Японы гүнж Мако хуримаа 2020 он хүртэл хойшлуулсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Японы цог жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин 26 настай Мако коллежид хамт суралцаж байсан, хуулийн компанийн ажилтан Кэй Комуратай сүй тавьсан бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард хуримлах тухай зарласан билээ.
Гэвч сүй тавьсан хос хуримын бэлтгэлээ базаах цаг зав тун хомс байгаагаас хуримаа 2020 он хүртэл хойшлуулжээ.
Японы эзэн хааны гэр бүлийн гишүүдийн энэ оны төлөвлөгөө тун шахуу байгаагаас гадна эзэн хаан Акихито хаан ширээг залгамжлах залгамжлагчаа нэрлэх ёслолтой давхцаж байгаа тул сүйт хос ийм шийдвэр гаргажээ.
Гүнж Мако ‘Бидний хуримын ёслолд бэлтгэхэд чин сэтгэлээсээ тусалж буй хүмүүст төвөг удаж байгаадаа хүлцэл өчье” хэмээн мэдэгджээ.
Японы гүнж Мако жирийн ардтай гэрлэснээр гүнжийн хэргэм зэргээс татгалзах ажээ.
Гүнж Мако хуримаа хойшлуулсан нь сүйт залуугийн ээж санхүүгийн асуудалд орсон тухай хэвлэлд гарсан нийтлэлтэй огт холбоогүй гэж эзэн хааны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
2019 оны дөрөвдүгээр сард Японы цог жавхлант эзэн хаан Акихито хаан ширээнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, дараагийн залгамжлагчдаа шилжүүлэн өгөх юм. Японы түүхэнд анх удаа эзэн хаан хаан ширээнээс өөрийн хүсэлтээр татгалзаж буй нь энэ юм.
Акихитогийн ууган хүү хунтайж Нарухито хаан ширээг залгамжлах ажээ.
Эх сурвалж: BBC