Жагсахаар цугласан ч торгуулахгүйн тулд тарав

Хуучирсан мэдээ: 2018.02.07-нд нийтлэгдсэн

Жагсахаар цугласан ч торгуулахгүйн тулд тарав

Жагсахаар цугласан ч торгуулахгүйн тулд тарав

Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөнийхөн  өнөөдөр /2018.02.07/ Сүхбаатарын талбайд ээлжит  цугларалтаа хийлээ. Тэд долоо хоног бүрийн гурав дахь өдөр Сүхбаатарын талбай дээр цуглаж үзэл бодлоо илэрхийлэн “гэр хорооллоос ярьж байна” гэх  цахим хуудсан дээр лайв хийдэг  аж.

Сүхбаатарын талбайд өнөөдөр 11.00 цагт  очиход 30 гаруй хүмүүс цугларчээ. Тэд ямар ч уриа лоозон барилгүй зогсоцгоож байв. Учрыг лавлатал холбогдох байгууллагад жагсаал цуглаан хийх хүсэлт хүргүүлсэн болов ч хариу ирүүлээгүй гэнэ. Зөвшөөрөл ирээгүй байхад жагсаал цуглаан хийвэл Зөрчлийн тухай хуулиар буруутгагдаж мөнгөн дүнгээр торгуулах учир тэд ийн зогсож байгаа аж. Дээрх хуулиар иргэн 150 мянган төгрөгөөр торгуулах заалттай аж. 

Тиймээс талбайд цугласан иргэд гэр хорооллыг хөгжүүлэхийг төр засгийнхнаас шаардав. Мөн гэр хорооллын иргэдийг төв талбайдаа ирж, үгээ хэлэхийг уриаллаа.

Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг

Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэгээс энэхүү цугларалтын талаар учрыг асуулаа. Тэрбээр “Төр засаг өнөөдрийг хүртэл гэр хорооллыг хөгжүүлэх талаар дорвитой ямар ч арга хэмжээ аваагүй. Гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэг нь дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгөх, хашааны газрыг барьцаалж иргэдэд хөнгөлөлттэй  зээл олгох асуудлыг хэлээд байгаа юм. Харамсалтай нь,  төр засаг юу хийж байна вэ гэхээр утаа арилгах нэрээр амны хаалт, агаар  цэвэршүүлэгч  утаагүй зуух утаагүй түлшний л бизнес хийж байна.

Гэр хорооллыг ядуу чигээр нь хар нүүрс түлж харанхуй гудамд амьдруулах нь улс төрчдөд ашигтай байгаа. Гэр хорооллын бид өөрсдийн сайхан амьдралын  төлөө өөрсдөө  л тэмцэхгүй бол хэн нэгэн дарга, сайд, улс төрчид гэр хорооллыг хэзээ ч хөгжүүлэхгүй гэдгийг ойлгоосой. Залуучуудыгаа бидний хөдөлгөөнд нэгдээсэй гэж уриалмаар байна’ гэв.

———————————————————————————————————————————————

Харин гэр хороололд тулгамдаад байгаа асуудлын талаар иргэд ийн ярьж байна

Чингэлтэй дүүргийн долдугаар  хорооны иргэн Б.Уранчимэг “Манай гэр 70 давхрын хажууд байсан юм. Дахин төлөвлөлтийн асуудлаар дүүргийн Газрын албанаас манайхтай нийлээд дөрвөн айлыг  нүүлгэсэн. Бид хэдийн одоо байгаа газар тоггүй, газрын бичиг ч гаргаж өгөөгүй болохоор тодорхой хаяггүй болчихоод байна. Холбогдох хүмүүст хэлэхээр бие, бие рүүгээ гүйлгээд бичиг баримт гаргаж өгөхгүй байгаа юм” гэв.

Сүхбаатар дүүргийн 11 хорооны иргэн Л.Ганхүлэг  гэр хорооллыг хөгжүүлэх  хөдөлгөөнөөс зохион байгуулж байгаа цуглааныг дэмжиж хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.

Тэрбээр өмнө нь гэр хороололд амьдарч байсан бөгөөд  одоо орон сууцанд амьдарч байгаа гэнэ. Гэсэн ч тэрбээр гэр хорооллын  шар нар, бор хоногийг сайн мэднэ гэж байлаа. Мөн “Гэр хорооллыг бид нар зөвхөн утааны асуудалтай холбож ойлгодог. Гэр хорооллоо хөгжүүлэхгүйгээр мянга сайхан зүйл яриад хэрэггүй. Дахин төлөвлөлтөө сайн хийж чадахгүй бол ядаж  иргэдэд хашаагаа  үнэлэх эрхийг нь чөлөөтэй олгох хэрэгтэй” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ш.Болд ‘Би гэр хорооллын жаргал зовлонг мэдэхийн дээдээр мэднэ. Өнөөдөр төр засгийн гаргаж байгаа шийдвэр болгон ард иргэдийгээ шахсан, боомилсон шийдвэрүүд  гарч байна. Хуучин намын үед гэр хорооллын иргэд газраа барьцаалаад 100 хувь байранд ордог байсан. Харин одоо газрыг 30 хувьд нь авна гэж байна. Гучин хувьд нь газраа өгөөд, үлдсэн 70 хувьд нь лизингээр байр авах  юм байна л даа. Би гэхэд дөрвөн өрөө байранд орно гэж бодож байсан бол одоо ганцхан өрөө байранд орох юм шиг байна. Түрүү  дөрвөн жилээсээ дахиад, дөрвөн жилээр ухарсан шийдвэр гаргах юм. Иргэдийнхээ газрыг ингэж хуурч авч болдог юм уу?” гэж бухимдангуй ярьж байлаа. 

Цугларалт 20 минут орчим үргэлжлэв. Зөвшөөрөл албан ёсоор аваагүй тул торгуулахаас эмээж, иргэд тарлаа. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж