Д.Хаянхярваа: Сошиал арай хэтэрч байна

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Сошиал арай хэтэрч байна

Д.Хаянхярваа: Сошиал арай хэтэрч байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.02.07/ хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Сошиал орчин арай хэтэрч байна. Хүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэдэг, нийгмийг хагалан бутаргах хэрэгсэл боллоо. Бид анхаарахгүй бол ирээдүй хойч үед маань сөргөөр нөлөөлнө. Цаашид хүнээр хүн хийж чадахгүйд хүрэх вий. Энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирээч.

Хоёрдугаарт, Төрийн шагналын хуульд өөрчлөлт оруулмаар байна. Хөдөө орон нутагт уут уутаар нь “Алтан гадас” өгч байна гэнэ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан настангуудыг хараад өрөвдлөө. Ажил хийж, зүтгэж явсан ахмадууд нь тэмдэг зүүчихсэн, нөгөөхөө шагнал гээд ойлгочихсон явж байх юм. Гэтэл насаараа архи уусан, ажилгүй нөхөр “Алтан гадас” авлаа гэж хошигнож байна.  Иргэдтэй уулзалт хийхээр “шагнал авах гээд тодорхойлолтоо өгсөн, яриад өгөөч” гэх юм. Энэ асуудалд анхаараач.

Гуравдугаарт, УИХ-д орж ирж байгаа асуудлаар улстөрждөгөө зогсоож, эрүүл саруулаар харах нь зүйтэй. Хуулиудыг амьдрал дээр хэрэгжих талаас нь хармаар байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Тогтоолын төсөл дээр санал нийлэх ч юм бий, нийлэхгүй ч юм бий. Хаврын чуулганаар эдийн засгийн асуудал оруулж ирэхгүй юм уу. Эдийн засагт Засгийн газар анхааралгүй хандаж байгаа нь харагдаж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх 44 хуулийн төслийн жагсаалтыг харахад шийдэл биш гэдгийг Г.Занданшатар сайд болох хэрэгтэй. Засгийн газар УИХ-аас агаарын бохирдолтой тэмцэх тогтоол гаргасан. Гэтэл Цэвэр агаарын тухай хууль байхгүй байгаа нь УИХ-ын шийдвэрийг зөрчиж байгаа мэт харагдаж байна.

Татвартай холбоотойгоор Төсвийн тухай хуулийг өөрчлөх ёстой ч, орж ирээгүй байна. Төсвийн хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Ардчилсан нам дэмжихгүй байна. Гишүүдийн ёс зүй, хуралдааны дэгтэй холбоотой зохих өөрчлөлт оруулах цаг болсон. УИХ-ын нэр хүнд зарим гишүүдийн ёс бус үйлдлээс болоод УИХ-ын нэр хүнд унасан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль унасан байхад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн шинэчилсэн найруулгын төслийг оруулаад ирчихсэн байна. Энэ хоёр төслийг хасах саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хаврын чуулганаар унаад байгаа парламентын нэр хүндийг сэргээхгүй бол төрийн хямрал гудамжны хямрал болох нь. 65 судалтай УИХ ажил хийх ч юм шиг, үгүй ч юм шиг. Энэ байдал чинь ард түмний дургүйг хүргээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирээд эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэлээ. Үндсэн хуулийн үзэл санаанд бусад хууль нийцэх ёстой. Гэтэл шинэ Үндсэн хуулийн үзэл санаагаар батлах юм уу, хуучин үзэл санаанд нь тулгуурлаж хуулиудыг батлах юм уу. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж байна шүү. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг оруул, бусдын кноп дардаг хүмүүст хариуцлага тооцох асуудал ярь. Ардын намын залуу хүчирхийллийн асуудалд холбогдохоор дуугүй байдаг, С.Баяр асуудалд орохоор дуугүй байдаг. Хулгайн асуудлаа УИХ-аар ярихгүй бол УИХ-ыг тараах асуудлыг Цагаан сарын дараа нь ярина. Эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой нэг ч хуулийн төсөл алга. Хэлэлцэх асуудлаа дуусгасан юм бол УИХ тарах хэрэгтэй. Бодитой хэлэлцэх хуулийн төсөл нэг ч алга. Одоо чуулган завсарлах хүртэл Засгийн газар нь ажил хийсэн болоод өнгөрөх гэж байна. Ийм байдлаар явах юм бол ард түмэн “хөдөлнө” шүү.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

-Шинэ Үндсэн хууль батлах гээд байгаа юм биш. Зарим нэг заалтад өөрчлөлт оруулах хүрээнд ярьж байгаа. Шинээр Үндсэн хууль батлах эрх хэмжээ ч байхгүй. Яагаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал оруулж ирсэн бэ гэхээр УИХ-ын тогтоол бий. Намрын чуулганаар хэлэлцээд, амжилт олоогүй тул хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулж байна. Бүх асуудал хуулийн хүрээнд хийгдэж байгаа. Яадаг ч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа бол хэлэлцэхээс өөр арга байхгүй.

Эдийн засгийн юм оруулаагүй байна гээд байх юм. УИХ-аар хэлэлцэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа оруулаад ирдэг бол хийж болно. Гэтэл бусад байнгын хороодоос санал аваад, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хүрээнд асуудал орж ирж байгаа гэдгийг хэлмээр байна.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжив. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж