Цементэн шалтай, цонхоо гялгар уутаар хаасан байшинд бага насны гурван хүүхэдтэйгээ амьдардаг хөгжлийн бэршээлтэй ээжийн тухай мэдээлэл анх цахим сүлжээгээр цацагдахад олон хүн туслахыг хүссэн. Тусламж эзэндээ хүрснээр Г.Нарангэрэл хүүхдүүдийнхээ хамтаар одоо тохьтой амьдрах боломж бүрдээд байна.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ийн залуус, мөн ‘Монгол базальт’ компани гар сунгаснаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн залуус байшинг дулаалах ажилд /2018.02.03/ орж, засвар хийн тохижуулжээ.
Харин байшинд нь засвар хийх хугацаанд гэрийн эзэгтэйг гурван хүүхдийн хамтаар зочид буудалд түр байрлуулаад өчигдөрхөн гэрт нь авчирсан аж. Г.Нарангэрэлийн том охин нь дөрөвдүгээр ангид, дунд охин нь хоёрдугаар ангид суралцдаг бол бага хүү нь гурван настай.
“Олны хүч оломгүй далай” гэдгийг сануулах мэт байшин нь танигдахын аргагүй өөрчлөгдсөн байлаа. Г.Нарангэрэл нүүрэндээ инээмсэглэл тодруулан “Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ, чадах чинээгээрээ бидэнд тусаллаа. Засвар хийсний дараа гэртээ орж ирэхэд маш сайхан болсон байсан. Их гоё санагдсан. Ядаж л үр хүүхдүүд минь даарахгүй боллоо шүү дээ” гэв. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход тэрбээр гэрийнхээ үүдэнд сууж байсан юм. Энэ үеэр цөөн асуултад хариулт авлаа.
Г.Нарангэрэл: Эгч нь баярласандаа хэлэх үг олдохгүй нь
– Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр дулаахан байшинтай боллоо. Таны сэтгэгдлийг сонсвол?
– Хүний сайхан сэтгэл гэдэг энэ байх. Эгч нь баярласандаа хэлэх үг олдохгүй нь. Манайх өглөө босохоор цонх цанатчихсан, их даарч л босдог байсан. Одоо ёстой сайхан байна. Гал түлэнгүүт гэр пүнхийгээд хэчнээн сайхан болсон гээч. Тусалсан хүмүүстээ маш их баярлаж байна. Байшинг маань чулуун хөвөнгөөр дулаалсан гэж хэлж байсан. Одоо миний гурван хүүхэд хүйтэнд даарч бээрэхгүй гэж бодохоор л гоё санагдаж байгаа. Уйлмаар л байна шүү.
Энэ дашрамд надад сэтгэл гаргаж туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ талархаад баршгүй нь ээ. Сайхан сэтгэлт залуучууд маань баахан нүүрс түлээ аваад ирсэн. Бас болоогүй угаалгын машин, хөргөгч, гэр ахуйн хэрэгсэл бүхнийг л авч өгсөн. Дутуу юмгүй болсон.
Хорооны хоёр цагдаадаа маш их баярлаж байгаагаа хэлье, надад анх тусалсан юм. Хүний төлөө явдаг хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Та хүүгээ цэцэрлэгт оруулах юмсан гэж ярьж байсан?
-Би хүүхдүүдтэйгээ буудалд гурав хоноод өчигдөрхөн гэртээ ирлээ. Манай дунд охин ээжээ би удахгүй очиж гэрээ үзнэ гэж ярьсан. Говь-Алтайд сурдаг юм. Манай том охин одоо хичээлдээ явчихсан байгаа.
Миний хүү одоо гурван нас өнгөрч байна. Цэцэрлэгт оруулахыг хүсэхэд хорооныхон дараа жил оруулна гэж хэлсэн. Тухайн үед би хороо, цэцэрлэгийн ажилчдаас ‘Хүүхдийг маань цэцэрлэгт оруулаад өгөөч’ гэж зөндөө гуйсан ч бүтээгүй ээ. Болохгүй л байх шиг байна.
-Танай гэр бүл сардаа хэдэн төгрөгөөр амьдарч байна вэ. Та ажил хийх боломжгүй болохоор орлогогүй?
-Манайх гэдэг айл сардаа 210 мянган төгрөгөөр л амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэмжээр л болгож байгаа гэсэн үг. Тэр мөнгөрөө хоол унд, нүүрс түлээгээ л авдаг. Би өрх толгойлсон ганц бие ээж. Миний хань 2016 оны 11-р сард бурхан болсон. Тэгээд л амьдрах гэж үзээд явж байна. Энэ хугацаанд бидэнд зөндөө л олон хүмүүс тусаллаа. Хурдан биеэ эдгээгээд ажил хийх юмсан гэж бодож байгаа. Гэхдээ ажил хийе гэхээр бие өвдөөд байдаг, өвдөхгүй юм алга даа. Би Говь-Алтайд самнах машин дээр ажилладаг байлаа. 2002 онд ажилдаа явах гэж байгаад машинд дайруулсан юм. Түүнээс хойш ажил хийж чадахаа больсон. Тэглээ гээд хэдэн ах дүүгээ зовоолтой нь биш. Ямар сайндаа хүүгээ цэцэрлэгт өгчихвөл болох байх аа гэж л бодож байна. Манай хүүхдүүдийг асрамжид авна гэж хэлсэн. Яаж би хүүхдээ асрамжид өгөөд зогсож байх вэ дээ.
Утааны эсрэг ээж аавууд ТББ-ийн гишүүд санаачлан дөрвөн хоног өдөр шөнөгүй гэрийг нь дулаалжээ. Тэд энэ удаад дөрөв дэх айлдаа тусалж буй бөгөөд инженерүүдийн зөвлөснөөр байшингийн дулаан алдагдлыг 80 хувь хүртэл бууруулж чаджээ. Тус группийн гишүүдээс Г.Нарангэрэлийн байшинг дулаахад зориулж гурван сая төгрөгийн хандив цугларчээ.
Г.Нарангэрэлийн байшинг дулаахад зориулж гурван сая төгрөгийн хандив цугларчээ
Утааны эсрэг аав ээжүүд ТББ-ийн зохион байгуулагч Т.Мандахжаргал “Монгол Базальт ХХК-ийн захирал Л.Ариунболд байшингийн доторх дуулаалга чулуун хөвөнг бүгдийг нь хандивласан. Манай группийн гишүүдээс угаалтуур, хайруулын таваг, будаа агшаагч гэх мэт зүйлийг бэлэглэсэн. Бид нар Базальт компанийн өгсөн чулуун хөвөнгөөр шалыг 20 см, хаалга 15см, дээврийг 15см-аар дулаалсан. Ингэхдээ хуучин зуухыг нурааж, шинээр зуух барьж өгсөн байгаа. Удахгүй цаг агаар дулаархаар байшингийнх нь гадна талыг засварлана гэсэн төлөвлөгөөтэй байна. Харин хандиваар цугларсан мөнгөөрөө хэрэгтэй юмыг нь аваад өгчихсөн. Одоо багахан мөнгө үлдсэн байгаа. Тэрийгээ бэлнээр нь Г.Нарангэрэл эгчдээ өгье гэж ярьсан” гэв.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ