Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд гааль дээр хураагдсан 860,000 еврогийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн 30 гаруй автомашиныг бульдозероор дайрчээ.
Филиппиний гаалийн байгууллага байгуулагдсаны 116 жилийн ойд зориулсан энэ үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Дутерте өөрийн биеэр оролцсон гэнэ.
Манила хот дахь гаалийн агуулахад бульдозероор дайрсан машинуудын дунд Jaguars, BMW болон Corvette Stingray зэрэг тансаг зэрэглэлийн асар үнэтэй машинууд байжээ. Хилийн чанадаас хулгайгаар тээвэрлэн оруулж ирсэн машинуудыг засгийн газрын шийдвэрээр хураан авсан байжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ арга хэмжээ авлигачид болон татвараас бултагчдад том сануулга болно гэж хэлсэн байна. Машинуудыг бульдозероор дайрч, эвдэлсний дараа “Одоо эднийг хаягдал төмөрт тушааж болно. Хууль завхруулагчид үнэтэй машин унаж болохгүй, харин ийм төмрийн сэгээр тоглоом л хийж болно ” хэмээн Дутерте хэлсэн гэнэ.
Филиппиний гаалийн байгууллага 2017 онд л гэхэд нийт 623 сая еврогийн хууль бус бараа хураан авсны дунд 2.11 сая еврогийн үнэ бүхий тансаг авто машинууд байжээ.
Эх сурвалж: Dailymail