“Пёнчан-2018”: Олимпийн хөтөлбөрт дөрвөн төрөл нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

“Пёнчан-2018”: Олимпийн хөтөлбөрт дөрвөн төрөл нэмэгдэнэ

“Пёнчан-2018”: Олимпийн хөтөлбөрт дөрвөн төрөл нэмэгдэнэ

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын нээлт ирэх баасан гаригт болно. Энэ удаагийн олимпийн наадамд шинээр спортын дөрвөн төрөл нэмэгдсэн бөгөөд тэдгээрийг танилцуулж байна.

Кёрлингийн холимог хос төрөл: Кёрлингийн спорт нь анх 1924 оны Шамони өвлийн олимпийн хөтөлбөрт багтаж байсан боловч түүнээс хойш 1998 оны Наганогийн өвлийн олимп хүртэлх хугацаанд олимпийн хөтөлбөрөөс хасагдаад байсан. 1998 оноос хойш 2002, 2006, 2010, 2014 оны өвлийн наадамд зөвхөн эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байв. Тэгвэл энэ удаагийн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмаас эхлэн хоёр тамирчнаас бүрдсэн холимог хос төрөл олимпийн хөтөлбөрт багтаж байна. Кёрлингийн холимог хосын төрлийн тэмцээн хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, медальтнууд тодорно.

Гүйлтийн тэшүүрийн эрэгтэй, эмэгтэй бөөн гараа:

Гүйлтийн тэшүүр бол өвлийн олимпийн сонирхолтой төрлүүдийн нэг юм. Шамонид болсон өвлийн анхдугаар наадамд эрэгтэйчүүдийн 500, 1500, 5000, 10000 метр болон олон төрөлтөөр зохиогдож байсан. Улмаар 1960 оноос эмэгтэй төрөл нэмэгдсэн бол 1976 онд 1000 м, 2006 онд багийн уралдаанууд олимпийн хөтөлбөрт шинээр багтсан. Тэгвэл энэ удаагийн Пёнчаны өвлийн олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй багийн бөөн гараатай уралдаан анх удаагаа явагдана. Энэ уралдаанд 400 м-н тойрог бүхий уралдааны замд 24 тэшүүрчин нэгэн зэрэг гараанаас гарч уралдах юм. Масс старт буюу бөөн гараатай уралдаан нь хоёрдугаар сарын 24-ний өдөр медалийн эздээ тодруулна.   

Альпийн ски буюу уулын цанын багийн төрөл:

1936 оны Гармиш-Партенкирхены өвлийн олимпийн наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт багтсан уулын цанын спорт нь доунхилл, слалом, жиант слалом, супер-жи болон комбинэт гэсэн төрлүүдээр зохиогдож ирсэн. Тэгвэл энэ удаагийн өвлийн олимпийн наадамд анх удаагаа холимог багийн уралдаан багтаж байна. Баг тус бүр эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчнаас бүрдэх бөгөөд уралдаан нь слалом төрлөөр шууд хасагдах журмаар явагдана. Медалийн эзэд хоёрдугаар сарын 24-нд тодорно.

Сноубордын биг эйр төрөл: Өвлийн олимпийн наадмын хамгийн залуу спорт бол сноуборд юм. ХХ зууны сүүлчийн өвлийн олимп болох “Нагано-1998” олимпийн хөтөлбөрт багтаж байсан сноуборд нь Пёнчаны өвлийн олимпийн хөтөлбөрт биг эйр гэсэн шинэ төрлөөр нэмэгдэж байна. Экстрем спортын энэхүү төрөл нь хоёрдугаар сарын 23-24-нд болж, медалийн эздээ тодруулна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж