"Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид Олимпийн тосгондоо очлоо.
Баг тамирчдыг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас угтан авч хүндэтгэл үзүүлэн, олимпийн наадамд амжилттай оролцохыг ерөөв.
Баг тамирчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгонд очиж байрлав.
Монголын баг тамирчдын олимпийн тосгон дахь анхны хурал өчигдөр /2018.02.06/ боллоо.
Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад Самсунг компаниас Note8 гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа бөгөөд манай тамирчид Олимпийн тосгонд байрлах тус компанийн салбараас гар утсаа хүлээн авчээ.
Гар утсанд рлимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл болон Олон улсын олимпийн хорооны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээллийг урьдчилан суулгасан аж. Мөн ОУОХ-ны тамирчдын комисст нэр дэвшигчдэд санал өгөх боломжтой ажээ.
ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнд Монгол Улсыг төлөөлөн 2008 онд Х.Эрдэнэт-Од, 2010 онд Х.Хаш-Эрдэнэ нар нэр дэвшин, өрсөлдөж байжээ.
Эх сурвалж: МҮОХ