын Засгийн газар түүнийг Куб руу явуулж, тэнд их сургуульд суралцах тэтгэлэг олгожээ. Ким Кубад суралцаж байхдаа вьетнам оюутантай танилцаж, сүй тавьжээ. Тэд 1992 онд гэрлэж, бал сараа Москвад тэмдэглэжээ. Гэвч буцах замдаа тэд онгоц түр зогссон Канадын нэгэн хотод үлдэж, тус улсаас иргэншил хүссэн юм. Канадын Засгийн газар тэдэнд иргэншил олгосон бөгөөд тэд хоёр хүүхэдтэй болж, Онтарио хотод амьдарч байна.

1972 оны аймшигтай үйл явдлаас олон жилийн дараа Ким тосгоныг бөмбөгдсөн нисгэгчийг уучилснаа олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр мэдэгдэлдээ “Уучлал намайг үзэн ядалтаас чөлөөлсөн. Би маш олон жил биедээ түлэгдэлтийн сорвитой, сэтгэлдээ шархтай явсан боловч сэтгэлээсээ энэ хар толбыг авч хаяж чадсан. Тосгоныг бөмбөгдсөн бөмбөг аймшигтай, хөнөөлтэй байсан ч итгэл найдвар, уучлал, хайр үүнээс илүү хүчтэй. Хэрэв хүн бүхэн нэг нэгнээ хайрлаж, ойлголцож, итгэж амьдарвал дайн дажин гарахгүй. Энэ зураг дээрх жаахан охин ингэж чадсан. Харин та өөрөөсөө асуугаарай” гэжээ.

 

Тэр цагаас хойш Ким өөрийн амьдралаа энхтайвныг уриалж, сурталчлахад зориулж яваа билээ.

1996 онд Вашингтон хотод болсон Вьетнамын дайны ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд Ким уригдаж, дайны хар өдрүүдийг дурсахдаа “Өнгөрснийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээж чадна” хэмээн ярьсан юм.

1997 онд Ким АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод өөрийн нэрэмжит сан байгуулсан жил НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагаас түүнийг сайн санааны элчээр томилсон билээ.

1999 онд Денис Чан түүний тухай намтарчилсан “Зураг дээрх охин” нэртэй ном бичиж, хэвлэсэн. Мөн Бельгийн хөгжмийн зохиолч Эрик Герц түүнд зориулж хөгжим бичсэн бөгөөд олсон орлогыг түүний санд хандивласан билээ.

2017 онд Ким “Галын шугам” нэртэй дурсамжийн ном бичсэн юм. 40 гаруй жилийн дараах дурсамждаа тэрбээр мартаж чаддаггүй аймшигтай өдрийн тухай болон ээжийнхээ хийж өгдөг байсан гоймонтой шөл, тосгонд гэрийнх гадна ургадаг байсан модноос гадил хэрхэн авдаг байсан тухайгаа дурсан ярьсан гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж