“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлт ирэх баасан гаригт(2018.02.09) болох билээ. Энэ удаагийн наадамд Монголын гүйлтийн цанын хоёр тамирчин оролцох бөгөөд тэд өчигдөр БНСУ-ыг зорьсон.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг энэ жил тусгайлан хийгээгүй гэдгийг албанынхан тайлбарласан.
“Олимп, Азийн тоглолтуудын хувцасны зардлыг Олимпийн хороо гаргадаг. Харамсалтай нь энэ удаад олимпийн хороо зардал гаргах боломжгүй болж, манай газарт санал тавьсан. Бид эрх аван оролцож байгаа цанын тамирчдад тусгайлан хувцас бэлдээгүй” гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн.
Тэгвэл цанын тамирчдыг БНСУ-ыг зорихоос өмнө тэдний өмсгөл ил болж, олны анхааралд дахин өртсөн. Гэхдээ энэхүү хувцсыг Цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нар 2017 онд БТСГ-ын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэсэн байжээ. Олимп дөхсөн энэ үед тамирчдын хувцас шүүмжлэлд өртөж байсан ч тэдний албан ёсны хувцсыг ил болголоо. Энэ талаар ч Ц.Шарамжамц дарга тэвчээртэй зан гаргаж, чимээгүй сууж байснаа илэрхийлсэн юм.
Энэ удаагийн наадамд гүйлтийн цанын тамирчид 2 ба түүнээс дээш эрх авахыг зорьж ажилласан. Хэдийгээр “А” ангиллаас эрх авч чадаагүй ч тэд дараагийн олимпод үүнээс олон хүний бүрэлдэхүүнтэй уралдах болохоо хэлж байсан юм.
‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадамд гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д хурдаа сорино.
Б.Ачбадрах 2017 онд В ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Ч.Отгонцэцэг ‘Сочи 2014’ олимпийн наадамд хурд сорьсон туршлагатай тамирчид юм. Дасгалжуулагчаар ‘Турин 2006’, ‘Ванкувер 2010’ өвлийн наадамд уралдаж байсан Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.
Ч.БОЛОР