Их Британи хог хаягдал дахин боловсруулах хамгийн боловсронгуй систем гэгдэж буй Скандинавын туршлагыг нэвтрүүлэх гэнэ. Тереза Мэйн засгийн газрын зөвлөхүүд Скандинавын системийг нутагшуулснаар байгаль, далай тэнгист хаягдсан хуванцар хог хаягдлыг бууруулна гэж үзэж байгаа юм.
Норвегийн хуванцар сав, хог хаягдлыг 98 хувь дахин боловсруулдаг үйлдвэрлэлд чиглэсэн системийг судлахаар Их Британийн засгийн газрын төлөөлөгчид Норвегид очжээ.
Их Британид одоо хуванцар хог хаягдлын дөнгөж тал хувийг дахин боловсруулж байгаа аж.
Норвегийн энэхүү систем нь хуванцар хог хаягдлаас салах хамгийн хямд төсөр аргад тооцогдож байгаа юм.
Норвегийн Засгийн газар хог хаягдлын асуудлыг шийдэх ухаалаг арга сонгож авсан нь дахин боловсруулаагүй хуванцар сав болгонд татвар ноогдуулах байв. Харин үлдсэнийг нь хог хаягдал дахин боловсруулах бизнес эрхлэгчдэд даатгасан юм.
Норвегийн системийн гол онцлог нь хэрэглэгч худалдан авсан хуванцар сав болгонд том эсвэл жижиг хэмжээнээс хамааран татвар төлдөг.
Тэгээд хоосон хуванцар саваа бар код бүхий машинд тушааж, оронд нь баримт авна.
Хайхрамжгүй хэрэглэгч ундаагаа ууж дуусгалгүй савыг нь машинд хийвэл машин хуванцар савыг авах боловч хэрэглэгч биш, харин хуванцар савыг цэвэрлэсэн ажилтан баримтыг авна.
Хог хаягдлын ийм системийг Скандинавын орнуудаас гадна Герман, АНУ болон Канадад ашигладаг.
Норвегийн хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэрийн менежерүүд уг системийг Их Британид нэвтрүүлэхэд саад учрахгүй гэжээ.
Эх сурвалж: BBC